Дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчдийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Синдром” арт шоу энэ сарын 28-ны өдөр "Корпорейт Конвеншн центр"-т болно. Энэ арга хэмжээний талаар уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр (2022.09.20) мэдээлэл хийлээ.
Зураач Я.БУЛГАН:
-"Синдром" арт шоуд манай сургуулийнхан хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэхийн төлөө явж ирсэн. Дүрслэх урлагийн "Анима" коллеж 1994 онд байгуулагдаж, 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энэ удаа М.Аминаа урлаг судлаачийн сонирхолтой лекцийг сонсч, хамтран ажиллах болсондоо баяртай байна. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Тэдний оролцоо их байдаг учраас онцгойлж дурдмаар байна. Урлаг, өнгө гэдэг маань хөгжмийн аялгуутай холбогдож байдаг. Тэр утгаараа энэ удаа цогц арт шоуг үзэгчдэд сонирхуулахад бэлэн болоод байна.
ОХУ-ын И.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн докторант, урлаг судлаач М.АМИНАА:
-"Синдром" арт шоуны нэр этгээд санагдаж байж магадгүй. Синдром гэдэг нь сэтгэл зүйн байж боломжгүй үзэгдэл ч юм шиг. Энгийн ахуй амьдралаас гажиж гарч ирсэн зүйлийг бид синдром гэдэг. Тиймээс бид энгийн амьдралаас гажсан уран бүтээлчдийн амьдралыг өгүүлнэ. Арт гэдэг нь урлаг гэдэг утгатай бол шоу нь бидний нүд чихийг баясгадаг үзүүлбэрийн төрөл. Энэ үүднээс үзэгчид урлагаар дамжуулан шоуг мэдэрч, дотоод ертөнцөөрөө холбогдож, гоо зүй болон урлагийн боловсрол авах болно. Бид арга хэмжээгээ цагийн хувьд 15.00 болон 19.00 цаг гэж хуваасан.
Өдөр нь 12-оос дээш насны хүүхдүүдэд зориулсан лекцийг үйлдлийн урлагтай хослуулан хүргэх юм. Орой нь миний бие ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч болох Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс зэрэг алдарт зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулна.
Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг цогцоор нь хүргэнэ. Модернизм бол Монголын урлагийн түүхэнд мөрөө үлдээж, дараагийн контемпорари үеийнхнийг бэлдсэн. Энэ үеийн төлөөлөгч болсон уран бүтээлийн бүтээлийг дэлгэж үзэсгэлэн гаргана.