Сүүлийн үед зарим шар хэвлэлээр Монголбанкийг буруушаах нь ихэсч буй. Ам.долларын ханш чангарсан нь Монголбанкны буруу гэх. Гэхдээ импортын эдийн засагтай манай улсад гаднаас зөөж авчирдаг “ногоон”-ы үнэ өссөний бурууг хэн нэгэнд тохох нь учир дутагдалтай. Монголбанк ам.доллар хэвлэдэггүй нь хэнд ч ойлгомжтой.
Зураг 1: ХНС-ийн бодлогын хүүгийн өөрчлөлт /2021-2022/
(Эх сурвалж: Federal Reserve)
АНУ-ын Холбооны нөөцийн банк он гарснаас хойш бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхий даяар ам.долларын суурь үнэ цэнийг өсгөж, хөгжиж буй орнуудын валютын ханшид дарамт үзүүлсээр буй билээ. Монгол Улс ч энэ тойргийн гадна байгаагүй. Ганц хөгжиж байгаа орнууд ч биш, хөгжингүй орнуудын валют хүртэл ноён долларын өмнө “бөхийж” эхэлж байгааг бид энэ өдрүүдэд иен, вон, евро, фунт стерлингийн ханшийн графикаас харж болохоор байна. Товчхондоо ам.долларын ханш өсч байгаа нь Монголбанк гэх ганц байгууллага, эсвэл Монголбанкны ерөнхийлөгч гэх ганц хүнээс болоогүй бөгөөд дэлхий даяар өрнөж буй үзэгдэл болоод байна.
Баримт түшвэл, 2022.09.20-ны өдрийн байдлаар ам.долларын ханш төгрөгийн эсрэг 14.6 хувиар суларсан бол БНСУ-ын вон 17.2 хувь, Евро 14 хувь, Японы иен 24.9 хувиар сулраад байна. Дайн байлдаантай буй Украины гривн ам.долларын эсрэг 35.4 хувь, эдийн засгийн гүн хямралтай, дефолтод ороод буй Аргентины песо 40.8 хувиар тус тус суларчээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш нийт 4 удаагийн шийдвэрээр 0.25 хувиас 2.5 хувь хүртэл огцом нэмэгдүүлээд байна. Түүнчлэн удахгүй болох гуравдугаар улирлын хурлаар ХНС бодлогын хүүг дахин 0.75 нэгж хувиар нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм.
Эдийн засагч Б.Түвшинтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөж байгаа нь бусад улсын валютыг сулруулах нөлөөтэй. Энэ нь бусад улсын импортыг үнэтэй болгохоос гадна ам.доллараар илэрхийлэгдсэн өрийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэжээ. Харин эдийн засагч С.Дэмбэрэл “Валют гэдэг бол үндэсний мөнгөн тэмдэгт хоорондын харьцаа. Энэ бол зах зээлийн зарчмаар шийдэгдэх учиртай” гэсэн юм. Ерөнхийдөө өнөөгийн нөхцөлд төгрөгийн ханш суларч байгаа нь нэгдүгээрт гадаад нөхцөл байдлаас хамааралтайн дээр ханш аль болох зах зээлийн зарчмаараа, уян хатан тогтох учиртайг учир мэдэх эрхэмүүд онцолжээ.
Монгол Улс жижиг, нээлттэй, уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс. Уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдвэл валютын орлого нэмэгдэж, тэр хэрээр ханш тогтворжино гэсэн үг. Өнөөгийн нөхцөл байдлыг харвал гадаад зах зээлийн хүчин зүйлсээс гадна дотооддоо уул уурхайн салбараа сэргээж чадаагүй л байна. Нүүрс экспортлож байгаа ч ихэнх төлбөрийг урьдчилж аваад, хэдийнэ үрчихсэн гэх. Уул уурхайн салбар 2019 оны эхний хагас буюу ковидгүй байх үетэй харьцуулбал 39 хувийн уналттай хэвээр байна. Үүний нөгөө талд дэлхий даяар өсч буй инфляцийн давлагаатай уялдан манай улсын импортын үнэ өссөөр буй.
Зураг 2: Төлбөрийн тэнцлийн алдагдал, сая ам.доллараар /2022 оны эхнээс 7-р сарын эцсийн байдлаар/
(Эх сурвалж: Монголбанк)
Экспортоо гаргаж чадахгүй, импортын өртөг өссөөр байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, тэр хэрээр гадаад валютын нөөцөд дарамт учруулах болсон нь нууц биш. Тоон статистик ч үүнийг бэлхэн харуулж байна.
Наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 2 тэрбум 695.6 сая ам.доллар байна. Энэ нь оны эхэн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан үзүүлэлт.
Одоогийн байгаа валютын нөөц Монгол Улсын импортын 4-5 хэрэгцээг хангахад хүрэлцээтэй. Олон улсын стандартаар энэ үзүүлэлт 3 сараас доош орж болохгүй. Хэрэв тэгэхэд хүрвэл олон улсын байгууллагуудаас тусламж гуйж, улс даяараа валютын хомсдолд орж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш жинхэнэ утгаараа “шалаар нэг” унана. Тийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд одооноос төв банк валютын нөөцөө л хамгаалах бодлого баримтлахаа мэдэгдлээ. Энэ нь цаашдаа сар бүр их хэмжээгээр интервенц хийж, ханшийг тогтворжуулаад байх боломж хомс болж байгааг илэрхийлсэн хэрэг.
Тэгвэл цаашид яах вэ. Ханшийн хариуцлагыг Төв банкнаас нэхэх нь шударга хэрэг биш юм. Гэтэл үеийн үед Төв банкны Ерөнхийлөгчийг “ханшаа алдсан” гэх үндэслэлээр буруутгах үзэгдэл байсаар ирсэн. (Төв банкны Ерөнхийлөгч нарыг ажлаа хүлээж авч байх үеийн дундаж ханшаар тооцов. Одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд томилогдсоноос нь хойш одоогийн байдлаарх ханшийг харьцуулав)
Тоон мэдээллийг харвал долларын ханш 2009 оны эхэнд 1270 орчим төгрөгтэй тэнцэж байж. Монголбанкны ерөнхийлөгчөөр Л.Пүрэвдорж ажиллаж байх үе. Түүнийг ажлаа өгөх үед буюу 2012 оны наймдугаар сард ханш 1359 төгрөгтэй тэнцэж байжээ. Дараа нь Н.Золжаргал Ерөнхийлөгчөөр томилогдоод, 2016 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Түүний үед ханш 1350 орчмоос 2000 орчим төгрөгт хүрсэн. Харин дараа нь Н.Баяртсайхан ажлаа аваад, 2019 онд чөлөөлөгдөхөд ноён ногооны ханш 2600 орчим төгрөгтэй тэнцэж байв. Одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ажлаа хүлээж авахад 2700 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 3265 болоод байна.
Эндээс харвал “ноён” долларын ханш Монголбанкны ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаагаас үл хамаарч байна. Ерөөс өөрсдөө үйлдвэрлэдэггүй, импортын хараат, экспорт нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай улсын “зовлон” үеийн үед үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш байсаар иржээ.
Тэгэхээр ханшаа тогтвортой байлгая гэвэл бид богино хугацаандаа экспортоо сэргээж, гаднаас ахиухан ам.доллар олж ирэхээс өөр гарцгүй. Харин дунд, урт хугацаандаа эдийн засгийн бүтцээ өөрчилж, импортлогч бус экспортлогч улс болох, экспортлоод шальдаггүй юм гэхэд импортын орцоо багасгаж, дотооддоо үйлдвэрлэдэг, нэмүү өртөг шингээдэг улс л болох хэрэгтэй байна.
Н.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ