Шинэчлэл хийх намрын чуулган

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Шинэчлэл хийх намрын чуулган

Шинэчлэл хийх намрын чуулган

Өнгөрөгч хаврын ээлжит чуулганаар олны анхаарлыг татсан ч батлагдаагүй хэд хэдэн хуулийн төслүүд бий. Тов ёсоор намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Анхаарал татсан хуулийн төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.


ТҮГЖРЭЛИЙН БҮСИЙГ ЗАРЛАН ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХУУЛЬ ГАРГАХ

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулахад шат дараалалтай хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд байгаа. Тэрбээр түгжрэлийг бууруулахын тулд энэ намрын чуулганаар түгжрэлийн бүсийг зарлан онцгой арга хэмжээ авах хууль гаргахаа илэрхийлсэн юм. Тиймээс уг хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх бололтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ

2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч төслийг УИХ-аас баталсан. Уг хуулийг шинэчилсэн найруулгыг боловсруулахаар ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн ажиллаж байгаа аж. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн дэд сайд Б.Солонго ажиллаж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 7 бүлэг, 30 зүйлтэй байх аж.

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Энэ оны төгсөлд хийх тогтолцооны өөрчлөлт бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулна. Гадны хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна. Гадны хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал юм. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана.  Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ" гэлээ.

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг энэ оны зургадугаар сард өргөн барьсан.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон.Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал гарах болсон.
Газрын тухай багц хуулийн шинэчилсэн төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм. Мөн тус багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ БОЛ ЗАРИМ ТӨРЛИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Өнгөрөгч хаврын чуулганаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулийг шинэчилж буйгаа мэдээлсэн. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд таван жил болж буй ч энэ хугацаанд найман сая гаруй зөрчлийн хэрэг шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 2.3 сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байна. Дээрх найман сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлдэг аж. Уг хуулийн төслийн талаар Х.Нямбаатар сайдын УИХ-ын хаврын чуулганы хэлэлцүүлэгт хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

-Төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн.

-Жагсаал цуглаан зохион байгуулах Журмын тухай хуулийг дагуулж өөрчилж байгаа. Энэ хүрээнд бид жагсаал хийхдээ заавал зөвшөөрөл авах тухай асуудал ярихгүй. Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, түгээмэл тунхаглалд заасан эрхээ эдэлж, жагсаж цуглах гэж байгаа иргэд зөвхөн жагсаал цуглаан байгуулах гэж байгаа талаар холбогдох нутаг дэвсгэрийнхээ нэгжид л 24 цагийн өмнө нь мэдээлэх үүрэгтэй.

-Торгуулиа төлөхгүй бол дараах төрлийн үйл ажиллагаа хязгаарлагдана. Нэгдүгээрт, жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Хоёрдугаарт, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана. Гуравдугаарт, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

2/Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;

3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

4/Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

5/Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

6/"Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

8/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

9/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

10/Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

11/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

13/"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/""Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

17/Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

18/Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

19/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

20/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

21/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

22/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;

23/Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

24/Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

25/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

26/Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

27/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

28/Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

29/Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;

30/Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;

31/Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

32/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

34/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

35/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;

36/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

37/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

38/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

39/Тээврийн ерөнхий хуулийн төсөл;

40/"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

41/"Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/""Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

43/Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

44/Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

45/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

46/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

47/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

48/"Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

49/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

50/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

51/Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

52/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

53/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Хүний генетикийн тухай хуулийн төсөл;

55/Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

56/Цусны донорын тухай хуулийн төсөл;

57/Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

58/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

59/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;

60/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;

61/Эвлэрүүлэн зуучлалын тухайхууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;

63/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж