Тодруулга: Ашиглалт нь дууссан бүх автобусыг шинэчлэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Тодруулга: Ашиглалт нь дууссан бүх автобусыг шинэчлэх боломжгүй

Тодруулга: Ашиглалт нь дууссан бүх автобусыг шинэчлэх боломжгүй

Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил парк шинэчлэл хийгээгүй.  Тиймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ жилийн хувьд 600 автобус буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.

Мөн түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлж байсан билээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар хугацаа дууссан нийтийн тээврийн автобусуудыг шинэчилж чадаагүй байна. Хэдийгээр албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхэгийг тодорхой хувиар нэмснээ мэдээлж буй ч хугацаа нь дууссан автобуснаас болж олон осол гарч байна. Ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг актлахаар төлөвлөсөн ч зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байгаа аж.

Нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх парк шинэчлэлтийн ажил хэдэн хувьтай явагдаж байгааг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

-Энэ жил нийтийн тээврийн парк шинэчлэлд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, нийтдээ 600 гаруй автобус шинээр авахаар тооцсон. Гэвч 80 гаруй тэрбум төгрөгөөр  эдгээр автобусыг бүгдийг нь авах ямар ч боломжгүй. Эхний ээлжинд 75 шинэ автобус оруулж ирсэн. Харин арваннэгдүгээр сард 200 гаран автобус орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн нийслэлд үйлчилгээнд явж буй нийт автобуснаас 532-ыг нь үйлчилгээнээс хасахаар шийдсэн. Гэвч эдгээр автобусыг үйлчилгээнээс шууд  хасвал нийтийн тээврийн салбар уналтад орох өндөр эрсдэлтэй гэв.

Ингээд нийслэлчүүд ашиглалтын хугацаа нь дууссан автобустайгаа ямартай ч арваннэгдүгээр сар хүртэл хотын түгжрэлд явах нь тодорхой боллоо. Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд өнөөдрийн байдлаар  985 автобус үйлчилж байна. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан билээ. Гэтэл хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа нь иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр авч явж буйтай адил юм.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж