Эдийн засагч Б.Энх-Амгалантай гадаад валютын ханшийн өсөлтийн эдийн засаг дахь, сөрөг нөлөөллийн талаар ярилцлаа.
-Сарын дотор ам.долларын ханш 200 төгрөгөөр өслөө. Хэрэвзээ ам.долларын ханш цаашид өссөөр байвал эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ. Валютын ханш өсч буй шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн авах зайлшгүй шаардлага бий. Түүнтэй холбоотой импортоор авдаг гаднын бүтээгдэхүүн мөн, хичээл сургуулийн жил эхэлж эцэг, эхчүүд хүүхдээ гадагшаа сургах урсгал нэмэгдсэнээр ам.долларын эрэлтүүд нэмэгдэж байна. Дээрээс нь нүүрсний экспорт хэдийгээр хийгдэж буй ч төлбөрийг нь түрүүлээд авчихсан тул одоо нүүрсээ гаргаад байгаа ч бодитой төлбөр харьцангуй бага орж ирж байна. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан ам.долларын ханш нэлээд өсч буй зүйлс ажиглагдаж байна.
Ерөнхийдөө ам.доллар орж ирэх гурван урсгал байдаг. Эхнийх нь экспорт, Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, Гуравдугаарт, Засгийн газар зээл авах буюу бонд гаргах эсвэл, зээл тусламж авах зэрэг багтдаг. Дээрх гурван урсгалаас Засгийн өрийн тааз тулсан учраас гаднаас зээл авахгүй байгаа.
Тиймээс гарц гаргалгаа харагдаж буй хоёр гол асуудал нь экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөхгүй, экспортоо олигтой гаргаж чадахгүй байдалтай байна. Төсөвт 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөж байсан өнөөдөр 10 сая тоннд ч хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, валютын орох урсгал бага, гарах урсгал их учраас валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар хүртлээ багассан байна. Валютын нөөц багасахад уг нь тэр хэмжээгээр дүүргэх ёстой. Тиймээс эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас валютын ханш өсч байна.
Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс экспортлох төмөр зам ашиглалтад орж буй учраас эрчимжүүлэх тал дээр эрчимтэй ажиллах хэрэгтэй. Гашуунсухайтаас-Ганцмод хүртэлх холболтыг ирэх жилээс хийнэ гэж яриад байгаа. Тиймээс холболтыг маш яаралтай шийдээд, Монголын талаас машины оролцоо байхгүй нүүрс тээврээр явчихдаг бол их давуу талтай.
Мөн ам.доллар орж ирэх өөр нэгэн урсгал бол аялал жуулчлал байдаг. Харин манайд аялал жуулчлалыг ярихад эрт байна.
-Ам.долларын ханш өссөнөөр Монголд импортоор орж ирдэг барааны үнэ “нугарч” эхэллээ. Энэ байдал цаашдаа үргэлжилбэл ямар сөрөг нөлөөтэй вэ. Валютын ханшийг бид барьж чадах уу?
-Хамгийн том сөрөг нөлөө гэвэл иргэдийн амьжиргааны түвшин буурна. Яагаад гэвэл Монгол Улс цалингаа инфляци, валютын ханштай уялдуулж чаддаггүй. Иймээс гол бараа бүтээгдэхүүнийг импортоор авдаг учраас хоёр хүчин зүйл нэмэгдэж байгаа юм. Нэгдүгээрт, тухайн улсын инфляци, Хоёрдугаарт, валютын ханшийн өсөлт “double”-даад ороод ирэхээр манай инфляцийг нэлээд өндөр болгож байгаа юм. Гэтэл манай эдийн засаг инфляци, валютын ханшийг гүйцэж цалингаа нэмж чадахгүй учраас цалин нэрлэсэн дүнгээр байгаад байдаг. Харин иргэдийн гар дээрх бодит цалин буурчхаж байгаа гэсэн үг юм. Цалин буурчхаж буй учраас эргээд амьжиргааны түвшинд нөлөөлөх нь гарцаагүй.
Аж ахуй нэгж талаас нь авч үзвэл Монгол Улс түүхий эдээ гаднаас авдаг. Гаднаас авч буй учраас мөн л валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэлийн зардал өсчихдөг. Үйлдвэрлэлийн зардал өсөхөөр зээл авах шаардлага гарч, гаднын банкуудаас зээл авч байж түүхий эд материал авна. Дээрээс нь мөнгөний бодлогыг чангаруулснаар зээл олголт буурч, тодорхой түвшинд гарч байгаа. Зээл олдохгүй болохоор үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөний гачигдалд орж, түүний эдийн үнэ өсөх зэрэг үйлдвэрлэлд хүндрэл үүсч байгаа юм.
Ерөнхийдөө, үйлдвэрлэгч, хэрэглэгч талаасаа хүндрэлтэй байдал үүсэх эрсдэл өндөр байна. Гэхдээ гадаад зах зээлээс хамаарал багатай үйлдвэрлэгчид буюу хөдөө аж ахуйн чиглэлд нөлөөлөхгүй. Харин гаднаас түүхий эдээ авдаг аж ахуй нэгжид ханшийн өсөлт хүндрэлтэй тусч байна. Ийм байдал удаан үргэлжилбэл, эдийн засгийг агшаах байдал руу орох магадлал өндөр байна.
-Монголбанк валютын нөөцөд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл зах зээлд ам.доллар хомсдож, ам.долларын ханш галзуурч байна. Үүнд Монголбанкийг буруутах хүмүүс олон бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Монголбанк боломжийнхоо хэрээр арга хэмжээ авч байгаа. Гэхдээ манай эдийн засгийн нөхцөл байдал Монголбанкнаас хамаарахгүйгээр буюу гаднаас орж ирдэг валютын урсгал орж ирэхгүй учраас асуудал улам даамжирч байна.
Монголбанк шууд арга хэмжээ авснаар зогсоох биш, саармагжуулах түвшинд явж байна. Ам.долларын ханш цаашдаа яах вэ гэвэл, мэдээж өснө. Үүнд Монголбанк ханшийн өсөлтийг саармагжуулах арга хэмжээг л авч чадна. Түүнээс биш манайх экспортлогч улс биш учраас ам.долларын ханшийг барьж тогтооход хэцүү. Яваандаа, Засгийн газар экспортыг дэмжих хэрэгтэй. Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг анхаарах хэрэгтэй. Мөн импортоор авдаг бараа бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн хиймээр байгаа юм. Жишээлбэл, бид ОХУ-аас эрчим хүчээ авдаг. Харин Эрдэнбүрэн, Эгийн голын УЦС ашиглалтад оруулчихвал ОХУ-аас ам.доллараар авч буй төлбөр тооцоо багасна. Мөн Дорноговь аймгийн Алтанширээт суман дахь нефтийн үйлдвэрийг хурдан хугацаанд ашиглалтад оруулчихвал ОХУ-аас авдаг нефтийн хэмжээ багасах боломж бүрдэнэ. Эхний ээлжид гаднаас түүхий эд авдаг байдлаа багасгаад дотооддоо нөөц бололцоогоо бүрдүүлчихвэл ирээдүйд тодорхой хугацааны дараа Монгол Улс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүс нутгийн хэрэгцээг хангахуйц түвшинд хүрч чадна. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, ханшийг тогтворжуулах нөхцөл бүрдэнэ.
-Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд сүүлийн саруудад иргэдийн валютын хадгаламж нэмэгдсэн талаар дурдсан байна лээ. Ам.долларын ханш өссөнөөр хүмүүс төгрөгөө ам.доллар болгох сонирхол их байна. Энэ нь валютын нөөцөд нөлөөлөх үү?
-Ам.долларын ханш нэмэгдээд ирэхээр хүмүүс хадгаламж нээх сонирхол бий болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт массаар нь авч үзвэл тийм ч өндөр дүнтэй хадгаламж нээлгэх боломжгүй. Ханш өсч нөөц буурмагц арилжааны банкууд хязгаарлалт тогтоочихдог. Жишээлбэл, 10 мянган ам.доллар хадгалууллаа гэхэд нэг дор авах ямар ч боломж байхгүй. Энэ нь тухайн хүндээ эрсдэлтэй. Тэгэхээр хувь хүмүүс, аж ахуй нэгжүүдийн хувьд эргэлтэд орохгүй мөнгөө хадгаламж хэлбэр лүү шилжүүлж байршуулахгүй бол ойрын богино хугацаанд эргэлтэд орох мөнгөө валют болгоод хувиргачихаар эргээд өөрсдөө эрсдэлд орох аюул бий. Үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй.
Ханшийн огцом өсөлт хүмүүсийн хорхойг хүргэнэ л дээ. Ялангуяа “хэдэн ам.доллар аваад дарчихвал хүү, ханшийн зөрүүнээс ашиг хүртэнэ” гэдэг ойлголт байдаг. Цаана нь эрсдэл байдгийг давхар бодолцох ёстой. Бүгдийг нь ам.доллар болгоод хадгалчихвал сайхан болчихно гэж бодож болохгүй.
-Удахгүй намрын ээлжит чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Энэ удаагийн төсөвт бид өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн байхын тулд яах ёстой вэ?
-Хоёр зүйлийг “point” хийж ярих хэрэгтэй. Нэгдүгээрт, төсвийн орлогыг зөв төлөвлөх хэрэгтэй. Дээр дурдсанчлан 36.7 сая нүүрс экспортолно гэдэг нь маш өндөр тоо. 2019 онд 30 сая тонн хүргэж зарсан. Ялангуяа, Хятад хилээ бүрэн нээгээгүйг мэдсээр байж 2022 оны төсөвт 36.7 сая тонн гээд 2019 оноос орлогоо давуулчихсан. Дээрээс нь зарлагаа 76 гишүүдийн үзэл бодолд тулгуурлаж, тойрогт тараадаг байдлаар яваад байна. Иймд, одоо төсөв дээрээ бодитой үйлдвэрлэл, үр өгөөжөө өгдөг төслүүдэд хөрөнгө оруулалтын тодорхой хувийг зарцуулмаар байна.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгийг багасгаж болохгүй. Харин хөрөнгө оруулалтын чиглэлээ тодорхой болгох хэрэгтэй. Тодорхой түвшинд үйлдвэрлэлийг дэмжих Монголын нэрийг гаргах, экспортын бараа бүтээгдэхүүн, эсвэл импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлийн үйлдвэрийг дэмжихэд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах хэрэгтэй. Дэд бүтэц рүү оруулж буй хөрөнгө оруулалтыг 1-2 жилдээ бага зэрэг бууруулахад буруудахгүй.
Үүнээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн үйлдвэрийг дэмжих чиглэлд түлхүү төсөвт суулгаж, илүү хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнээ гаднын улсаас тэр бүр импортолж авах нь зохимжгүй. Тэр дундаа өндөр хөгжилтэй орнууд хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос хангадаг. Ядаж хүнсээр авдаг импорт багасаад ирэхээр валютын урсгал дотроо үлдэнэ. Дээрээс нь хүнсний аюулгүй байдал хангагдана. Дараа нь хувцас, техник зэрэг чиглэл рүү явах хэрэгтэй.
Холбоотой мэдээ