Сүүлийн сард олны анхаарлын төвд буй хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
УДШ С.ЭРДЭНИЙН НЭРИЙГ ЦАХИМ БҮРТГЭЛИЙН САНД СЭРГЭЭХ ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Дээд шүүхийн нийт шүүгчдийн есдүгээр сарын 27-нд болох хурлаар АН-тай холбоотой өргөдлүүдийг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, тус хуралдаанаар Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлийг хэлэлцэнэ.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг Ардчилсан намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдөл, Монголын Либерал намын даргыг өөрчлөн томилсныг бүртгүүлэхийг хүссэн Б.Амгаланбаатарын өргөдлийг тус тус хэлэлцэх аж.
АЛБАН БАЙРАНДАА МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОСОН ГЭХ Д.ЗОРИГТЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
Албан байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.
Түүний хувьд зургаа дахь жилдээ НДЕГ-ын даргаар ажиллаж байгаа аж. Өөрөөс нь энэ талаар асуухад "Би мөрийтэй тоглоом тоглоогүй. Намайг ажлаас чөлөөлөөгүй байна" гэдэг хариултыг өгсөн юм.
Гэсэн ч Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгосон билээ. Сонирхуулахад, түүний орлого өнгөрсөн 2021 онд 58.5 сая төгрөг гэж мэдүүлж байсан бөгөөд гэр бүлийнх нь орлого 13.9 сая төгрөг байжээ. Мөн 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн байдаг.
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫНХАН ВАКЦИНЫ ТӨСВӨӨС ЗАВШСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Малын мялзан өвчний эсрэг зарцуулах улсын төсвийн мөнгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд шамшигдуулсан хэргийг АТГ шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны наймдугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор З.Батсүх нарыг баривчилсан байдаг. Гэвч дараа нь батлан даалтад гаргаж, гадуур шалгаж эхэлсэн.
Тэднийг импортоор оруулж ирсэн малын вакциныг өндөр үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт холбогдуулан шалгасан юм.
АТГ-аас өгсөн мэдээллээр "Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ давуулан ашиглаж, яаралтай дамжуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 34.1.9 дэх заалтуудыг зөрчиж, БНЭУ-ын нэр бүхий компанитай 2008-2020 онуудад хэд хэдэн удаа гэрээ байгуулж, нийт 3.9 тэрбум төгрөг шилжүүлэн авсан.
Харин Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга З.Батсүх нь компани үүсгэн байгуулж, Энэтхэг улсын Хестэр бионсес лимитэд компанитай 2016 онд агентын гэрээ байгуулж, дээрх мөнгийг угааж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн" гэсэн юм. Одоогийн байдлаар тус хэргийг прокурор үргэлжлүүлэн шалгаж байна.
ХХБ-НААС 2 САЯ АМ ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОВ
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Залилах гэмт хэрэг/, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 2109000000706 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 11-ний өдөр товлогдоод байсан. Гэвч хойшилж наймдугаар сарын 25-нд болж, уг хуралдаан хүртэл яллагдагч нарын холбогдсон хэргийн нөхцөл байдал, яллагдагч нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангаад буй.
Хуралдаанаар яллагдагч Б.Бямбадоржид урьд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Мөн яллагдагч Ц.Энхтайван, Б.Түвшинжаргал, Э.Золхүү, Б.Энхбаатар, Д.Гажидваанчиг, Б.Баттулга, Б.Баясгалан, Э.Энхсанжаа, Ц.Ариунтамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Б.БААСАНЦОГТЫГ ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий гурван шүүгдэгч, нэг хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Б.Мөнхбаяр ковид-19 өвчний учир эмчлүүлж байгаа талаар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нэг дүгээр хавьтал болж хяналтад байгаа зэрэг эмнэлгийн баримт ирүүлснийг шүүх хүлээн авч мөн бусад өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулав.
Мөн шүүгдэгч Б.Баасанцогтод урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор болж бусад шүүгдэгч нарын арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ