"Гадаад валютын нөөц нэмэх, бодлогын хүүг чангатгахад онцгой анхаарна"

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

"Гадаад валютын нөөц нэмэх, бодлогын хүүг чангатгахад онцгой анхаарна"

"Гадаад валютын нөөц нэмэх, бодлогын хүүг чангатгахад онцгой анхаарна"

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр /2022.09.20/ 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын зах зээлээс шинээр татсан эх үүсвэрүүдийг заавал байх эх үүсвэрүүдээс хасч тооцох тухай шийдвэрүүд гаргасан. Есдүгээр сарын 16, 20-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах хоёр хувь болгож тогтоон өргөтгөх. Хоёрдугаарт, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргалаа.

Эдгээр шийдвэрийг гаргахдаа гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан глобал эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь төв банк бодлогын хүүгээ зайлшгүй чангатгах шаардлагатай болж байна. Монгол Улсын худалдааны гол түнш Хятад улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинжээчид бууруулж байна.

Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагаст хөл хорио суларснаар, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар өсч, тэлээд байна. Тээвэр, барилга, уул уурхайгаас бусад бүх салбарт өсөлт ажиглагдсан. Сүүлийн гурван улиралд өрхийн хэрэглээ өсч, хөдөлмөрийн зах зээл тэлсэн нь эрэлтийг тэтгэж байна гэж Монголбанк харж байна. Эдийн засгийн суурь төсөөллийг гурван хувьд хүргэхээр нэмэгдүүлж гаргалаа. Гэхдээ энэ нь нүүрсний экспортоос 100 хувь хамаарна.

2022 оны наймдугаар сарын байдлаар инфляци 14.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх саруудаас буурч байна.

Нийт инфляцийн тал хувийг импортын барааны үнийн өсөлт эзэлж байгаа нь судалгаануудаас ажиглагдаж байна. Гэхдээ гадаад дотоодын тааварлашгүй хүчин зүйлээс хамаарч, инфляци унахад саад учирч болзошгүй. Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн нэмэгдээгүй учир урсгал, тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл оны эхний долдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан.

Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Мөнгөний бодлогын хороо инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг илүү өргөн болгох, банкуудын гадаад зарим эх үүсвэрийг эх үүсвэрээс хасах зэрэг шийдвэр гаргалаа.

Монголбанкнаас цаашид эдийн засгийн байдал сэргэлт, инфляцийн өрнөл, нийлүүлэлтийн доголдол хэрхэн өөрчлөгдөх зэргийг харгалзаж мөнгөний бодлогын дараа дараагийн арга хэмжээ авч ажиллах болно.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэлтэйг Дэлхийн банк анхааруулсан. Монгол Улсын хувьд эдийн засгийг уналтад оруулахгүйгээр цаашид бодлогыг өсгөх хэр орон зай байна гэж Монголбанк харж байна вэ?

-Ерөнхийдөө мөнгөний бодлогын хүүг тооцож өсгөж, нэмэгдүүлэх явцад анхаарч байна. Учир нь бодлогын хүү инфляцид л нөлөөлөх үүрэгтэй. Өнөөдрийн инфляци эрэлтийн гэхээс илүүтэй нийлүүлэлтийн шинжтэй байна. Ялангуяа нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн үед мөнгөний бодлогын хүүд нөлөөлөх нь богино хугацаанд биш, урт хугацаанд нөлөөлөх үүрэгтэй. Тэр утгаараа нийлүүлэлтийн гацаатай энэ үед ямар бараа хомсдож байгаа, нийлүүлж буй бусад улс орны инфляци ямар байгаа зэргээс шалтгаалж байна. Бидний бодлогын хүүг чангаруулж байгаа шийдвэр бол дараагийн хоёр дахь шатны давлагаа буюу цар тахлын дараах эдийн засгийн халалтад эдийн засаг өдөөгдөж, инфляци бүр өсөх вий гэхээс болгоомжилж бодлогын хүүгээ чангаруулж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганаар мөнгөний бодлогын тухай хэлэлцэж байхад бодлогын хүү 6 хувь байсан. Өнөөдөр хоёр дахин нэмэгдэж, 12 хувь боллоо.

Бусад улсын жишгээр энэ нь 600 хувь өсч байна гэсэн үг. Тиймээс богино хугацаанд инфляцийг хараанд оруулах, бодлогын хүүгээр дамжуулаад төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Дан ганц мөнгөний бодлогын хүүгээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Бусад бодлогын арга хэрэгслийг ч авч үзнэ.

-Гадаад валютын нөөц 2017 оноос хойш доод түвшинд байсан хэвээр байна. Цаашид валютын нөөцийг хадгалах, нэмэгдүүлэхэд бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юу?

-Түрүүн хэлсэнчлэн урсгал тэнцлийн алдагдал маш өндөр гарсан. Үүнээс хамаарч төлбөрийн тэнцэл ч 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Төлбөрийн тэнцлийн алдагдал валютын нөөцөд хамгийн их дарамт учруулдаг. Одоогийн байдлаар нийт дөрвөн сарын валютын нөөц байна. Оны эхнээс хойш бууж байгаа учраас эрсдэлтэй гэж харж байна.

Төв банкны тухайд эрсдэлтэй цаг үе, сорилтын дунд байна. Хэрэв ханшаа тогтвортой барина гэвэл нөөцөөсөө их хэмжээгээр нийлүүлж, зах зээлээ тогтворжуулах бодлого барина.

Эсвэл нөөцөө дуусгахгүй, найдвартай нөөц болгож барина гэвэл тодорхой зах зээлийн эрэлт нийлүүлэлт байдлаар өөрөө тогтох байдлаар орхино. Энэ үүднээс авч үзвэл Монголбанк эдийн засгийн тогтвортой байдал талаас нь харж, нөөцийг тодорхой хэмжээнд барья гэсэн бодлого баримталж байна. Ингэснээр ханшид дарамт үзүүлж ханш өсч байна. Ханшийг олон улсад юу гэж үздэг вэ гэхээр гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр тохиргоо маягаар хардаг. Хэрэв ханш суларвал импортыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх л нөлөөтэй. Тэр ч утгаараа эдийн засаг нь экспортод түлхүү чиглэсэн улсууд өөрийн мөнгөн тэмдэгтээ илүү сулруулж явдаг. Япон, Турк зэрэг улсад мөнгөн дэвсгэрт ам.долларын эсрэг сулрах тусам экспорт нь нэмэгддэг.

Монгол Улсын хувьд хэрэглээ ихтэй орон. Нийт хэрэглээний бүтээгдэхүүний талаас илүү хувь нь импортоос хамааралтай. Тиймээс импортыг багасгах нь чухал ач холбогдолтой.

Бодлогын хүүд гадаад нөхцөл байдал мөн хамгийн их нөлөөтэй. Ялангуяа АНУ-ын төв банк ам.долларын хүүг огцом өсгөж байгаа нь ам.долларыг бусад улсын эсрэг чангаруулж байна. Цаашид үүнээс ч илүү чангарах төлөвтэй байна. Иймд төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад анхаарвал валютын ханш улам өсөх магадлалтай байгаа юм.

-Арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдэд ам.доллар нэг сая хүртэлх лимиттэй олгож байгаа дээр төв банкнаас ямар байр суурьтай байгаа вэ?

-Банкууд төв банкны чиглэлийн дагуу хязгаарлалт тогтоож байгаа гэх мэдээлэл худал. Энэ талаарх асуудалд Монголбанк оролцох боломжгүй. Мэдээж харилцагчийн төлбөр тоог шуурхай шилжүүлэх, гүйлгээ хийхэд л анхаарч байна.

-Оросын хоригтой холбоотойгоор шатахуун импортлогч орнууд шилжүүлэг хийхэд хүндрэл учирч байгаа гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Орос Украинд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж олон оронд хоригууд тавигдаж байна. Хэдийгээр тухайн улс орон өөрсдийн иргэн, аж ахуйн нэгжид зориулж хаалт тавьж байгаа ч Оросоос нийт импортын 30 хувийг авдаг Монгол тэргүүтэй оронд хязгаарлалт үүсэх эрсдэлтэй. Олон улсын төлбөр тооцооны сүлжээгээр төлбөр тооцоо хийх боломжгүй болбол хэвийн амьдралд хомсдол үүсэх эрсдэлтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлбөр тооцоонд ямар нэгэн саатал үүсээгүй байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж