Оросын аюулгүй байдлын дээд албан тушаалтан Хятадад айлчлах үеэрээ Кремль Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэх нь бодлогын дээд зорилго гэж үзэж буйгаа мэдэгдэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушев “Бээжинтэй иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Оросын гадаад бодлогын ямар ч болзолгүй тэргүүлэх чиглэл” гэж тодорхойлжээ.
Патрушев нь Путины хамгийн ойр дотны хүмүүсийн нэг юм. Тэрбээр Даваа гаригт Хятадын Коммунист намын дээд албан тушаалтан Гуо Шэнкүнтэй уулзах үеэрээ "Одоогийн нөхцөлд манай улсууд бие биенээ дэмжиж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд улам их бэлэн байх ёстой" гэжээ.
Наньпин хотод болсон хэлэлцээний дараа Патрушевын ажлын албанаас гаргасан мэдэгдэлд талууд "хэт даврагчид болон хоёр орны Үндсэн хуулийн дэг журмыг зөрчих гэсэн гадаадын оролдлогын эсрэг мэдээллийн солилцоог өргөжүүлэхээр" тохиролцсон гэв. Түүнчлэн Хятад, Оросын албаны хүмүүс кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг онцолжээ. Уулзалтын дараа гаргасан Хятадын засгийн газрын мэдэгдэлд Украины талаар тусгайлан дурдаагүй. Гэвч Ши Жиньпин Оросын “үндсэн ашиг сонирхолд” хүчтэй дэмжлэг үзүүлэхээ амласан гэжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ