Р.Болд: Чингис хаан 1162 оны 11-р сарын 8-нд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Р.Болд: Чингис хаан 1162 оны 11-р сарын 8-нд мэндэлжээ

Монголын түүхийн зарим асуудлаар доктор Р.Болдтой ярилцлаа.

-Энэ жил бид 2230, 2231, 815, 816, 110, 111, 100, 101 гээд толгой эргэм олон ойг бөөндөж, заримыг нь нөхөж тэмдэглэлээ. Харин сая наадмаар энэ онд тохиож буй Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойн талаар ер дурдсангүй. Энэ тухайд Таны бодлыг сонсъё.

-Наадмын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай” зарлиг гаргасан нь 860 жилийн түүхэн ойтой холбоотой хэмээн ойлгож байгаа. Өвлийн тэргүүн сар эхлэхээр эзэн хааныхаа их ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь мэдээж.

Их эзэн Чингис хаан–Тэмүжин 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэдгийг 2012 оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ёсчилж, УИХ тэрхүү бахархалт өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ. Эзэн хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой төдийгүй заавал биелүүлэх үүрэг юм.

Чингис хаан бол дэлхийн түүх ярихад монгол үндэстнээс дурдагддаг ганц хүн. Монголоос одоогоор түүнээс өөр эрхмийн нэр бөмбөрцгийн хэмжээнд яригдаж дурсагдахгүй байна. Дэлхий дахинд Чингис хааныг Монгол Улсаас маань илүү мэдэж байна. Алс хол гадаад оронд явж байхад, Та хаанаас ирсэн бэ гэх асуултад, би Монголоос ирлээ гэхэд “Монгол гэдэг чинь хаана билээ, мэдэхгүй ээ” гэх тохиолдол мэр сэр гардаг. Харин Чингис хаан гэж хэлэхэд “Өө тийм, мэднээ мэднэ” гэдэг. Тэгэхээр Чингис бол бидний хүссэн, хүсээгүй Монголын нэрийн хуудас, Монголын арилшгүй тамга болж хүн төрөлхтөний түүхэнд үлдсэн хүн яалт ч үгүй мөн.

-Их хааныг эзлэн түрэмгийлэгч гэх нь бий …

-Тийм ээ, тэгэж өнгөц ойлгох явдал гадаад орнуудад газар авсан байгаа. Цус урссан нь үнэн. Гэвч түүхийн үнэн бодит үнэлэмж нь тухайн үеийн нөхцөл байдал, эрин үе, цаг хугацаатай нягт холбоотой байдаг. Түүхийн хувьд цаг хугацаанаас ангид үнэлгээ бол бараг дэмий зүйл.

ЧИНГИС ХААН ШУДАРГА ЁС, ДЭГ ЖУРМЫН ТӨЛӨӨ ЯВСАН

Миний үзэж байгаагаар Чингис хаан бүхий л амьдралаа эх нутагтаа болон энэ дэлхийд шударга ёс, шударга дэг журам тогтоохын төлөө зориулсан. Нүүдэлчдийн тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцсан овог аймгуудыг нэгтгэж Монгол Улсыг байгуулсан, улмаар хүмүүний түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулан шинэ дэг журам тогтоож, төр нийгмийг төвшитгөсөн боловч Чингисийн дараах Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгө, эзэмших газар нутаг, эмс охид зэрэг өчүүхэн сонирхол, үлэмж их шуналаас үүдэн өөр хоорондоо өширхөн үзэлцсэнээс Их хааныхаа эзэнт гүрнийг сарнин бутаргасан билээ. Эе эвдэрвэл төр улс доройтож, түмэн олон төөрдөг гашуун түүх юм даа.

Чингис бээр өрнө, дорныг холбох урьд өмнө байгаагүй үзэл санаа, арилжаа наймааны солбицлын үүдийг нээн, эх дэлхийн нэгдмэл байдал, даяаршлын үндсийг тавьж, улс үндэстнүүдийн харилцаанд харилцан хүндэтгэсэн эрх тэгш шинэ дэг журмыг бий болгох, эдийн засаг, худалдааг хамгаалах, алив шашин шүтлэгийг хүндэтгэх, хуулийн дор бүгд алагчлалгүй тэгш байх зарчмыг зарлан тунхаглаж, хэрэгжүүлэхийн төлөө алд биеэ умартан зүтгэсэн.

Чингис хаан энэхүү шударга зорилтоо бодит болгох үүднээс байлдан дагуулал явуулсан нь хүн төрөлхтөний хөгжлийг хойш нь татсан гэхээсээ илүүтэй дэг журмыг мэдрүүлж төлөвшүүлсэн, ухааруулсан байдаг. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэг (НҮБ) түүнийг хүмүүний хөгжлийн хоёр дахь мянганы хамгийн нөлөөтэй эрхмээр тодруулсан билээ. Том агуулгаараа Чингис хааны үйл хэрэг нь дэлхийд энхтайван, шударга ёс тогтооход чиглэж байсныг хүлээн зөвшөөрсөн. Чингис хаан-Тэмүжин бол бидний хувьд үндэсний бахархал төдийгүй үндэстнийхээ суу алдрыг өндөрт мандуулахыг үзүүлсэн биет үлгэр жишээ юм.

-Монгол Улс цагтаа дэлхийн тэргүүлэгч гүрэн байж. Гэвч одоо бол дэлхийн бодлогод нөлөө багатай жижиг улс. Жижигхэн улсын гадаад бодлого ямархуу байвал оновчтой вэ?

-Би гадаад харилцааны мэргэжилтэн биш учир бодлогын нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй ээ. Харин “том нь жижгийгээ” утга учиргүй шунан түрэмгийлэх явдал ХХI зуунд ч байсаар байгааг мэднэ. Бидний их хаан ийм дэг журмыг таашаадаггүй байсан. Тэрбээр нөгөө талдаа хүндэтгэл үзүүлж элч төлөөлөгчөө илгээнэ, “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” зарчмыг баримталж үзэл санаа, үйл хэргээ танилцуулна, хамтрахыг хүсэмжилнэ, хүлээцтэй хандана, харин  дэлхий нийтийн шинэ дэг журмын төлөөх өөрийнх нь шударга саналыг үл хэрэгсвэл байлдан дагуулал хийдэг байж (тэртээх XIII зуунд шүү дээ). Ер нь тэр үед эх Монгол Улс нь бусад улсуудтай харьцуулахад цөөн хүн амтай, жижигхэн байсан ч өндөр зохион байгуулалттай, төмөр мэт хатуу сахилга баттай цэргүүд, авьяаслаг жанжнууд, зорилгоо сайтар ухамсарласан их хаантай байжээ. Их хаан итгэлцэлд суурилсан харилцааны эрин үеийг энэ дэлхийд эхлүүлэх гэж эцсээ хүртэл чармайсан. Хар бага наснаасаа итгэлцэл, итгэл гэдэг нь ямар их үнэ цэнтэй, хүмүүний харилцаанд ямар чухал хүчин зүйл болохыг мах цусаараа мэдэрсэн тэрбээр үзэл бодол, үг хэлэндээ үнэнч амьдарсан эрийн дээд явжээ.

ИХ ХААН БУСДЫН ГАЗАР НУТАГТ ШУНАЖ ДАЙТДАГГҮЙ БАЙСАН

Харин тухайн бүс нутагт шударга дэг журам тогтоох, энхтайван, итгэлцэл бий болгох, олон улсын худалдааг хамгаалах зорилгоор байлдан дагуулал явуулсан байдаг. Эдүгээ ХХI зуун хүн төрөлхтөний их ухаарлын зуун байх учиртай боловч дайн түрэмгийлэл гарсаар байна. Ийм нөхцөлд жижигхэн Монголд гадаад талдаа хандсан тун цэгцтэй, олон тулгуурт бодлого, мөн дэлхий нийтээс хамгаалалт хэрэгтэй. Хамгаалалт нь олон янз, олон арга хэрэгсэлтэй байдаг. Ярилцлагын сэдэвтэй уялдуулж энд зөвхөн нэг “хамгаалалт” дурдъя.

Өнөөдөр өнө эртний Грекийн (эдүгээ жижиг улс) төрөлх газар нутгийг хэн нэгэн муу санаат түрэмгийлж булаахыг оролдвол дэлхий нийт яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, нийтээрээ эсэргүүцнэ. Хүн төрөлхтөн Афины түүх, түүний суу билигтнүүд Сократ, Платон, Аристотель хийгээд Архимед, Пифагор нарыг өсвөр наснаасаа сайн мэдэж буй учир эл түрэмгийлэлд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ.

Түүнтэй адил тулгар төрөө манай эриний өмнө байгуулж, их гүрэн болтол нь хөгжүүлж чадсан эртний түүхт Монголын унаган газар нутагт шунасан хэн боловч дэлхий нийтийн их эсэргүүцэлтэй тулгарах учиртай. Үүнд Чингис хааны маань нэр алдар онцгой нөлөөтэй. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг. Чингис хааны нэр Монголоо хамгаалах болно. Өвөг дээдэс маань үндэс угсаагаа хамгаалах түүхийг үр удамдаа үлдээж чаджээ.

ТҮҮХ БОЛ ХҮЧ, ХАМГААЛАЛТ, БАС БАХАРХАЛ

Энэ үүднээс туулж өнгөрүүлсэн түүх нь тухайн улс, үндэстэнд маш чухал зүйл юм. Харин бид эх түүхээ дэлхий дахинд сайн мэдүүлэх, сайтар сурталчлах үүрэгтэй. Япон, Өмнөд Солонгос лугаа адил гадаад сурталчилгаа гэх цэгцтэй, том бодлого бидэнд алга. Гадаад дахь монгол судлалыг идэвхжүүлэх, монголын эрт үеийн түүх, соёлыг сурталчлах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Монголыг мэдэгчид, дэмжигчид энэ дэлхийд олон байж гэмээнэ Монголын аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

Өнөөдөр бөмбөрцгийн бүх хүн гартаа ухаалаг утас гэгч хүчирхэг зэвсэгтэй байхад унаган түүх маань урд зүгийн цагаан хэрэмнээс ч дутахгүй дэм хүч, хамгаалалт болно. Түүхээ түмэн газарт мэдүүлэх нь тун чухал болой. Энэ нь алс холын ард түмнүүдэд төдийгүй ойрын хөршийн олон иргэдэд мэдүүлэх ёстой гэсэн үг.

-Нээрээ ч, өдгөө “энэ улсад ийм, тийм үүх, түүх байхгүй” гэж ярьж байгаад довтолдог байдал ажиглагдаад байна уу даа?

-Өнгөрсөн үеийг одоо цагаас хардаг зүйлийг түүх гэж нэрлэдэг. Монгол бол өнө эртний түүхтэй улс үндэстэн. Монголын түүх, тусгаар тогтнол ганц хоёрхон зуун жилээр хязгаарлагдахгүй. Өдгөө өрнөж буй дайныг харваас ойрын түүх ярьж байгаад ороод явчихсан. Тиймээс бид Монгол бол эртний түүхт улс үндэстэн гэдгийг түлхүү ярьж сурталчлах шаардлагатай байгаа юм аа. Хошигнож хэлбэл “эрт урьдын цагт сүн далай, сүмбэр уулс үүсэхээс өмнө бид энд амьдарч байсаан” гэсэн ч яахав (Инээв).

Монголчуудын өвөг дээдэс бол Хүннү нар болой, бид их Модун хааны түүх, уламжлалыг авч яваа хүмүүс хэмээн Чингис бээр Чанчун бумбатай анх уулзаад хэлсэн байдаг. “Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг мину” хэмээсэн нь ихээхэн учир начиртай. Тийн учир 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх тухай” зарлиг гаргаж Монголын төрт улс МЭӨ байгуулагдсан юм шүү гэдгийг дэлхий нийтэд анх удаа зарлан тунхагласан билээ. Үүнээс өмнө мянганаар тоологдох үүх түүх баяр наадмаар яригддаггүй байлаа.

ҮНДЭСТНИЙХЭЭ ТҮҮХИЙГ 1400 ЖИЛЭЭР УРАГШЛУУЛЖЭЭ

Монголын анхны төр улс байгуулагдсаны их ойг тэмдэглэж Хүннүчүүдийн голомтыг сахиж суугаа удам хойчис нь мөн гэдгээ дэлхий дахины сонорт хүргэж, түрлэг өргөсөн нь ихээхэн ач холбогдолтой үйл болсон. Үүгээр үндэстнийхээ үүх түүхийг даруй 1400 жилээр урагшлуулсан. Төрийн түүхийн эхлэл нь чухамхүү МЭӨ 209 онд тавигдсанаар Монгол нь Египет, Жагар, Хятад, Грек, Ром гэх мэт дэлхийн эртний соёл иргэншлүүдтэй эн зэрэгцэх хэмжээнд очиж буй юм.

Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс мөн. Түүх, археологи, газар зүй, соёлын олон баримт монголчуудынхтай ижил төстэй байгаа. Хүннү нар Монгол угсаатан болох нь уугуул нутаг орон, малын үүлдэр, сүргийн бүтэц, нийгмийн байгуулал, төрийн аравтлах тогтолцоо, эдийн болон утга соёлын талын угсаатны шинж, ёс заншил, зан үйлийн өвөрмөц онцлог, үгсийн сангийн утга зэрэг олон шинжээр тодорхойлогдож байна. Монгол үндэсний уртын дуу, бөхийн барилдаан, наадам гээд өв соёлын олон зүйл, зан заншил Хүннүгээс эхлэлтэй. Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгор зэрэг газраас олдсон археологийн эд өлгийн зүйлс эдгээрийн нотолгоо мөн. Түүх, археологийн шинэ шинэ баримтууд байнга олдсоор байгааг бид жил бүр харж, сонсож байна.

-Алтан дэлхийг алгандаа бөмбөрүүлж явсан XIII, XIV зуун Монголын нөлөөтэй зуун байсныг, түүнийг үндэслэгч Чингис хааныг үгүйсгэх, гуйвуулах явдал байна уу?

-Монголчууд их эзэн хааныхаа талаар мэдэж болохгүй, ер нь Тэмүжин хэмээх бие хүн энэ дэлхийд огт төрөөгүй, Чингис бол хий хоосон домог, хэн нэгний санаанаасаа зохиосон үлгэр гэх мэт бодлогын зүйлүүд өнгөрсөн зуунд улстөр, уран зохиол, уран сайханд мэр сэр явсан байдаг. Монголын түүхийг Зөвлөлтийн түүхчид тусгайлан бичсэн нь бий.

Шинэ зуунд их хааныг маань өөрийн үндэс угсааны этгээд болгох гэсэн оролдлогууд бас байна аа. Шинэхэн төвхнөсөн улс орнууд их түүхтэй болохыг хүсэж буй нь аргагүй ээ, учир гэвэл түүх бол хүч, хамгаалалт, бас бахархал. Гэхдээ бусдын хааныг булаах, түүхийг нь түйвээх замаар биш шүү.

МОНГОЛЧУУД ИХ ХААНАА ДУРСАХ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ БАЙВ

1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх гэсэн оролдлого Кремлийн бодлогод нийцээгүй тул хэсэг хүмүүсийг асуудалд ангич, намч байр сууринаас хандсангүй, үндсэрхэг харалган үзэл гаргалаа гээд газрын гаваар ортол цөлсөн байдаг. Уг хэлмэгдүүлэх ажиллагаанд манай нам, төрийнхөн ч дуулгавартай оролцсон.

Монголчууд их хаанаа дурсах эрх чөлөөгүй байлаа, ер нь үндэстнийхээ үүх түүхийг үнэнээр нь ярьсан хүнд халгаатай цаг үе байж. Түүнээс хойш 50 жил чимээ аниргүй явж байгаад 2012 онд 850 жилийнх нь ойг Тэмүжин хүүг төрүүлсэн төрөлх эх орон нь анх удаа албан ёсоор тэмдэглэсэн билээ.

-Та бол “Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг гардан бэлтгэсэн хүн. Энэ зарлигт их хааны төрсөн газрыг яагаад дурдаагүй вэ?

-Зарлигийн төсөл боловсруулах явцад энэ асуудал яригдсан. Гэвч их хааны мэндэлсэн газрын хувьд улам лавшруулж судлах ёстой гэж үзсэн. “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг Ононы Дэлүүн Болдог хэд хэдэн газарт байх. Одоогийн Хэнтий аймгийн чухам аль суманд мэндэлсэн вэ гэхээр манайхан бушуухан л булаацалдах маягтай болоод ирдэг юм аа, тэгээд л гацна даа. Бид чинь жалга довны жаахан үзэлдээ баригдчихсан улсууд шүү дээ. Ямар сайндаа нэгэн дарга Монголоо гацаах гэж гадаад гүрний ерөнхийлөгч рүү гангар гунгар гэж суухав дээ. Энэ мэтчилэн юм байна аа.

Иймээс асуудлыг баттай болгож байж шийдвэр гаргах нь зүйтэй. Судлаачид юуны өмнө “Монголын нууц товчоо”-ны үг, өгүүлбэр, утга агуулга бүрийг уялдаа холбоонд нь нэг бүрчлэн гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм. Түүхийн бусад эх сурвалжуудыг ч нягтлан судалж нэг мөр ойлголттой болох учиртай хэмээн үзсэн учраас төрсөн газрыг дурдахаа азнасан.

-Эзэн хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэх огнооны тухайд хэр баттай вэ?

-Баттай гэж хэлнэ. Монголын тэргүүлэх түүхчид, “Монголын нууц товчоо” болон түүхийн бусад итгэмжит эх сурвалж, ард түмнүүдийн зан үйлийг судалсан эрдэмтэд Чингис хаан – Тэмүжинг 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн хэмээн үзэж санал нэгдсэн юм билээ. Ингээд Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс Шинжлэх ухааны Академиар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байдаг.

ЧИНГИС ХААН ГУРАВДУГААР ЖАРНЫ УСАН МОРИН ЖИЛИЙН ӨВЛИЙН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МЭНДЭЛСЭН БОЛОХЫГ ЁСЧЛОХ ТУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРСАН НЬ ТҮҮХ БОЛОН ҮЛДЖЭЭ

Түүхийн алив судалгаанд сурвалж бичигт дурдсан мэдээллээс гадна ард түмнүүдийн зан үйлийн мэдээ чухал ач холбогдолтой байдаг. Өмнөд монголын Ордос нутагт билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд Чингис хаанд зориулан мялаагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс гүйцэтгэсээр иржээ. Мялаагуудын хуримыг бас тасман тайлга ч гэдэг. Монголчууд хүүхэд төрөөд хүй цөглөсний дараа түүнийг угааж мялаан найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн нь бий. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайж төрсний дараа “Хаан тэргүүтэн хамаг их улс мялаагуудын хурим хийж ёсолж байсан” гэж Алтан ханы намтарт өгүүлсэн байдаг. Хүүхэд төрж, хүй нь цөглөхөд түүнийг мялааж баяр хийдэг монголчуудын ёс нь Тэмүжинийг төрөхөөс ч өмнө байсан аж.

Тэмүжин төрөөд хүй нь цөглөсний дараа түүнийг анх удаа угааж мялаан хурим найр хийсэн. Түүнийгээ жил бүр ой дээр нь тэмдэглэн ёсолдог байсан бөгөөд тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тайлга тахилгын бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар өдгөө Ордосын монголчуудад уламжлан ирсэн байна. Буриадууд ч мялиагууд хэмээх ёслолыг үйлддэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.

Тэмүжинг төрсний дараа биеийг нь анх угааж мялаасны хуримыг билгийн улирлын өвлийн тэргүүн сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн түүхийн итгэмжит эх сурвалж бичгүүдийн мэдээтэй авцалдаж байгаа юм.

Энэ талаарх ярилцсан, хэлэлцсэн баримтууд төрийн төв архивт хадгалагдаж буй. Түүхийн шинжлэх ухаанаар дагнаж мэргэшээгүй ганц нэг сонирхогчид өөр саналтай байсан байх. Алив зүйлд санал зөрөлдөх явдал байлгүй л яахав, зөрчил мөргөлдөөнгүй тийм гоё зүйл энэ хорвоод байхгүйгээс хойш.

Тэгэхлээр Их хаан маань билгийн тооллоор гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн болохыг ёсчлох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан нь өдгөө түүх болон үлджээ.

-Их хааны төрсөн өдрийг дэлхий нийтийн тооллоор тогтоож болоогүй юм уу?

-Академиас ирүүлсэн саналд түүхийн талаас нь түлхүү тайлбарлаж, харин одон орон зүйн хувьд хэлж ярьсан зүйл хомс байсан. Манай одон орныхон 850 жилийн өмнөх нар, сарны явдлыг яг таг тогтоох боломжгүй гэж хариу өгсөн. Тиймээс нэгдүгээрт, ШУА-аас өргөн барьснаар нь шийдэх нь өөрийн орны түүхч эрдэмтэддээ хүндэтгэлтэй хандсан хэрэг болно. Хоёрдугаарт, түүхийн итгэмжит эх сурвалж бичгүүдэд дурдсан цаг тооллоор нь зарлиг гаргах нь Монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг анх удаа албан ёсоор тэмдэглэх гэж буй тэр үед илүү нийцтэй бөгөөд хүлээж авахад дөхөмтэй гэж үзсэн. Гуравдугаарт, энэхүү төрсөн өдрийг тэмдэглэх үйл явдлыг тодорхой хугацаанд хэвшүүлэх нь чухал байсан.

ЭХЛЭЭД МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ ХЭВШИХ НЬ ЧУХЛЫГ НЭРТ ТҮҮХЧ Ш.БИРА ОНЦОЛЖ БАЙВ

Заримдаа бүх зүйлийг нэг амьсгаагаар гүйцэлдүүлэх нь нийтэд ойлголцлийн төвөг үүсгэх нь бий. Тодорхой хугацаанд дэс дараалалтай хийх нь ойлголтыг бататгаж цагийн шалгуурыг амжилттай давдаг юм. Хэвших нь чухал гэдгийг нэрт түүхч Ш.Бира агсан онцгойлон анхааруулж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэмээх эрхэм дөлгөөн хүн ч энэ тухайд чухалчлан ярьж байсныг миний бие тодхон санаж байна.

Өдгөө бид их хааныхаа төрсөн өдрийг гадна дотны хэний ч дарамтгүйгээр 10 жил хүндэтгэн тэмдэглэлээ, амарлаа. Одоо энэ үйл явдал хэвшин тогтжээ, ард түмний хүсэн хүлээдэг өдөр нэгэнт болжээ. Иймд уг өдрийг нийтийн тоолол буюу дэлхий дахинд мөрддөг цаг тоололд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тэгэх аваас дэлхий нийтэд ойлгомжтой, даяар Монголын хэмжээнд тэмдэглэхэд тустай болно. Одоо бол мэндэлсэн өдөр нь жил бүр солигдоод буйд гадныхан гайхах явдал бий.

-Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоос нийтийн тоололд шилжүүлбэл …

-1162 оны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтийн тоололд шилжүүлбэл 1162 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болно. Тэрхүү өдөр нь Пүрэв гараг байжээ. Үүнийг нар, сарны явдал хийгээд намуун орчлонг бүхэлд нь судалдаг NASA хэмээх тэргүүлэгч этгээд нарийн тооцоололтойгоор хэлж байна.

-850 жилийн тэртээх одон орны мэдээлэл, судалгаа байдаг эсэхийг манайхан (одон орон зүйчид) мэдэхгүй байж. Өөрсдөө судалж тогтоож чаддаггүй юм аа гэхэд бусдын хийсэн ажлын мэдээллийг олж авах овсгоо чадвар дутсан юм болов уу?

-Тухайн үед энэ талаарх мэдээлэлтэй этгээд, судалгаатай субьект Монголд байгаагүй. Тэгээд л билгийн тооллоор тогтоосон хэрэг. Одоо бол тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болсон учир байдал өөрчлөгдөж Их хааны мэндэлсэн өдрийг нийтийн тоололд шилжүүлэх боломжтой болж байна.

-Усан морин жилийн өвлийн тэргүүн сар чухамдаа 11 сард эхэлжээ гэдгийг яаж батлах юм бэ. 10, 12 сард эхэлсэн байж болно шүү дээ?

-Маш сайн, оновчтой асуулт байна. НАСА-гийн баримт бичгийг шинжилбэл өвлийн тэргүүн сар онолын хувьд 10, 11, 12 дугаар сард эхлэх боломжтой харагдаж байна. Баримт нь дээр эдгээрийг нягталъя:

Нар Хилэнцийн ордонд орж ирэхэд манай бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал эхэлдэг. Мөн нар “шар зам”-ын 315–330 градусын уртрагт орж ирснээр хаврын улирал эхэлнэ. Нар уг уртрагт орж ирэх хугацаа нь аргын тооллын нэгдүгээр сарын 20-доос хоёрдугаар сарын хорьд хооронд байна. Өөрөөр хэлбэл аливаа улирал эхлэх нь орчлонгоос тогтсон хугацаатай, мөчлөгтэй байдаг. Би энд “одон орны улирал” хэмээх ойлголтоор ярьж байна л даа.

Хэрэв усан морин жилийн өвлийн тэргүүн сар 10 дугаар сарын 10-нд эхэлсэн хэмээн үзвэл хаврын улирал 1163 он дөнгөж гарангуут л идэр есийн тэсгим хүйтнээр эхэлж байна. Гэвч ес шувтарч байж хавар эхэлдэг жамтай билээ. Иймд энэ хувилбар явцгүй байна.

Харин өвлийн тэргүүн сар 11 дүгээр сарын 8-ны өдөр эхэлсэн гэж үзвэл 1163 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хаврын сар эхэлнэ. Энэ нь боломжтой, амьдралд дөхөмтэй байна.

Хэрэвзээ усан морин жилийн өвлийн тэргүүн сар 12 дугаар сарын 8-нд эхэлжээ гэж үзвэл хонин жилийн хаврын эхэн сар 3 дугаар сарын 6-ны өдөр тохионо. Наран саран авхай орчлонгоор баахан зугаалж явснаа одоо хаврын сараа эхлүүлнэ ээ гээд гэнэт гарч ирээд бужигнуулах нь ер үгүй. Тэд орчлонгоос тогтоосон хатуу цаг хугацаа, даяллаар хөдөлнө. Хаврын тэргүүн сар 3 сард юм уу, эсхүл идэр ес тачигнаж байхад эхэлдэг зүй тогтол орчлонд одоогоор алга.

ОРЧЛОНТ ЕРТӨНЦӨД ЗҮЙ ТОГТОЛГҮЙ, ЗҮГЭЭР НЭГ ҮЙЛ ЯВДАЛ, УЧРАЛ ТОХИОЛ ГЭЖ ҮГҮЙ

Тиймээс гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сар чухамдаа 1162 оны 11 дүгээр сарын 8- ны өдөр эхэлсэн болох нь тодорхой байна. Би сүрхийдээ үүнийг хэлсэнгүй, үүнийг одон орон судлал гэх шинжлэх ухаан хэлж, цаг тоолол нь баталж байна.

-Үүнд бидний тэмдэглэдэг “Цагаан сар” хэмээх ойлголт хэр хамаатай вэ. Эртний монголчууд цагаан сараа намар тэмдэглэдэг байсан гэх мэдээ байдаг?

-Алив үндэстэн цагаан сарыг намар ч бай, хавар ч бай, ер нь хэдийд ч тэмдэглэлээ гээд орчлонгийн од эрхэсийн хөдөлгөөнд өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахгүй ээ. Одот ертөнц өөрийн замаар, өөрийнхөө зүй тогтолоороо л явна. Бөмбөрцөг эргэдгээрээ эргэж, өвөл хавар ирдэгээрээ ирнэ.

Монголчуудын хувьд цагаан сар нь ажил, амьдралаа дүгнэдэг баяр, сүүлд XIII зуунаас Азийн ард түмнүүдийн жишгээр хаврын улиралтай холбогдож тэмдэглэдэг болсон гэдэг. Цагаан сар бол нийгэм соёлын ойлголт, харин хавар, намар, өвөл бол байгаль цаг уурын ойлголт. Эдгээрийг хооронд нь хольж хутгах нь асуудлыг будлиантуулдаг гэмтэй.

Түүнчлэн манай дэлхий нэг нар, нэг сартай учир өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тухайн жилдээ зөвхөн нэг л удаа тохионо. Түүнтэй дүйцэх нарны (аргын) тооллын өдөр бас л нэг удаа болно. Үнэмлэхүй үнэн гэж үүнийг л хэлнэ.

Дэлхий дээр шашин, соёлын шалтгаантай маш олон цаг тоолол бий (Исламын, Жүүдийн, Хиндийн, Төвдийн, Нанхиадын, Монгол, Төгсбуянтын гэх мэт). Тэдгээр нь сарны тооллыг тооцох өөрсдийн өвөрмөц аргачлалтай. Манайхан тэр дунд нь давхиж ороод будилчихдаг тал бий.

Миний ойлгосноор бид тэр болгонтой зууралдах шаардлагагүй бөгөөд харин одот орчлонд тохиосон үнэмлэхүй үйл явдлаа баримтлаад явахад алзахгүй ээ. Одон орны (астрономи) шинжлэх ухааны ойлголтоор шинэ сар дэлхийн эргэн тойронд нэг өдөр гардаг гэж үздэг, бас баталдаг. Бодит үйл явдлууд болоод шинжлэх ухааны дүгнэлтийг үгүйсгэхэд тийм ч хялбар бус болов уу.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Эх сурвалж:  Өглөөний сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж