LRT төсөл хэрэгтэй VS хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

LRT төсөл хэрэгтэй VS хэрэггүй

Түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу олон нийтийг талцуулсан LRT төсөл  одоогоос таван сарын өмнө МАН-ынхныг ч талцуулаад байсан. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-ын бүлэг бүтэн нэг өдөр хуралдаж, зөвхөн LRT төслийн талаар маргаан үүсгэсэн. Ингэхдээ Ерөнхий сайд тус төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд дахин бүлгээр хэлэлцэж, саналаа нэгтгэхээр болж байв. Тэгвэл энэ төслийг бодит болгох нь хэрэгтэй, хэрэггүй гэх байр суурийг нэгтгэн тоймлож байна.

Төр, хувийн хэвшил хамтарвал LRT хэрэгжих боломжтой

Хотын түгжрэлийг шийдэх хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн ажил энэ онд эхэлж,  2024 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм. Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэргээс шалтгаалж энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэлтэй. Гэхдээ томоохон бүтээн байгуулалтууд төрөөс хараат байх нь нэг талаар ажлын явцыг удаашруулдаг. Тиймээс эдийн засагчдын хувьд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнд боломж олгох нь зүйтэй гэдгийг хэлж байна.

2025 он хүртэл Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ажилд жил тутамд 420 тэрбум төгрөг төсөвлөж, шийдэл гарц гаргалгааг хайхаар болсоноо өнгөрсөн жил хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй хотын захирагч ам гараад буй түгжрэлийг шийдэх томоохон төсөл бол LRT төсөл.

Гэвч уг төслийн нэг километр шугам 51 сая ам.доллар. Энэ нь гурван трасс бүхий төсөл нийт 3.5 тэрбум ам.доллараар хэрэгжиинэ гэсэн үг.

Нэг талаар их хэмжээний өр тавигдаж энэ бүтээн байгуулалт эхлэл шугамыг давна. Харин энэ боломжийг төр хувийн хэвшилд тэгш олгож өгвөл босго давсан өрийн хэмжээг эргүүлж нөхөхөд хугацаа бага зарцуулна гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тасалбарын үнэ таван буудал хүртэл үйлчлүүлсэн зорчигч 700 төгрөгийн суурь тарифаар зорчих бөгөөд нэмэгдсэн буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, бүтэн зорчилт дунджаар 1200 төгрөг байхаар тооцож байна.

Хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлснээр гарах нийгэм, эдийн засгийн шууд ба шууд бус нөлөөллийн хувьд авч үзвэл:

-Улаанбаатар хотын оршин суугчид ажил болон хичээл сургууль руугаа зорчиход ашиглах хотын гүүрэн тулгуурт нийтийн тээврийн системээр дамжин эдийн засгийн хөгжлийг дэмжиж, түгжрэлийг бууруулах

-Нийслэлийн ДНБ 24.2 их наяд төгрөгийн 1.84 хувьтай тэнцэж байгаа хотын түгжрэлээс үүдсэн автомашины шатах тослох материалын үргүй зарцуулалтын 446 тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардлыг бууруулах боломж бүрдэх

-Хөнгөн галт тэрэгний трассын дагуу нийтийн тээвэр болон автомашины түгжрэлээс үүдсэн 320.5 мянган зорчигчийн  хөдөлмөрийн бүтээмжийн алдагдагдсан боломжийн зардал өдөрт 6.57 тэрбум төгрөг, жилд 2.5 их наяд төгрөгт хүрээд байна. Нийслэлийн ДНБ-ийн 9.36 хувьд хүрээд байгаа хөдөлмөрийн бүтээмжийн алдагдлыг бууруулах зэрэг боломж бүрдэх юм.

Ингэснээр эхний жил 2025 онд 50.1 тэрбум төгрөг, 2050 онд 446.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой байна.

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО: 

-LRT төслийг хэрэгжүүлбэл өрийн босго давна. Мөн бид хараат бус байдал руу орох эрсдэлтэй. Гол нь LRT төслийг хэрэгжүүлснээр ямар хугацаанд зардлаа нөхөн төлөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хэрэв тухайн төсөл явц дундаа зогсвол хэн хариуцлага хүлээх вэ. Нэг хүн шоронд ороод  дуусах уу. Иймд төслийг хэрэгжүүлэхдээ маш хариуцлагатай хандах ёстой.

Хоёрдугаарт, Засгийн газар баталгаа гаргаснаар мөнгийг хяналтгүй үрж, эцэст нь төсөл бүтсэнгүй гэвэл монголчууд хохирно. Төслийг хэрэгжүүлэхээр болбол төр, хувийн хэвшил хамтрах хэрэгтэй.

Мөн бүтээн байгуулалт хариуцаж буй компани цаашид төслийг үргэлжлүүлэхдээ тодорхой хэмжээнд өөрийн менежментээ хийж, өөрийн хөрөнгөө оруулах нь илүү үр ашигтай. Тиймээс төслийг төр дангаараа хариуцаж, аль эсвэл бүтээн байгуулалтыг нь төрд хүлээлгэж өгөх байдлаар үр ашигтай ажиллана гэвэл өмнөх алдаануудаа илүү давтана. Ямар ч ялгаагүй. Хоёрдугаарт, төслийн үр ашгийн тухайд үндэслэлүүдийг нь Засгийн газар тайлбарлахгүй байна. Тооцооллыг нь гаргах ёстой. LRT төслийг үгүйсгээгүй ч зохион байгуулалт, төлөвлөлт нь алдаатай байна. Төрийн оролцоогүй, хувийн компани зээлээ төлөх хэмжээнд үр ашигтай бүтээн байгуулалт байх ёстой.

LRT-аас зардал багатай бусад хувилбарыг хэрэгжүүлэх нь зөв

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулснаар хөнгөн галт тэрэг гэр хорооллын замыг Туул голын хурдны замтай холбож, Улаанбаатар хот руу орно гэж тооцоолжээ. Гэвч бодит байдал дээр нэг асуудал нь газар чөлөөлөлтөөс авахуулаад заасан хугацаанд ажил хэрэг болох нь эргэлзээтэй. Тиймдээ ч үр өгөөжийн хувьд хугацаа алдахаас гадна өрийн босго гэгчийг өндрөөр тогтоох нь анхаарах асуудал. Энэ утгаараа УИХ-ын зарим гишүүн болоод олон нийтийн зүгээс олон тэрбум ам.долларын уг төслийг яригдаж эхэлсэн цагаас эсэргүүцсэн. Тэгвэл энэ төслийг хэрэгжүүлэх нь яагаад ач холбогдолгүй вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга асан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн тавдугаар сард  “Орж ирж буй төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой. Би УИХ-ын гишүүн. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Хууль засагладаг, хуулийн дагуу бүх юм шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр LRT төслийн асуудал орж ирэхэд хуулийн хоёр зөрчил байсан.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дотор бий. Яагаад гэвэл зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Уг компани регистрийн дугаар аваагүй. Дээр нь гурван жил ашигтай ажилласан гэсэн Өрийн удирдлагын тухай хууль байдаг. Уг хуультай зөрчилдсөн.

2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT, мөн Тавантолгойн цахилгаан станцад 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байна.

Нийтдээ 3.4 тэрбум ам.долларын асуудал болчхоод байна. Ингэхээр Монгол Улсын өрийн босго зөрчигдөж буй. Үүнийг хэлж, Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй. Бүлгийн гишүүд үнийн асуудлаар сайн ярилцсан” гэж байв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “LRT-ийн олон хувилбар бий. Урьд өмнө нь энэ салбарт ажиллаж байсны хувьд өөр түвшний янз бүрийн асуудлыг хийх гээд үзсэн. Нэгдүгээрт, өнөөдрийн нөхцөл байдал, авто замын нэвтрэх чадвар хэр байгаа билээ. Хувь хүнийхээ хувьд уг төслийг дэмжихгүй байна. Дэмжмээргүй харагдаж байна.

Хоёрдугаарт, Төсвийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Түгжрэлийг бууруулах ажлыг нэн тэргүүнд хийх нь гарцаагүй. Гэхдээ хийх ажил олон бий.

Авто замын түгжрэл бууруулна гэдэг нь авто замын нэвтрэх чадварыг сайжруулж, замаа өргөсгөх, зогсоол, хоёр түвшний уулзвар гэх мэт ажлыг хийвэл үр дүнтэй. Яармагийн түгжрэлтэй холбоотой асуудал орж ирж буй. Яармаг дээр болбол бид хоёр дахь гүүр барих, цаашаа “Мах комбинат” руу татсан зам бий болгох, хот тойрсон жижиг автобусыг нэмэх гэх мэт олон гарц бий” гэсэн юм. Үүнээс гадна эдийн засагчид ч энэ төсөл түгжрэлийг бууруулах зөв шийдэл болж чадахгүй гэдгийг хэлсэн.

Эдийн засагч Ц.Даваадорж:

-Улсын төсөв алдагдалтай үед төрөөс бүх зүйлийг шийдэх гээд байх юм. Гэтэл хөнгөн галт тэрэг зорчих LRT төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй. Асуудалд судалгаатай хандаасай л гэж харж байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх нь зөв ч бөөн цемент цутгах нь зардлын хувьд өндөр. Одоогоор манай улсын хувьд бүтэхгүй. Харин түгжрэлийг бууруулах өөр гарц, шийдэл олох хэрэгтэй. Жишээ нь, голын замаа чөлөөлж, тусгай автобус зорчих зэрэг арга хэмжээ авбал илүү үнэмшилтэй байх. Зураг төслийг нь харвал сайхан ирээдүй харагдаж байгаа юм. Гэвч бодит байдал дээр зураг төсөл шигээ байдаггүйг хүн бүр харж байна. Зураг үзүүлж амлаад байдаг. Харуулсан зураг шигээ бүтээн байгуулалтууд үнэндээ харагдахгүй байна. Ерөнхийдөө LRT төслийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт тусгаж, Засгийн газар баталгаа гаргахаас илүү хувийн хэвшлийнхэнд хамтран хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй.

Төсөв мөнгөгүй атал хаанаас баталж, санхүүжүүлэх нь ойлгомжгүй байна. Мөн зардлаа хэдэн жилд нөхөх вэ гэдэг тодорхойгүй.

Нийтийн тээврийн салбар алдагдалтай, хөгжиж чадахгүй байгаа нь төрийн оролцоо их байгаатай холбоотой. Төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхнийг чөлөөлөх байдлаар боломж олгож, судалгаатай хандалгүй сэтгэл хөөрлөөр шийдэж, зураг харуулаад байвал бүтээн байгуулалт урагшлахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж