1. Найз бүсгүй жирэмсэн болсон. Статистик судалгаагаар хосуудын жаран хувь нь сүйт хүүхэн жирэмсэн болсноос гэрлэлтээ батлуулдаг гэнэ. Гайхах зүйл биш. Гэхдээ аргагүйн эрхэнд, ямар нэгэн нөхцөл байдалд шахагдан гэрлэсэн хосуудын амьдрал тийм ч бөх бат байдаггүй аж. Өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэх явдал иймэрхүү гэрлэлтэд их тохиолддог гэнэ. Энэ нь үл итгэлцэл төрүүлж, улмаар гэр бүл салахад нөлөөлдөг байна.
2. Тооцоогоор гэрлэсэн бол. Зарим хашир залуус ирээдүйнхээ эхнэрийнхээ хөрөнгө чинээ, эцэг эхийн нийгэмд эзлэх байр суурийг харгалзан гэрлэх сонирхолтой байдаг. Тооцоо, ашиг сонирхолоор гэрлэсэн хосууд илүү найдвартай, бат бэх байдаг аж. Ийм зуун гэрлэлтэд хорин салалт ногддог тухай судалгаа бий. Учир нь материаллаг асуудлаа шийдчихсэн гэр бүлд мөнгө төгрөг, орон байр, эд хөрөнгийн хэрүүл тэмцэл гардаггүй байна. Зөвхөн албан тушаал ахих, ажил төрөлдөө зүтгэх үүрэг нөхөр нь хүлээдэг тул гэр бүлийн уур амьсгал тайван, тааламжтай байдаг. Тиймээс тооцоогоор гэрлэсэн залууг буруутгах, шүүмжлэх нь өрөөсгөл дүгнэлт болно.
3. Эцэг эхийн хүсэл сонирхлоор гэрлэсэн бол. Гэр бүлээрээр олон жил үерхсэн сайхан улс үр хүүхдүүдээ хооронд нь гэрлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх тохиолдол бий. Учир нь тэд ээж аавыг нь сайн мэддэг тул хүү (охин)-ынхоо ирээдүйд санаа зовохгүй гэдэгт итгэдэг байна. Энэ тохиолдолд ээж өөртөө бэр, хүүдээ эхнэр сонгож байгааг ойлгоорой. Мэдээж хүү багаас үерхсэн охиныг танилгүй яахав. Гэхдээ тэр бүр хайр сэтгэлийн холбоо үүсдэггүй нь бас үнэн. Эцэг эхийн хүсэл сонирхлыг харгалзан, сэтгэлийг нь бодсон гэрлэлтийн хувилбар тийм ч муу биш. Оргилуун хайр сэтгэлтэй гэр бүл болох нь ховор ч амар тайван, гачигдаж дутагдахын зовлонгүй, халуун дулаан харьцаатай айл болно. Гэвч хэн хэн нь нэг л сайхан өдөр оройтсон хайртай учирч амьдралын драм үүсгэж болзошгүйг санаарай.
4. Гэрлэх цаг болсон. Найз нөхөд нь бүгд л гэр бүл, үр хүүхэдтэй болоход хамгийн зожиг эр ч эхнэр хайхад хүрдэг. Ганцаар гоонь эр байх нь тав тухгүй, цаашлахад эвгүй санагдаж эхэлнэ. Энэ тохиолдолд яарсан, тийм ч тааламжтай бус (эхнэр дагавар хүүхэдтэй, амьдралын асуудалтай гэх мэт) гэрлэлт болохыг үгүйсгэхгүй.
5. Ахуй нөхцлөө сайжруулах. Эсрэг хүйстний зарим төлөөлөгчид цэвэр ахуйн асуудлаа шийдвэрлэх гэж тогооны хүн хайдаг. Хоол хийх, хувцас хунар угаах, гэр орон цэвэрлэх зэрэг асуудлыг эхнэр авч шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг. Дээр нь тохиолдлын хүүхэн хайлгүй сексийн асуудлаа зохицуулчихна. Ер нь эрчүүдийн дийлэнх нь иймэрхүү бодол тээж явдаг нь нууц биш. Энэ бүхэн хүчин зүйлээс гадна эрчүүдийг гэрлэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь мэдээж хайр сэтгэл байлгүй яахав. Хүн төрөлхтний хамгийн ариун, нандин, анхдагч харьцаа болох хайр сэтгэлгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй биз ээ.
Зохиогчын эрх: Хань сонин