УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш эв түнжингүй болсон Ардчилсан нам ахиад хагарсан бололтой, тус намын хуулийн зөвлөх О.Баасанхүү, М.Тулгат нарын үг, үйдлээс харахад. Дараалсан сонгуульд ялагдаж, зургаан жил эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн АН-ын хэрүүл талцалаас сонгогчид нь байтугай, гишүүд нь хүртэл залхсан. Үнэндээ цагтаа төрийн эрх барьж авсан АН-ыг хэдэн хэсэг хувааж, хэн ч биш болоход экс Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр, хоёулаа буруутай. Тэдний эрх мэдлийн шуналаас болж АН нам ёроолгүй ангал руу унаад удаж байна. Ийнхүү хоёр хуваагдсан АН ахиад хуваагдсан С.Эрдэнийн шуналтай холбоотой гэх шүүмжлэл ч гарах болжээ.
Учир нь, Улсын дээд шүүхэд энэ сарын 27-ны өдөр АН-ын даргыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх буюу АН-ын дарга С.Эрдэнэ холбоотой нийт шүүгчдийн хуралдаан болох товтой. Энэ үйл явцыг АН-ын гишүүд эсэргүүцэж эхэллээ. М.Тулгатын хувьд С.Эрдэнийг эсэргүүцэж байгаа шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байна.
–Нэгдүгээрт, АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг С.Эрдэнэд олгосугай гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 2-ны өдөр намын Их хурал зохион байгуулж, уг тогтоолыг гаргасан.
Уг Их хурал намын дүрэм зөрчсөн, хайрцагласан коммунист намын хурал шиг ямар ч ардчилалгүй хурал болсон учраас миний зүгээс, бусад гишүүдийн зүгээс хүчин төгөлдөр биш гэж үзэж байгаа.
Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх гэдэг нь Улс төрийн намын тухай хуулиар байгууллагыг бүрэн төлөөлөх эрхтэй, нэг ёсондоо намын дарга буцаад болж байна гэсэн үг юм. Албан тушаалын нэр нь намын дарга байна уу, захиргааны ажилтан байна уу хамааагүй, тухайн хүн тэр байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгочихвол бүрэн эрх ирчихэж байна гэсэн үг юм. С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдлын хариуцлагаа хүлээгээд огцорчихсон мөртлөө өөрийгөө намын дарга болгохоор ов мэх гаргаж байна. Энэ асуудлыг энэ сарын 27-ны өдөр УДШ-ээр хэлэлцэх тов гарсан байна лээ. Үүнд татгалзсан хариу өгөх байх гэж бодож байна.
АН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялагдсан. Тэр үед намын удирдлагын багт С.Эрдэнэ байсан. 2020 оны сонгуульд мөн л үнэмлэхүй ялагдахад С.Эрдэнэ намын дарга байсан. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвшиж зургаан хувийн санал авч ялагдсан. АН түүхэндээ байхгүйгээр “шалаар” нэг уналаа. С.Эрдэнэ "АН-ыг Женкогоос хамгааллаа" гэж ярьдаг нь үнэн. Гэхдээ энэ хүнд бүх эрх мэдэл байсан. Энэ хүн дээд удирдлагын хувьд бүх менежментийг хийсэн. Хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой.
Хариуцлагын заалт Үндсэн дүрэмд бий. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээвэл шууд хариуцлага хүлээгээд огцордог. Өөрөөр хэлбэл огцорсон дарга байхгүй юу. Гэхдээ энэ хүн өөрийгөө “ тийм ээ би огцорсон, дараагийн даргад суудлаа өгөх гэж байна” гэж наанаа хэлж байгаа мөртлөө цаанаа өөртөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх, салбар дүүргийн дарга нарыг томилох, намын дэргэдэх бүтцийн байгууллагыг томилох, ҮБХ-ны бодлогын зөвлөлийн дарга нарыг томилох зэрэг өөрийн эрх мэдлийг бататгах зүйлийг хийж байна. Бид юу гэж хардаж байна вэ гэхээр дүрмээр аль хэдийн огцорсон хүн дүрмээ дагаад явах хэрэгтэй. Юу хийгээд даргын суудалтай зууралдаад байгааг гайхаж байна. Тодорхой хугацаанд бид хүлээцтэй хандсан. Үнэхээр “Женко”-гийн аюул гэдэг шиг эмзэг цаг үе АН-д байсан. Бидэнд хуучирсан, дотоод ардчилалгүй, коммунист арга барилтай, зөвхөн өөрийн санаагаар бүх зүйлд оролцдог дарга хэрэггүй. Намын гишүүд, Монголын ард түмэн энэ хүнийг хүлээж авахгүй байна. С.Эрдэнэ АН-ыг улам намагт живүүлж байна. Бид яаралтай шинэ намын дарга бүртгэх асуудлыг явуулах шаардлага тавьж байгаа. АН-ыг С.Эрдэнэ төлөөлөх эрхгүй. Энэ хүн АН-ын дарга биш. Сая дүрмийн өөрчлөлт оруулахдаа шинэ даргыг батлахдаа хуучин дарга эрх үүргээ хэрэгжүүлнэ гэх өөрчлөлт оруулсан байна лээ. Гэхдээ хуучин дүрмээр С.Эрдэнэ аль хэдийн огцорсон. Шинэ дүрмийн хувьд миний бие 2021 оны гуравдугаар сарын 28-ны сунгаагаар ялж, дөрөвдүгээр сарын 7-нд нь намын даргаар батламжлагдсан. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Би байна уу өөр хүн байна уу хамаа алга. Хамгийн гол нь дараагийн даргын нэрийг УДШ-д өгөх ёстой. Өнөөдөр албан ёсоор төртэй нь харилцаж байгаа нь АН-ын генсек Ч.Өнөрбаяр юм.
АН-ын хуулийн зөвлөх О.БААСАНХҮҮ:
-Үнэндээ С.Эрдэнэ дарга дараагийн дарга сонгох үйл явцад санаатай эсвэл санамсаргүй байдлаар саад учруулахаа одоо болих хэрэгтэй. Д.Сумьяа, Х.Нямбаатар та хоёрыг С.Эрдэнийн ард байгаа гэж би бодож байна.