АХБ: Монголын инфляци, урсгал дансны алдагдал өсөх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

АХБ: Монголын инфляци, урсгал дансны алдагдал өсөх төлөвтэй байна

АХБ: Монголын инфляци, урсгал дансны алдагдал өсөх төлөвтэй байна

Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүрийн намар гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцууллаа. Энэ үеэр тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн төлөвийг, ахлах эдийн засагч С.Болд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулав.

Азийн хөгжлийн банк (АХБ) төв банкуудын мөнгөний хатуу бодлого, ОХУ-Украины дайны нөхцөл байдал, Covid-19 цар тахлаас үүдэлтэй Хятад дахь удаа дараалсан хөл хорио зэрэг сорилтуудыг харгалзан, хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин бууруулсан байна.

Тус банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөр бүс нутгийн эдийн засаг 2022 онд 5.2 хувиар тэлэхээр байсан бол өнөөдөр танилцуулсан "Азийн хөгжлийн төлөв (АХТ) 2022" шинэчилсэн тайланд 4.3 хувиар өсөх төлөвтэй хэмээн тооцжээ.

Ирэх оны өсөлтийн таамаглалыг мөн 5.3 хувиас 4.9 хувь болгон бууруулсан бол бүсийн инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ыг эс тооцвол хөгжиж буй Азийн бусад орнууд 2022, 2023 онд 5.3 хувиар өсөх төлөвтэй байна.

Дархлаажуулалт идэвхжиж, Covid-19 цар тахлаас үүдэлтэй нас баралт буурч байгаатай холбоотойгоор тус бүс нутгийн орнууд цар тахлын хөл хориогоо сулруулж буй нь дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн өсөлтийг дэмжиж байна. Гэсэн хэдий ч ОХУ-Украины дайны нөхцөл байдал дэлхийн хэмжээнд тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг дордуулж, улмаар эрчим хүч болон хүнсний зах зээлийг тогтворгүй болгож байна.

Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын төв банкнаас мөнгөний бодлогоо чангаруулж байгаа нь дэлхийн эрэлтийг бууруулж, санхүүгийн зах зээлийг донсолгож буй. Үүний зэрэгцээ Covid-19 цар тахлын алаг цоог дэгдэлт, шинэ хөл хорио нь бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын өсөлтийг сааруулж байна.

"Хөгжиж буй Азийн эдийн засаг сэргэж буй ч том эрсдэлтэй нүүр тулж байна" хэмээн АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлээд, “Дэлхийн эдийн засаг том уналтад орвол бүс нутгийн экспортын эрэлтийг эрс бууруулна. Хөгжингүй орнууд мөнгөний бодлогоо хүлээлтээс давуулан эрс чангатгах нь санхүүгийн тогтворгүй байдал үүсгэж болзошгүй юм. Мөн Хятадад хөл хорио дахин тогтоож, үл хөдлөх хөрөнгийн салбар суларч байгаагаас үүдэн тус улсын өсөлт сорилтуудтай тулгарч байна. Иймд хөгжиж буй Азийн орнуудын засгийн газрууд эдгээр эрсдэлд сэрэмжтэй байж, өсөлтийг сааруулахгүйгээр инфляцийг тогтоон барихад шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай байна” хэмээн онцлов.

Дэлхийн томоохон орнуудын эдийн засаг 2022 онд 1.9 хувь, 2023 онд 1.0 хувиар өснө гэж таамаглаж байгаа нь энэ оны эхээр тооцоолж байснаас бага байна. АНУ болон Евро бүсийн орнууд өндөр инфляциас болж мөнгөний бодлогоо эрс чангаруулахад хүрснээр нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал, ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдэлтэй тодорхойгүй байдлын нөлөөнд автсаар байгаа эдгээр улс орнуудын эдийн засгийн эрэлтийг мөн бууруулав.

АХБ нь хөгжиж буй Азийн орнуудын энэ оны инфляцийн төсөөллийг 3.7 хувь байснаас 4.5 хувь болгож, ирэх жилийнхийг 3.1 хувь байсныг 4.0 хувь болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Тус бүс нутгийн инфляци бусад бүс нутгаас бага хэвээр байгаа ч нийлүүлэлт талын саатлаас болж хүнс, шатахууны үнэ өссөөр буй юм.

БНХАУ-ын энэ оны өсөлтийг дөрөвдүгээр сард 5.0 хувь гэж тооцож байсныг 3.3 хувь болгон бууруулсан байна. Ингэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй Азийн бусад орнууд БНХАУ-аас илүү хурдацтай өсөх анхны жил болохоор байна. Энэтхэгийн өсөлтийн төсөөллийн хувьд инфляци хүлээлтийг даван нэмэгдэж, мөнгөний бодлого чангарснаас үүдэн 7.5 хувиас 7.0 хувь болгон бууруулсан байна.

Индонези болон Филиппиний дотоодын эрэлт тогтвортой байгаа нь Зүүн өмнөд Азийн энэ оны өсөлтийн төлөвийг 5.1 хувь болгон нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэдий ч цаашид дэлхийн эрэлт сул байх төлөвтэй байгаа тул ирэх оны таамаглалыг бууруулсан байна.

Кавказ болон Төв Азийн орнуудын хувьд 2022 оны өсөлтийг илүү өөдрөг буюу 3.9 хувь байхаар тооцсон бол цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж буй Номхон далайн орнуудын эдийн засаг 4.7 хувиар тэлэх төлөвтэй байна.

“Азийн хөгжлийн төлөв (АХБ) 2022” шинэчилсэн тайланд Цахим эриний бизнес эрхлэлт хэмээх тусгай сэдэвт бүлгийг багтаасан байна. Энэ бүлэгт цахим бизнес эрхлэлт хэрхэн илүү их өсөлт, инновацийг авчирдаг болох, мөн тус бүс нутгийн засгийн газрууд цахим бизнес эрхлэгчдэд цэцэглэн хөгжих орчныг хэрхэн бүрдүүлж болохыг судалсан байна.

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Азийн өсөлтийн төлөвийг танилцуулах үеэр эдийн засгийн 1.9 хувийн өсөлт хэврэг байгааг онцлоод, Монгол Улс 2023 онд төсвөө улам хумих бодлого барих нь чухлыг хэллээ.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ 2022 ОНД ӨНДӨР ИНФЛЯЦИ БОЛОН НАМ ТҮВШНИЙ ӨСӨЛТ ХАДГАЛАГДАХААР БАЙНА

Азийн хөгжлийн банкнаас эрхлэн гаргасан эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайланд дурдсанаар Монголын эдийн засгийн нам түвшний аажим өсөлт 2022 онд хадгалагдах боловч инфляци болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна. Харин гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь асуудлууд шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлтэд үндэслэвэл эдийн засгийн өсөлт ирэх онд нэмэгдэх боломжтой гэжээ.

“Азийн хөгжлийн төлөв (АХТ) 2022” шинэчилсэн тайланд тусгаснаар 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3 хувийг бууруулж 1.7 хувьд, ирэх оны төсөөлөл 5.6 хувийг мөн бууруулж 4.9 хувь болгосон байна. Энэ нь худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцийн улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй шууд холбоотой.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамазандран “Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болж байгаа хэдий ч ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна. Инфляци өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсч байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлага бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэж онцлон тэмдэглэв.

БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудад хязгаарлалт илүү удаан хугацаанд үргэлжилснээс гадна ОХУ-Украины дайны нөхцөл байдал ужгирч байгаа нь гадаад худалдаа тасалдах, зайлшгүй чухал импортын барааны нийлүүлэлт буурах, импортын үнэ, түүгээр дамжиж дотоодын үнийн түвшин эрс нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болгож, аж үйлдвэрлэлийн салбар болон бизнесийн хүлээлтийг муутгасаар байна. Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээврийн салбарт агшилтууд үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын сэргэх хугацаа өмнөх хүлээлтээс хойшлогдсон.

Гэхдээ цар тахлын эсрэг дотоодын хязгаарлалт, хатуу арга хэмжээг энэ оны 2 дугаар сараас эхлэн цуцалж, эдийн засгийг нээсэн, төсөв, мөнгөний бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлсэн нь дотоод эрэлтийг дэмжжээ.

Инфляци огцом өсч, сүүлийн 16 сарын турш Төв банкны зорилтоос өндөр түвшинд байсаар байна. Нийлүүлэлтийн тасалдал, тээврийн зардлын өсөлт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсны дотоодын үнийн түвшинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүнс, түлш шатахуун, хэрэглээний барааны импортын үнийн өсөлтөөс голлон шалтгаалж инфляци өндөр түвшинд хэвээр байхаар төсөөлжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж буй. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж