ОХУ-тай хиллэдэг Европын холбооны таван орны дөрөв нь Нямаас Даваа гаригт шилжих шөнөөс эхлэн Оросын жуулчдыг хил нэвтрүүлэлгүй буцаав. Эх орон нь Украинтай дайтаж байгаа үед аялах ёсгүй гэж тэдэнд мэдэгджээ. Энэ нь Польш, Эстони, Латви, Литва улсууд юм. Тус улсууд виз хүссэн Оросын жуулчдын консулын уулзалтын тоог цөөрүүлсэн ч Финланд нээлттэй хэвээр байхаар шийдсэн тул шинэ хязгаарлалт тогтоосон. Орост авч хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн хориг арга хэмжээ энэ болж байна.
Энэхүү хилийн хориг нь жуулчдад чиглэгдсэн бөгөөд Европын холбоонд орогнож буй Оросын тэрс үзэлтнүүд, ачааны автомашины жолооч, дүрвэгсэд, байнгын оршин суугчид, гэр бүлийн гишүүддээ зочилж буй хүмүүсийг оруулаагүй болно.
Эстони руу өдөрт 4000 орчим орос хүн нэвтэрч байгаагийн аравны нэг хүрэхгүй хэсэг нь шинэ журмын дагуу буцаж байна.
Орос жуулчдын визний асуудал Европын холбоог хоёр хуваасан. Тухайлбал, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто өнгөрсөн долоо хоногт "Нэг улс виз олгож, нөгөө улс үгүйсгэх нь системийн хувьд тийм ч таатай зүйл биш" гэж хэлжээ. Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас холбооны доторх хагаралд бухимдаж, "Цоорхой байна, энэ цоорхой нь Финланд" гэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ