Гэр орон, барилга байшингийн дотоод засал чимэглэл нь эртнээс нааш хүнд сэтгэлийн амар амгаланг авчрахад туслах гоо зүйн нэгэн хэрэгсэл байсаар иржээ. Орон зайг дотоод эрчимтэй нийцүүлдэг Хятадын Фэн Шүй, Японы ВабиСаби гэх мэт ойлголтууд үүний нэг хэсэг мөн. Бидний гэр орон бидний сэтгэл санааны байдал төдийгүй эрүүл мэнд, аз жаргалын үнэлэмжид шууд нөлөөлдөг болохыг харуулсан судалгаа улам бүр нэмэгдсээр байна. Дэлхий даяар цар тахалтай тулгараад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Үүнийг дагалдаад дотоод засал чимэглэлийн чиг хандлага ч бас улам л сэтгэл санааг тайван байлгахад чиглэх болсныг та анзаарсан уу?
2022 онд бидний мэдрэхүй яг юунд татагдаж, таашаал авч буйг “Vogue” хуудас онцолжээ. Мэдээж амьдралын гол цөм болсон гэр орон тав тухтай байхын зэрэгцээ булан тохой бүр нь, тавилга хэрэгсэл бүр нь ямар нэг зорилготой байх ёстой юм. Харахад цэлмэг, цэлгэр боловч нүдний хараанд төдийлөн сайнгүй цасан цагаан интерьерээс сүүлийн үед татгалзах болжээ. Эдэлж хэрэглэхэд тав тухтай мэт харагддаг бамбагар, хөвсгөр буйдан сэлт ч бас моодноос гарсан байна.
Хувцас загвар эргэдгийн нэгэн адил интерьер дизайн ч эргэдэг бололтой. Трэнд шийдлүүдийн нэгдүгээрт шоколадан бор дотоод засал оржээ. Тиймээ, шоколадан бор, карамель өнгө эргээд ирсэн байна. 70-аад онд өсч төрсөн хүмүүсийн хувьд баяртай мэдээ. Улбар шар өнгөтэй зохицуулбал илүү догь харагдана гэдгийг дизайнер Даниэлль Колдин хэлэв. Ер нь бусад өнгөнүүдтэй ч сайн тоглох бөгөөд мөнхийн тансаг байдлыг илэрхийлэх өнгө ажээ. Хүмүүс 2022 онд өнгөний зоригтой шийдлүүдийг турших болсон. Ингэснээр төвийг сахисан өнгөнүүд бага зэрэг байраа тавьж өгөх цаг иржээ.
Дараагийн трэнд шийдэл бол байгалийг санагдуулам амьд обьектууд. Урьд өмнөхөөсөө илүү их цагийг гэртээ өнгөрөөх болсноор хүмүүс өөрийн мэдэлгүй л байгальтай аль болох ойр байхыг эрмэлзэх болжээ. Үүнд, чулуун эдлэл, таримал ургамал, гоёл чимэглэлийн эд зүйлс зэрэг багтана. Эдгээрийн органик хийц нь хараа булаахаас гадна тайвшруулж, нөхөн сэргээх ид шидтэй. Байгальтай ойр байх гэсэн айлууд гэрт тарьдаг том модыг сонгож эхлэв. Мөн шавран эдлэлүүд ч энэ трэндэд багтана.
Уран барималын эрин үе эргэн иржээ. Эс бол уран барималыг санагдуулам тодорхой хэлбэр дүрсгүй, муруй тавилга. Сандал, ширээ заавал тэг дөрвөлжин байх албагүй ажээ. Муруй хэлбэрт сандал ширээ нь адаглаад л аюулгүй гэж дизайнер Сара Шерман Самуэл хэлэв. Өнцөггүй тавилганууд нь 2022 оны архитектурын томоохон чиг хандлага болжээ.
Гадаах тавилгыг мартаж үл болно. Гэртээ өнгөрөөх цаг их болсноор хайртай хүмүүстэйгээ зуслан дээр зугаатай, тав тухтай байх нь ч их болов. Гадаа зугаацахад цаг их зарцуулах тусам гадаах тавилга илүү боловсронгуй, илүү гоёмсог болж байна. Зарим айлын хашаа тэр чигээрээ дотоод засал чимэглэлийн гайхамшиг болжээ.
Нэхмэл эд зүйлс. Өөрсдийн байгаа орон зайдаа илүү нарийн бүтэц нэмье гэвэл хээ хуар, нэхмэлээр тоглоорой. Нэгэн хэвийн цагаан даавуу, бүтээлэг сэлтээ нэхмэлээр чимэх нь илүү тансаг харагдуулна.
Хоёр зориулалттай өрөө буюу өрөө тусгаарлагч Covid-19-тэй зэрэгцээд багагүй трэнд болжээ. Гэртээ амьдрана ч, ажиллана ч. Амьдрах орчин ажлын орчин болж, гал тогоо хурлын танхим болсон. Өрөөний давхар зориулалт зөвхөн энгийн тусгаарлагчаар зогсохгүй. Хоолны өрөөний хана дагуу дарс эсвэл номоо өрөх, унтлагын өрөөндөө дасгалын төхөөрөмж байрлуулах зэрэг ч үүнд багтана. Хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрөөх тусам орон зай тэдний төлөө илүү их ажиллах шаардлагатай болох нь.
Өндөр технологийг өнөө үед мартаж болохгүй. Технологийн дэвшлийг дагаад дотод засал ч бас хөгжсөөр байна. Загвар зохион бүтээгчид хүчирхэг шинэ технологийг ашиглан орчин үеийн болон футурист хэв маягийг бүтээх болжээ.
Үнэ цэнтэй хуучны эд зүйлс. Загварын үүднээс авч үзвэл хуучны эд зүйлс нь тухайн өрөөнийхөө гол дүр, амин сүнс нь байдаг аж. Энэ нь түүхийг өгүүлэх, дулаан мэдрэмжийг төрүүлэх шинж чанартай. Хуучны эд зүйлсээ өөрчилж шинэчилснээр бид өөрсдийн түүх, ул мөрийг баллаж байна гэж дизайнер Афина Кальдероне хэлжээ.
Арьсан тавилга буюу 1989 он биднийг дуудаж байна. Италийн арьсан эдлэл үйлдвэрлэгч “Sade” болон “Calvin Klein home”, “Armani Casa” зэрэг алдартай брэнд арьсан тавилганы хувьсалд нэгдлээ. Баялаг өнгө бүхий арьсан эдлэл нь хүйтэн металын нөлөөг багасгана. Ашиглалтын явцад элэгдэх тусмаа цаг хугацааны түүхийг өгүүлэх нь гайхалтай. Бид хөгшрөлт, элэгдэлтийг ил гаргахаас айх ёсгүй аж.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ