Манай Монголын мангаа нар!

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Манай Монголын мангаа нар!

Манай Монголын мангаа нар!

Долларын ханш өсөөд байгаа юм биш төгрөгийн ханш унаад байгаа юм. Төгрөгийн ханш хэзээ өсөх вэ гэхээр дотогшлох валютын урсгал нэмэгдсэн тохиолдолд. Доллар олж ирдэг ганцхан салбар бий. Тэр нь уул уурхай. Уул уурхай дотроо нүүрс, зэсийн экспорт улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг. Худлаа гэвэл жил бүр ТЕГ-аас шалгаруулдаг топ-100 нэгжийнхээ жагсаалтыг харчих. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”  гээд эхний 10-т голдуу уул уурхайнхан бичигддэг.

Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж хэлдэг нь учиртай үг байж. Өнөөдрийн нөхцөлд нүүрсээ зарахын тулд аль “уже” төмөр замаа тавих ёстой байсан гэсэн үг. Төмөр замаар нүүрсээ зарж байсан бол  34 боодол төгрөг нэг ам.доллартай тэнцэх байсан ч уу, үгүй ч үү.  Үнэндээ энэ бүхэн “Монгол ялна” гэж улсаараа хууртагдсаны үр дагавар. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэж энийг л хэлээд, анхааруулаад байсан хэрэг.

Арван дөрвөн жилийн дараа, арай гэж Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад оров. Атал нөгөөдөх нь мухар төмөр зам болж таарлаа. Монголчууд нүүрсээ хэзээ төмөр замаар хил “давуулах”-ыг хэлэхэд хэцүү. Лавтайяа, чингэлэгтэй нүүрсийг ачиж, буулгах терминал барих шаардлагатай болсон нь үнэн. Энэ бол манай улсын мангаа нарын хийсэн хар гай. Харамсалтай нь, тэдний терроризм төмөр замаас эрчим хүчний салбар руу шилжив. Эрчим хүчний хараат бус байх нь эдийн засагт ашигтай төдийгүй үндэсний аюулгүй байдалд хэрэгтэй юм, уг нь.

Нэг.

Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эндээс харахад Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх, эрчим хүчний салбарт реформ хийхгүй л бол удахгүй улсаараа гал алдаж мэднэ.

Энэ өвөл Улаанбаатар хөлдөх эрсдэл нүүрлэснийг эрчим хүчний салбарынхан ч ил тод хэлэх болсон. Ийм байтал Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг эсэргүүцэх монгол хүн бас байдаг аа.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдсанаар баруун таван аймаг Оросоос гал гуйж, цайгаа чанадагаа болино. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна. ОХУ-аас нэг кВт эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар  нэг кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоололтой. Өөрөөр хэлбэл, хямд эрчим хүч ашигласнаар жижиг, дунд үйлдвэрлэлийн өртөг зардал буурна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн байгаль экологи, бэлчээр усанд эерэг нөлөө үзүүлнэ. Усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Хоёр.

Дундговийн Өлзийт сумын нутгийн зөвлөлийнхөн Засгийн газарт шаардлага хүргүүлж, уран олборлохыг эсэргүүцжээ. Монголчуудын хувьд уул уурхай, тэр тусмаа ураны талаарх ойлголт муухан. Ямар сайндаа л уранаас болж хоёр толгойтой хурга, зургаан хөлтэй ишиг төрж байна гэж мунхаглах билээ.

Ураны эрэл хайгуулаас болж мал нь хоёр толгой, зургаан хөлтэй болж байгаа бол малынхаа мах, сүүг идэж, ууж байгаа хүн нь адилхан хоёр толгой, зургаан хөлтэй төрнө биз дээ, хар ухаанаар бодсон ч.

Хамгийн наад зах нь. Эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өртөг зардлыг нь бууруулъя гэвэл Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой. Монголын  нүүрсний гол худалдан авагч Хятад атомын 38 реактороос эрчим хүч үйлдвэрлэж байна. Шинээр 19 реактор барьж, цөмийн эрчим хүчнийхээ чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, 2030 онд 200ГВт, 2050 од 400ГВт-д хүргэхээр төлөвлөсөн бол Оросод 35 цөмийн реактор бий. Нэмээд шинээр долоон реактор барьж буй юм байна.

Гурав.

Хүүхэд байхад л томчууд “хадны мангаа”-гаар айлгадаг байж билээ. Одоогийнхоор бол Fake news юм даг уу даа. Харамсалтай нь, өнөөдөр “хадны мангаа”-наас айдаг томчууд байсан хэвээр. Галав юүлэхгүй л бол газар усан дор орохгүй. Газар усан дор орно гэдэг “нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг, танк орж ирнэ” гэдэгтэй л ижилхэн мунхаглал.  Хүүхдүүд ч ийм гэнэн эвлүүлэг, фотошопт хууртагдахаа больсон. “Элстэй гялгар уут цоолдог” стратегиэ өөрчлөөд эрчим хүчний төслүүдийг гацаах нураах гэсэн зорилготой болж харагдаж, хардагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж