2022.09.19-ний өдөр зарим сайтуудад “Ургац хураалтын цагаар үр тарианы компаниудын цахилгаан эрчим хүчийг тасалж хохирол учруулсан” гэх зэргээр эх сурвалжгүй, иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл нийтлэгдсэн тул дараах тайлбар мэдэгдлийг хүргэж байна.
ЗТХЯ-ны захиалгаар "ДСЦТС" ХК нь Дархан, Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сумын хилийн боомт хүртэлх шинээр тавьж буй 120 км авто замын трасст орсон цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлж өндөрлөх ажлыг гүйцэтгэхээр 2022 оны есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд цахилгаан эрчим хүчийг тасалж ажиллах байсан. Иймд холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллах хүсэлтийг Сэлэнгэ аймгийн засаг дарга болон үр тарианы компаниудад 2022 оны есдүгээр сарын 14-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн.
Зарим үр тарианы компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу "ДСЦТС" ХК авто замын ажлын гүйцэтгэгч компани болон холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, 35 кВ-ын Зүүнбүрэн агаарын шугамын авто замын трасст орсон тулгуурыг шилжүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, таслалт хийгдэхгүй болсныг газар тариалангийн компаниудад албан бичгээр мэдэгдсэн.
Манай компани нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дэвсгэр дэх газар тариалангийн компаниудын цахилгаан хангамжид хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус таслалт хийдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК