Олон тэрбумын төслөөс илүү одоо явж буй автобусаа шинэчлэх чухал

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Олон тэрбумын төслөөс илүү одоо явж буй автобусаа шинэчлэх чухал

Олон тэрбумын төслөөс илүү одоо явж буй автобусаа шинэчлэх чухал

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэлийнхэн жил бүр олон тэрбумын төсөл санаачилдаг. Гэвч барилдахаас таахалзах нь их гэдэг шиг санаачилж, танилцуулж, маргалдаад л өнгөрдөг жишигтэй. Дүүжин тээвэр, метро үлгэр болсон юм аа гэхэд ядаж нийтийн тээврийн хүрэлцээтэй байдалдаа анхаарахыг иргэд хүсч буй. Анхаарч байна гээд ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа хүчээр явуулна гэсэн үг биш. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах хүрээнд бодсон ч автобус аюулгүй хэрэгсэл байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь Монгол Улсад стандарт шаардлага хангадаггүй, түүнд нь шаардлага тавьдаггүй ганц салбар бол нийтийн тээвэр. Хэдийгээр парк шинэчлэлтийг жил бүр хийж байгаа ч хуучин автобуснуудаа хэрэглээнээс халж чадахгүй байж түүний 10 хүрэхгүй хувийг шинэчлээд нэмэргүй.

Үүний балгаар өвлийн цагт замын голд зогсох, насжилт дууссан нийтийн тээврийнх нь эд анги гэнэт эвдрэх, олон цаг хөдөлгөөнд оролцож мотор нь шатах, хурдтай зорчиж явахад нь дугуй нь салж унах гээд эрсдэл их. Энэ бүхэнд олон хүний амь насны аюулгүй байдал яригдана.

Дээрээс нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ариун цэвэр, орчин нөхцөл бол гадаадын бусад улс оронтой харьцуулахад бэрх. Тиймээс түгжрэл бууруулах олон тэрбумын төслүүдээс илүү одоо явж байгаа хугацаа нь дууссан автобуснуудаа шинэчлэх чухал. Иргэдийн аюулгүй байдал төдийгүй их хотын өнгө төрхөнд халтай хуучин автобуснууд хэдий хүртэл үйлчилгээнд байсаар байх нь таашгүй. Тэгэхлээр мөрөөдлийн ажлын төсөлт хөтөлбөрүүдээ түр азнаж түүнд төсөвлөсөн хөрөнгө санхүүгээр нийтийн тээвэртээ парк шинэчлэлт хийх чухал.

Сүүлийн хагас жилийн дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байх үед автобус шатсан осол хэд, хэдэн удаа гарсан. Энэ нь нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах эрсдэл нүүрлэж буйн сануулга юм.

80 ТЭРБУМААР 600 АВТОБУС АВСАН Ч АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН АВТОБУСЫГ НӨХӨХГҮЙ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг 100 хувь парк шинэчлэлтэд хамруулж байж зорчигчдын аюулгүй байдал хангагдана. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон. Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дуусч, актлахаас өөр аргагүй болсон автобус нийтийн тээвэрт явж байгаа нь харамсалтай юм.

Гэтэл албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхгийг тодорхой хувиар нэмж байгаагаа мэдээлж, өнгө үзэмж сайтай, стандартын давхар автобус нэвтрүүлж байгаагаа ч олон удаа зарласан.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна.

Нийслэлээс өгсөн мэдээллээр энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч он дуусахаас өмнө 600 орчим автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй. Эхний ээлжид 75 шинэ автобус оруулж ирсэн.

Арваннэгдүгээр сард 200 гаран автобус орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Мөн нийслэлд үйлчилгээнд явж буй нийт автобуснаас 532-ыг нь үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Гэвч эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд  хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй гэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.

Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН 75 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭВ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобуснуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь. Ингээд нийтийн тээвэр иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлж буй жишээнүүдийг дурдъя.

2022.05 дугаар сар. Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна. Онцгойгийн алба хаагчид урьдчилсан байдлаар автобусны насжилттай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

2022.06 дугаар сар. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ.

2022.07 дугаар сар. Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ. Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан. Одоогоор автобусанд гал гарсан шалтгаан нөхцөлийг дүгнээгүй байгаа аж.

2022.08-09 дүгээр сар. Яармаг, Толгойт чиглэлийн автобусууд хөдөлгөөнд оролцож байхдаа нэг нь дугуй нь салж, нөгөө нь тормоз нь ажиллахаа больсноос автобусны зогсоолын бүхээг хэсгийг мөргөсөн осол гарсан.

Энэ мэтээр долоо хоног бүр нийтийн тээврийн автобус шатсан осол гарч байна. Үүнийг цагдаа, мэргэжлийн хяналтын барагтаа бол шалгадаггүй бөгөөд зөвхөн тухайн үйлчилгээний компани нь асуудлыг хариуцдаг. Эдгээр кэйсээс харахад иргэдийн амьд явах эрх актлах болсон автобусанд хүртэл зөрчигдөж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж