ХААН Банкны "оюутнуудыг цалинтай дадлагажуулах хөтөлбөр” амжилттай хэрэгжлээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

ХААН Банкны "оюутнуудыг цалинтай дадлагажуулах хөтөлбөр” амжилттай хэрэгжлээ

ХААН Банкны "оюутнуудыг цалинтай дадлагажуулах хөтөлбөр” амжилттай хэрэгжлээ

Мэдээллийн технологи хүн төрөлхтний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж буй энэ үед цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк “Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг  амжилттай хэрэгжүүллээ.

Шинийг эрэлхийлэгч, бүтээлч залууст онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой энэхүү хөтөлбөрт 300 гаруй залуус хүсэлтээ ирүүлснээс таван үе шаттай сонгон шалгаруулалтын дүнд 17-24 насны шилдэг 26 оюутан, сурагч хамрагдахаар болжээ.

Энэ залуус сүүлийн гурван сарын хугацаанд ХААН Банкны мэдээллийн технологийн холбогдох газарт цалинтай дадлага хийж, энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр батламжаа гардан авлаа. Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудаас 10 оюутан ажлын байрны санал авлаа. Харин бусад оюутны хувьд сургуулиа төгссөний дараа ХААН Банканд ажилд орох боломж нээлттэй аж.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулах ёслолын үеэр ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “ХААН Банкийг бүрдүүлж буй баг бүр замнал, дараагийн хүрэх цэг, стратегиэ өөрсдөө тодорхойлж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоогоор нь ажилтнуудаа ханган, дэмжиж ажиллахыг зорьдог. Тийм ч учраас бид дараа дараачийн үеийн үзэл бодол, хүслийг банкны үйл ажиллагаа, зорилго зорилтод шингээхийн тулд залуусыг манай хамт олны нэг хэсэг болж, санасан бодсоноо туршиж үзэн, алдаж онож, өсөн дэвжээсэй гэж боддог. Бид өөрсдөө ч залуучуудаас суралцаж, тэднээс урам зориг аван, нас, хүйс, туршлага үл хамааран бүгд хамтдаа өсөн дэвжих хандлагыг байгууллагадаа бий болгож чадсан гэж итгэдэг. Тийм ч учраас сурагч, оюутнуудын хөтөлбөрт бид онцгой анхаарал хандуулж, шинэ эриний банкийг шинэ эриний боловсон хүчинтэй бий болгохыг урьтал болгож байна” гэж өгүүлсэн юм.

Мөн энэ үеэр Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд “Энэхүү хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж дууссанд маш их баяртай байна. Өнгөрсөн жил 18 залуусыг энэхүү дадлагажих хөтөлбөрт хамруулж байсан бол энэ жил 17 настай ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас авахуулаад төгсөх дамжааны оюутнууд гээд нийт 30 залуу ХААН Банканд мэдээлэл технологийн цалинтай дадлага хийлээ. Энэхүү хөтөлбөрийг дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд жил бүр цар хүрээ нь өргөжиж, хүсэлт ирүүлж буй хүүхүүдийн тоо нэмэгдэж байгаа нь залуучууд ажлын байран дээрээ суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлзэх болсон орчин үеийн хандлагыг харуулж байна. Залуусын сурч хөгжих хэрэгцээг хангахын зэрэгцээ, цахим үеийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх ажилд ХААН Банк ийнхүү хувь нэмэр оруулж байгаа нь байгууллагадаа ч,  улсдаа ч оруулж буй хөрөнгө оруулалт гэж үзэж байна” гэж онцолж байлаа.

Түүнчлэн ХААН Банкны Сургалт хөгжлийн газрын захирал С.Солонго “ХААН Банк нь өөрийн гэсэн технологио бүтээж, цахим шилжилт хийж байна. Өөрөөр хэлбэл, өдөр өдрөөр технологийн компани болон тэлж байгаа энэ үед шинэ мэргэжилтнүүд, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ тэлэх нь маш чухал. Энэхүү шилжилтийн хүрээнд стратеги зорилгын дагуу мэдээллийн технологийн салбарын оюутнууд чухалд тооцогдож байна. Үүнийг дагаад өрсөлдөөн их байгаа учраас оюутан залуусыг хөгжүүлэх шаардлага гарч буй. Тиймээс манай байгууллага мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутнуудад цалинтай дадлага хийх боломж олгосон” гэж хөтөлбөрийн талаар мөн онцолсон юм.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд орчин үеийн хамгийн шинэ, дэвшилтэт техник технологиуд дээр ажиллаж, банкны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд бодит хувь нэмрээ оруулсан тухай сэтгэгдлээсээ дадлагажигч Э.Анужин хуваалцахдаа “Энэ хөтөлбөрт хамрагдаад олон зүйлийг сурсандаа маш их баяртай байна. Өнгөрсөн 6-р сард дадлага хийхээр ирж байхдаа хүсэл тэмүүлэл дүүрэн байсан сэтгэлийг минь унтраалгүйгээр улам бадраасан хамт олон байлаа. Дадлагажих явцад биднийг зааж чиглүүлэн, сурч мэдэх боломж олгосонд баярлалаа” гэсэн юм.

Мөн дадлагажигч Д.Тэлмэн хэлэхдээ “Зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүслээр ХААН Банканд ажилд орохоор бүртгүүлэхдээ энэхүү хөтөлбөрийг мэдэн хөтөлбөрт хамрагдаж байсан. Дадлага хийхдээ мэдэж сурсан бүх зүйл маань цаашид надад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.  Би одоо гуравдугаар курст орно. Тийм болохоор дараа жилийн зун дахин энэ газарт дадлагаар ажиллах болно” гэлээ.

Ташрамд, чадварлаг, манлайлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх “Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж