Сурвалжлага: Барилгын салбар бартераар амь зогоож байна

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Барилгын салбар бартераар амь зогоож байна

Сурвалжлага: Барилгын салбар бартераар амь зогоож байна

Жил бүрийн өдийд  барилгын ажил ид өрнөж байдаг ч энэ удаа эсрэгээрээ байна. Үүний нэг нотолгоо нь,  оройн цагаар  замын хөдөлгөөнд оролцож буй том оврын цутгалтын машинууд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 38,4 хувиар багасчээ. Өвлөөс өмнө ажлаа амжуулж, барилгаа битүүлж, дулаанаа авахгүй бол ирэх жилийг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ. Гацсан барилгуудын дийлэнх санхүүжилт байхгүйн улмаас  харуулаа  барилгын хашаатайгаа хамт цоожлоод борлуулалтын албаа татан буулгажээ.

Сүүлийн үед арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага зээлээ хааснаас болж байр худалдан авах эрэлт багасчээ. Энэ нь барилгын компаниудад хүндээр тусч,  орон сууцаа хугацаандаа барьж, ашиглалтанд оруулж чадахгүйд хүрсэн байна.

БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛ БАРТЕРААР АМЬ ЗОГООЖ БАЙНА

БЗД-ын тавдугаар хороонд байрлах "Polaris" хотхон 2019 онд анх урьдчилгаа захиалга авч 2021 онд  ашиглалтанд орох ёстой байжээ. Гэвч барилгын материал татах санхүүжилт байхгүйн улмаас орох хугацаа нь хоёр жилээр ухарчээ.  Иргэн О.Гэрэлчимэг  2021 оны нэгдүгээр сард тухайн хотхонд байр авахаар захиалга өгчээ. Энэ үед барилгын явцтай танилцсан бөгөөд  хугацаандаа ашиглалтад орох боломжтой мэт санагджээ. Ингээд орон сууцных  үнэ харьцангуй бага үнэ санал болгосон учраас сонголтоо хийсэн гэнэ. Орон сууц нь хэзээ ашиглалтад орох талаар асуухад  барилгын компани нь өмнө нь удахгүй ашиглалтанд орно гэж хариулдаг байсан бол одоо борлуулалтын албаны хүн нь утсаа сольсон гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн найман хороонд байрлах  “Bella” хотхоны хувьд барилгын ажил  зургаан давхар дээрээ гацаад найман сар болсон байна. Тус барилгын борлуулалт хариуцсан ажилтан Б.Энхтөр барилгын салбар  маш хүнд байгааг хэллээ. Тэрбээр "Бараа материалын үнэ өссөн. Цементийн хомсдол багассан ч үнэ нь буурсан зүйлгүй. Өмнө цар тахлын нөхцөлөөс шалтгаалан нэлээд хугацаанд ажил завсардсан. Үүнийгээ нөхөж амжаагүй байна. Мөн хүн хүчний хомсдол болон улирлын чанартай бэрхшээлүүд тулгасаар байна. Хамгийн гол нь барилга босохдоо захиалагчдын урьдчилгаа болон 100 хувийн төлөлт дээр суурилж дараа дараагийн ажлуудаа хийдэг. Гэвч зээл иргэдэд ипотекийн зээл олгохгй, зогссон зэрэг шалтгаан нөлөөлж байна. Хэрэв материал хүн хүч нь байвал 10 хоногт нэг давхар босоод хугацаандаа дуусах боломжтой. Өмнө нь бол удаандаа барилга  ашиглалтанд орохгүй 6-8 сар хүлээдэг байсан. Одоо бол бүтэн хоёр гурван жилээр хойшилж байна. Энэ бол эдийн засаг, иргэдийн чадамжтай холбоотой. Гэхдээ ашиглалтанд орсон ч анх авсан үнээс давуу төлбөр төлөх шаардлага тулгарна. Барилгын салбарын ажил бартераар амь зогоож байна. Барилгын материалын хомсдол үүссэн олдвол өндөр үнэтэй байна   Мөнгөтэй хүн ховорджээ" гэлээ.

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ 

Монголбанкнаас уг асуудлаар  тодруулахад "Ипотекийн зээлийн энэ сарын санхүүжилт олгогдоогүй байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жил царцаасантай холбоотойгоор бага зэргийн хүндрэл гарах магадлалтай. Ер нь зээлийн эргэн төлөлтийг хийгээд дахин санхүүжүүлэлт хийж явуулдаг тогтолцоотой. Арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүсэлт бөөгнөрчихөөд зээлээ судалж амжихгүй байгаа учир зарим төрлийн зээл олголтыг зогсоож өмнө ирсэн хүсэлтүүдийг судалж байгаа" гэлээ. Энэ байдлаараа үргэлжилбэл ашиглалтанд орох барилга хомсдох аж.

ББСБ-УУД БАРИЛГЫН КОМПАНИУДАД ЗЭЭЛ ОЛГОХ НЬ БАГАСЧЭЭ

Банк бус санхүүгийн байгууллагынхан тодорхой хэмжээнд зээл гаргаж байна. Гэхдээ тэд улирлын чанартай ажил хийдэг хүмүүст зээл олгохоо больжээ. Тухайлбал, барилгын салбарт ажилладаг хүнд банк бус санхүүгийн байгууллага орлого нотлохгүй зээл олгохоо сүүлийн сард хязгаарласан байна. Эсвэл бэлэн мөнгө гаргахаас илүүтэйгээр бартерын нөхцөлийг судалж үзэж байгаа аж. Шалгуур үзүүлэлт хангаж, худалдагч, худалдан авагч хоорондоо тохиролцсон ч эдийн засаг хүнд байгаа энэ үед зээлийг урьдынх шиг гаргах нь эрсдэлтэй болохыг зарим ББСБ-ынхан хэлсэн юм.

Гаалийн ерөнхий газраас зарим нэр төрлийн барилгын материалыг тодруулахад,  өнөөдрийн байдлаар барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 424, барилгын материал үйлдвэрлэх тохирлын гэрчилгээтэй 318 ААНБ-ууд үйл ажиллагаа явуулж байна.  Монгол дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолдог бол барилгын материалыг ОХУ, БНХАУ болон бусад улсаас голчлон оруулж ирдэг.

Судалгаанаас харахад 2020 онд 671 иргэн, 2021 оны аравдугаар сарын байдлаар 821 иргэн барилгын материал импортоор оруулж ирсэн байна. Харин 2020 онд 3915 ААНБ, 2021 онд 4190 ААНБ-ууд барилгын материал импортоор оруулж ирээд байна. 2020 онд 567,3 тэрбум төгрөгийн барилгын материал импортоор авсан бол 2021 оны 11 сарын байдлаар 787,5 тэрбум төгрөгийн материал оруулж ирсэн тоон үзүүлэлт байна. Дотооддоо барилгын материалаа хангах чиглэлд ажиллах шаардлагатайг тоон статистик харуулж байна.

Д.БАТЗОРИГ: АЖИЛ ЗОГССОН НЬ ЗУУРМАГ БАЙХГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга барилгын салбар зогсонги байдалд орсон нь барилгын материалын хомсдолтой холбон холбон тайлбарлаж байна.  

-Мэдээж барилгын материалын эрэлт ихэсдэг үе бий. Тухайн үед Дарханы замд зарцуулагдах шаардлагатай цементийн асуудал гарч ирсэн. Үүнээс болоод цементийн үнэ огцом нэмэгдсэн юм. Дарханы зам, бүтээн байгуулалтанд цемент шаардлагатай. Манай яамны хариуцаж буй  Төв цэвэрлэх байгууламж, Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа 1800 айлын төсөл гэх мэтчилэн ажил зогссон нь зуурмаг байхгүйтэй холбоотой. Зуурмагийн үйлдвэр дээр очоод асуудал ярихаар цемент байхгүй. Үйлдвэрлэл рүү ярихаар байгаа бүх цементээ зам руу явуулсан гэсэн.  Бүгдийг нь биш гэхэд 70-80 хувийг зам руу зарцуулсан. Үлдсэн 30 хувь нь барилгынхны хүчин чадалд хүрэхгүй байсан. Тийм учраас бид нар  түр зуурын арга хэмжээ авсан. Гол нь төр бодлогоор дотоодын цементний үйлдвэрлэлийг дэмжсэн. Өнөөдрийн байдлаар 640,5 тонн цемент гаалиар орж ирсэн байна. Цемент оруулж ирсэн 9-10 компанид хяналт тавьж ажиллана. Цемент бол хадгалалт даадаг бүтээгдэхүүн биш  хугацаа өнгөрөх тусам цемент гэхээсээ илүү шороо болж хувирдаг. Иймд нийлүүлэлт сэлгэх шаардлагатай. Тус компаниудын зүгээс тээвэр жуучлалын асуудал дээр дэмжлэг үзүүлээч гээд хүсэлтүүд орж ирсэн. Үүнийг бид зам тээвээр хөгжлийн яам руу  хандаад гадаад хэргийн яамаар дамжуулан Хятадын талд ноот бичиг өгөх ажлуудыг зохион байгуулж байна.

-Барилгын бусад бараа материалын үнэ хэр тогтворжсон бэ?

-Арматурын үнэ нь одоогоор тогтворжсон байна. Зарим компаниудад валютын дэмжлэг үзүүлсэн. Зах зээл дээр арматурын хэрэгцээ 240000 тонн байдаг.  Одоо бэлэн, нөөцөнд 100000 тонн арматур байгаа. Тэгэхээр арматур хомсдох асуудал гарахгүй гэж найдаж байна.  Хамгийн гол асуудал нь цемент болсон. Сая Covid-19-ийн үеэр Монгол Улс үйлдвэрлэгч биш гэдгээ ойлогосон. Хэдий бид дотооддоо үйлдвэрлэж байгаа хэдий ч хангалттай биш түүхий эд гаднаас хамааралтай хэвээр байна. Мөн мэрэгшсэн инженер техникийн ажилчид нь гаднаас хайдаг. Тэгэхээр олон улсын судалгаа прогнозоо сайн хийх шаардлагатай.

2022 онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийт 1335 төсөл хөтөлбөр, арга хэмжээ, барилга байгууламжийг 2,137.0 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдсан байна.

ИРГЭН М.ЭНХБААТАР: ОДООГООР БҮР ТАГ ЗОГССОН ГЭСЭН ГОМДОЛ САНАЛ АЛГА

-Барилгын материалын хомсдол үүсч байгаа нь нууц биш. Гэхдээ Засгийн газраас энэ талаар бодлого баримтлаж байгаа ч үр дүн нь харагдахгүй л байна. Одоогоор хувийн хэвшлийн барилгуудын ажил илүү явагдаж байна. Ер нь хүйтэрч байгаа учраас  өөрсдийнхөө чадамжаар хөрөнгөө босгоод ажиллахаас өөр аргагүй. Харин улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг барилгууд тодорхой хэмжээнд ажлууд нь  урагшилж байгаа байх. Одоогоор бүр таг зогссон гэсэн гомдол санал алга. Манай байгууллагын зүгээс материалын үнийн зөрүүг тооцох чиглэлээр нэлээд ажил явуулсан. Энэ талаар 2023  оны төсөвт суулгаж өгөх асуудлыг хөндсөн. Мөн цэцэрлэг, сургуулийн барилгыг хугацаанд нь өгөх асуудал эрчтэй ярьж байгаа. Хувийн хэвшлийн тухайд тухайн барилгын захиалгын хөрөнгө оруулалт болон  урьдчилгааны мөнгө орж байж барилга босно. Барилгын салбарын тухайд  санхүүжилт маш чухал. Одоохондоо хамгийн хэцүү асуудал цемент  байна. Тун удахгүй өвөл болно.  Иймд бид шалтаг тоочоод байх завгүйгээр ажлаа ахиулахыг л боддог.

Мэргэжлийн хүмүүс ийнхүү хэлж байна. Ямар ч байсан хямралд хамгийн хүнд нэрвэгдэж буй нь барилгын салбарынхан болжээ. Тэд бартераар л амь зогоож байгаагаа нуугаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж