НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа юм. Энэ талаар манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Нью-Йорк хотоос мэдээлж байна.
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд Монгол Улсын цэргийн ажиглагч офицерын сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, НҮБ-ын Энхийн ажиллагааны Сургалтын нэгдсэн албанаас “НҮБ-ын Цэргийн ажиглагч офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлагыг хангаж буй эсэхэд өнгөрсөн наймдугаар сард мэргэжлийн шинжээчид Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн ажилласан байна. Монгол Улсын зохион байгуулж байгаа сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрч, сертификат олгохоор шийдвэрлэжээ.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуяг Энхийг сахиулах ажиллагааны газрыг Сургалтын нэгдсэн албанаас сертификатаа хүлээн авчээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос хойш тасралтгүй “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, Энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа, штабын оаферын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулж, жилээс жилд өргөжин нэмэгдэж буй. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.
–Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын энхийг сахиулагчид ямар хэмжээн оролцож ирэв. Цаашид бодлогын хувьд ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-Энэ жил Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй албан хаагч НҮБ-ын цэргийн үйл ажиллагаанд оролцсон.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас Энхийг сахих ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэх чиглэл барьж байгаа учраас бид хэд хэдэн төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Өнгөрсөн онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг Монгол Улсдаа зохион байгуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч оролцсон. Монгол Улсын сургалт бэлтгэл, сургалтын төвийн үйл ажиллагааг маш өндрөөр үнэлсэн.
Өнгөрсөн жил нийтдээдөрвөн цэргийн баг НҮБ-ын үнэлгээнд хамрагдаж, ажиллагаанд ороход бэлэн болсон. Өчигдөр НҮБ-ын нэгдсэн сургалтын албанаас Монгол Улсын сургалтын албыг үнэлсэн сертификатаа гардаж аваад байна. НҮБ хүлээн зөвшөөрнө гэдэг нь бүс нутаг, олон улсын цэргийн албан хаагчид Монголд суралцах боломжтой гэдгийг илтгэж байгаа том үзүүлэлт юм. Цаашид бид сургалт болоод оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.
-Монголын энхийг сахиулагчид одоо ямар улсад үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Монголын Энхийг сахиулагчдын хамгийн том бүрэлдэхүүн болох мото буудлагын батальон өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн ажиглагч штабын офицерууд хоёр Судан улсын хилийн бүсэд, Баруун Сахар, Йемен улсуудад үүрэг гүйцэтгэж байна.
–Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа гэсэн. Монгол Улсын хувьд эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байна?
-Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчдийн долоо орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа. Гэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. НҮБ-аас ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн оролцоог өндрөөр үнэлж, туршлагаа бусад оронтой хуваалцах санал тавьсан. Тиймээс бид НҮБ-ын сэтгүүлчд өөрсдийн туршлагын талаарх нийтлэлүүдийг нийтэлж буй. Эмэгтэй энхийг сахиулагчдын тоо, туршлага өндөр гэж өнгөрсөн онд Эмэгтэй энхийг сахиулагчдын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулсан.
–Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын ур чадварыг НҮБ болон дэлхий нийт өндрөөр үнэлдэг шүү дээ. Давуу тал, онцлогийг нь та юу гэж дүгнэх вэ?
-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь өөрөө НҮБ-аас баталсан мандатын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Монголын цэргийн албан хаагчид өнгөрсөн 20 жилийн хугацаанд үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэдгийг НҮБ-ын бүх түвшинд хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Монголын Зэвсэгт хүчний албан хаагчдын ур чадвар өндөр, албандаа ажил хэрэгчээр хандаж, үүргээ ухамсарлаж, өндөр хэмжээнд үнэлдэгтэй шууд холбоотой.
Холбоотой мэдээ