Япон улсын Засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарласан. Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай. Энэ удаа Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд Японы эзэн хааны одон хүртэхээр болсон билээ.
Одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн 11:30 цагт Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд болж, Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардууллаа.
Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Догмидын Сосорбарам 1978 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги төгссөн. Үүний дараа Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байх хугацаандаа олон сайхан дүр бүтээж байв. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас улбаалан ардчилсан нийгэм рүү шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн бөгөөд Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэх болсон.
Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцож байв. Мөн 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үедээ хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцжээ.
Түүнчлэн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршин дуулж байв. 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж, чухал үүрэг гүйцэтгэн, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ