Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав

Ардчиллаас ухарч буй Унгарт арга хэмжээ авав

Европын холбооны удирдах байгууллагаас Унгарт үзүүлэх 7.5 тэрбум еврогийн санхүүжилтыг царцаах хүсэлт гаргажээ.  Энэхүү санхүүжилт нь Унгар улсыг эдийн засгаа өргөжүүлж, дэд бүтцээ хөгжүүлэх замаар Европын холбооны стандартад хүрэхэд туслах зорилготой юм. Гэвч Унгар улс ардчиллаас ухарч, Европын холбооны мөнгийг буруу захиран зарцуулах магадлалтай гэж үзсэнээр Европын комиссоос дээрх шийдвэрийг гаргасан аж. Түүнчлэн шүүмжлэгчдийн зүгээс Унгарт дээрх санхүүжилтийг олгосноор ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газарт Европын холбооны их хэмжээний мөнгийг улс төртэй холбоотой хүмүүсийн бизнес рүү чиглүүлэх боломжийг олгоно гэж эсэргүүцэж байгаа юм.

Гишүүн орнууд үндэсний нийт орлогынхоо нэг хувийг Европын холбооны төсөвт төвлөрүүлдэг. Тэгвэл Унгар улс 2021-2027 оны төсвөөс дор хаяж 50 тэрбум еврогийн санхүүжилт авах тооцоотой гэдгийг комиссоос мэдээлжээ. Харин энэхүү санхүүжилтийг царцаах, цуцлах болбол Европын холбооны гишүүн орнуудын олонх нь дэмжин батлах ёстой байдаг. Санхүүжилтийг царцаах эцсийн шийдвэр гартал нэг сар болдог ч Унгарт "алдаагаа" залруулах арга хэмжээ авахад нь зориулан тусгайлан хоёр сарын хугацаа өгчээ. Тодруулбал, Европын комиссоос гишүүн орнууддаа хандан арваннэгдүгээр сарын 19-нд Унгарын асуудалд эцсийн шийдвэрээ гаргахыг сануулсан байна. 

Үүнээс гадна Унгар нь "Covid-19" цар тахлын дараах хүндрэлийг даван туулахад зориулагдсан 4.64 тэрбум еврог авахын тулд Европын комиссыг ятгаж байгаа юм. Тус санхүүжилт хоёр жил шахамын хугацаанд гацсан байдалтай байгаа. Ийнхүү Европын комиссоос нийтдээ Унгарт очих санхүүжилтийн 70 хувийг царцаах арга хэмжээг авч эхлээд байгаа нь энэ. Хэрэв Унгар арваннэгдүгээр сарын 19-нөөс өмнө Европын комиссыг ятгаж дөнгөхгүй бол арванхоёрдугаар сарын сүүлээр дараагийн арга хэмжээг авна. Гэхдээ Европын парламент дахь Францын төлөөлөгчдийн зүгээс Унгар улс ардчиллаас хурдацтай ухарч буйн эсрэг яаралтай арга хэмжээ авах ёстойг онцолж, холбооны эрх зүйн үйл явц удаан байгааг шүүмжилжээ. Холбооны төсвийг хамгаалах шинэ механизмыг ашиглан Европын комиссоос өнгөрсөн  дөрөвдүгээр сард ардчиллаас ухарсан Унгарын асуудлыг хөнджээ. Тус механизм нь гишүүн орнуудын ардчиллын эсрэг үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн аж.

Европын холбооноос Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг ардчилсан институтуудыг нурааж, хэвлэл мэдээлэлд хяналтаа тогтоож, цөөнхийг эрхийг зөрчсөн зэрэгт буруутгаж байна. Орбаны үндсэрхэг үзэлт нам засгийн газрын гуравны хоёрыг бүрдүүлж буй. Харин Виктор Орбан үүнийг эрс үгүйсгэж байгаа юм.

Виктор Орбан 2010 онд Унгарын засгийн газрын тэргүүн болсноосоо хойш ардчиллаас ухарсан алхмуудыг хийсээр өдгөө тус улс "Бүрэн ардчилалгүй" болсон гэдгийг Европын комиссын дарга мэдэгджээ.

Брюсельд Европын удирдлагуудтай уулзсаныхаа дараа Европын комиссын төсвийн асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан Унгарын талыг хүлээн авч уулзан тус улсыг "зөв замд" оруулах арга хэмжээнүүдийг хэлэлцжээ. Үүнтэй зэрэгцэн Виктор Орбаны  засгийн газраас  авлигын эсрэг шинэ хуулийг өргөн барих тухай өнгөрөгч Даваа гаригт  хэвлэлүүд мэдээлжээ. Гэвч энэ нь ердөө Европын холбооны "нүдийг хуурах" гэсэн оролдлого гэж Европын хууль тогтоогчид үзэж байгаа аж. Тэдний зүгээс Виктор Орбаны бий болгосон "либерал биш ардчилал" нь "сонгуульт авторитар бүхий холимог дэглэм" болсныг онцолжээ. Улмаар Европын холбооны удирдлагууд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Виктор Орбаны үйлдэлд нэг нүдээ аньж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэснийг шүүмжилж байна. 

Харин Европын парламент дахь Унгарын төлөөлөгчийн зүгээс тус байгууллагыг  ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс болж эрчим хүчний үнэ 3-4 дахин нэмэгдсэн асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний асуудал гэж мэдэгджээ. Унгар нь Европын холбооноос Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны эсрэг байр суурьтай байгаа юм.

Үүний зэрэгцээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) өнгөрсөн дөрөвдүгээр сард Орбаныг дөрөв дэх удаагаа засгийн эрхэнд эргүүлэн авчирсан Унгарын сонгуулийг дүгнэхдээ "тэгш өрсөлдөөнгүй байсан" гэж мэдээлсэн. Тус байгууллагаас Унгарын сонгуулийг ажиглуулахаар бүрэн багаа илгээсэн нь өмнө нь Европын холбооны гишүүн байгууллагад авч байгаагүй арга хэмжээ байв. Түүнчлэн Унгарын шүүгчид, шүүхийн хараат байдалд санаа зовниж буйгаа тус байгууллага мэдэгдсэн ба Орбаны засгийн газраас Дээд шүүхийн шүүгчдийг тогтсон үйл явцаас гадна томилдог болсныг хурцаар шүүмжилжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж