Ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг олон улсад амжилттай туршиж, үр дүнтэй байгааг онцолж байна. Их Британийн 70 гаруй компанийн удирдах албан тушаалтнуудын дунд ажлын дөрвөн өдөр ажиллах туршилт явуулахад ердөө хоёр хувьд нь асуудал үүсчээ. Их Британид ажлын дөрвөн өдөрт шилжихэд компаниудын үйл ажиллагаа 49 хувьд нь илүү сайжирч, 46 хувьд нь өөрчлөлт гараагүй гэсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан Их Британийн компаниудын 86 хувь нь ажлын дөрвөн өдрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Их Британид тус хөтөлбөр арваннэгдүгээр сард дуусах юм.
Ажлын дөрвөн өдрийг турших зургаан сарын хөтөлбөрийг дэлхийн 10 оронд хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд ажилчид цалин нь өөрчлөгдөхгүйгээр долоо хоногийн дөрвөн өдөр буюу 32 цаг ажиллаж туршиж буй юм. Хөтөлбөр Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Ирланд, Канадад үргэлжилж байна. АНУ-ын Калифорни муж улсад зарим ажил мэргэжлийг ажлын дөрвөн өдөрт шилжүүлэх хуулийн төслийг хууль санаачлагчид боловсруулж эхэлжээ.
Ажлын дөрвөн өдөрт шилжихэд долоо хоногийн 5-7 өдөр ээлжээр ажиллах шаардлагатай салбарт л асуудал үүсч байгааг онцолжээ.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG