Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Оросын “маамуу”…

Оросын “маамуу”…

"Бороо бороо ороорой
Оросын маамуу ирээрэй…" гэж дуулж асан хүүхдүүдийн төлөөлөл өдгөө хууль тогтоогчид болжээ. УИХ-ын 76 гишүүний 48 нь орос хэлтэй гэж намтарт нь дурайх. Тэдний 22 нь хуучин хийгээд шилжилтийн нийгмийн үед Орост мэргэжил эзэмшиж, мэргэжил дээшлүүсэн байх юм. Сүүлийн үед тэнгэрт тулах нь холгүй дажин дэгдсэн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль шиг орос сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн хүн Г.Амартүвшин гишүүнийг эс тооцвол алга.

Боловсролтой, соёлтойн илэрхийлэл гэж өнгөрсөн нийгэмд үзэж, хоёр дахь хэл болтлоо бодлогын хэмжээнд авч үзэж байсан болохоор Хойд хөршийнхөө хэлийг эзэмших нь нэн тэргүүний зорилт яахын аргагүй мөн. Эзэмшиж чадаагүй юм гэхэд өдөр болгон цүнхэлж явсан “Радуга”-гаасаа “мама, папа”-тай хоцролгүй л яах вэ. Гучаас дээш насныхан бол цухалдсан үедээ эр, эмгүй хараалыг хэлж харагддаг. Өнөөгийн бидний албан ёсоор хэрэглэн буй кирилл үсгийг харахад ч Оросын нөлөө Монголд ямар их байсныг түвэггүйхэн гэрчлэх авай.

Өнөөдөр Монгол бичгээсээ илүү Оросыг гадарладаг нь олонх болсон. Монголчууд энэ үсэгт шилжсэнээ том дэвшил гэж одоо хэр нь ойлгодог, өмөөрдөг. Гэхдээ үүний цаана ямар их өв соёл, өөрсдийн гэсэн бүхнээ алдсанаа харин тэр бүр ярихгүй нь тоогүй.

Эхэнд дурдсан статистикт үлдсэн 26 гишүүн номын дууг нь сонсч, ногоотой шөлийг нь уугаагүй хэр нь бие даан суралцсан бол олзуурхууштай. Тиймээс ч оройдоо залсан буй за. Харин хэд нь гадаад хэлтэй, түрүүн дурдсанчлан “боловсролтой” болох гэж намтартаа нэмсэн бол… Хууль тогтоох дээд байгууллагын талаас илүү хувь нь орос хэл эзэмшсэн бол түүний талаас илүү хувь нь мэдэхгүй байх бүрэн боломжтой ч юм шиг. Гол нь, хуучны адил орос хэлтэй бол мэдлэгтэй, боловсролтой гэж ойлгодог, ойлгогддог утгагүй чамирхал, гоёчирхол, Оросыг шүтэх, илүү дотночлох үзэл байсаар байгаагийн тод илрэл гэлтэй. Гэтэл өнөөдөр хэл бол хэрэглээ болсон төдийгүй түүгээр нь боловсролын түвшин, зэрэг дэвийг тодорхойлох нь өрөөсгөл болсон.

Харин хятад хэл эзэмшсэн хүн гарын таван хуруунд багтах цөөхөн бөгөөд С.Амарсайхан, Х.Булгантуяа, П.Анужин, Б.Энх-Амгалан байх жишээтэй. Өөрөө хэлбэл, Орост саймширдаг монголчууд өмнөд хөрштөө хэрхэн ханддаг вэ гэдгийн илэрхийлэл нь энд харагдаад байх шиг. Хэлийг нь мэдэхгүй, тэднийг судлахгүйгээр бид Хятадын гэгдэж буй энэ эринд хэрхэн хол явах бол…

ХАВАР, ХАВАР БОЛООСОЙ

Хятадын маамуу ирээсэй… гэж дуулвал одоо ч толгойгоо хага цохиулах вий. Бид тэдний нэгийг нь аврал гэж зөвтгөдөг бол нөгөөг нь дайснаа гэж харлуулдаг. Энэ нь улстөрчдийн хувьд нэгнээ намнах өртөг багатай, өндөр өгөөжтэй зэвсэг болдог бол өөрийгөө дөвийлгөх гишгүүр болох жишээтэй. Монголыг өөрийн эзэмшлийн байлгах гэсэн Хойд хөршийн бодлого, Хятадтай харилцаа хүйтэрсэн үед санаа бодол нь эргэх вий гэхээс болгоомжилж хийсэн суртал ухуулга, дээр нь дарлуулсан зурвасхан үе /1919-1921 он/ зэргээр далимдуулан монголчуудыг Хятадад дургүй болгох төлөвлөгөөгөө оросууд амжилттай хэрэгжүүлжээ. Гэтэл “Ардын элч”-ээс эхлээд кино, зохиол асуудал наанатай, цаанатай байсан төдийгүй Ариунааг амиа алдаж, хүчиндүүлж мэдэх ээдрээт үест хятад өвгөн, улаан бус цагаан орос туслаад байдаг нь нэгийг хэлээд өгөх шиг.

МОНГОЛЧУУДЫГ СОГТООСОН СТО ГРАММ…

Орос л Монголыг өлгийдөж, өндийлгөн бойжуулсан гэх бодол одоо ч хүчтэй хэвээр байгаагийн том илрэл нь төрийн бүх байгууллагын түүхт 100, 101 жил, аймгуудын тэгш ой болон хувирав. Монгол Ардын нам 101 жилийн түүхтэй байж болно оо. Баримт сөхвөл, 102 жилийн түүхтэй төдийгүй Эрхүүд оросууд байгуулсан болохыг нууцаас ил болсон баримт бичгүүд гэрчлээд л байна. Гэтэл Монгол цэрэг 100 жилийн түүхтэй, Монголын төрт ёс 101 жилийн түүхтэй, Монголын татварын байгууллага 100 гэхчилэн бүхнийг 100-гаар будав. Зуун жилийн төлөө гэж 100 грамм хэчнээн татав. Зуны гурван сарын турш тэрхүү жалга довны баярыг залхтал телевизүүд дамжуулав. 3300 жилийн төрт ёсны түүхээ өөрсдөө ч мэдэлгүй зуухан жил болгоод жижигрүүлсэн нь энэ. Намчид нь харийн эрхшээлээс чөлөөлсөн баатар болж, тархиа угаалгасан хуучнаа санагалзагчид түүнийг дэмжин алга ташсанаар ийнхүү бид өөрсдийн өвөг дээдсээ, өөрсдийгөө үгүйсгэсэн билээ. Харамсаж халагламаар… Өөрсдийнхөө өвөг дээдсийг өвчтэй, тэмбүүтэй, адгийн шаарууд, албин чөтгөрүүд мэт ярин гутаан доромжилж, өрөөлийг амилсан баатар, авралын од мэтээр дэмийрхийг нь яана. Ингэж их түүхээ үгүйсгэсэн шившигт нэгэн жилийг эх орон минь ичин ичин өнгөрүүлэв.

БҮХНИЙГ ТЭДНИЙ ТӨЛӨӨ

Дэлхийн II дайныг одоо хэр нь “Аугаа эх орны дайн” гэж телевизээр мэдээлсээр ахуйд Украинд түрэмгийлсэн Оросын талд Монголоос сайн дурын цэрэг татах болсон талаар зар сошиал орчинд түгэв. Монгол, Оросын Батлан хамгаалахын логог ашиглаж, албан бичиг хөтлөлттэй түгээсэн энэхүү өдөөн хатгалгыг жирийн нэгэн саваагүй этгээд гаргасан нь юу л бол. Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.БолдбаатарЦахим орчинд гарсан хуурамч мэдээлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид хор холбогдол гарах эрсдэлтэй учир эзэн холбогдогчийг заавал тогтоох шаардлагатай. Тус мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашигт нөлөөлөхүйц байна” гэж мэдэгдсэн бөгөөд тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсон. Монголчуудын хуваагдмал, талцсан, шар хүний өмнөөс хар хүн гэгчээр өөрсдийгөө үгүйсгэж, өрөөлийг дөвийлгөсөн үзэл бодол дээр гаднын этгээд ийнхүү тоглолт хийж байна. Гэтэл “Бүхнийг фронтын төлөө” гэж гэрийн эсгийгээ хүртэл зориулж асан монголчууд дэлхийн II дайнд Оросын талд үзүүлсэн тусламжаараа АНУ-ын дараа ордог байхад Ялалтын баяраар хоёрдугаар эгнээнд хойш суулгадаг нь тэдний тохуурхал. Хэрэвзээ тэрхүү зарыг таслан зогсоогоогүй бол Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн жагсагчдыг эсэргүүцэн гурил цацаж, туг, уриаг нь урдаг овилгогүй залуусын хэд нь цэрэгт татагдах байсан бол…

 ЭГИЙН ГОЛЫН ЭМГЭНЭЛ

Зохиол ёсоороо үргэлжилж байна уу гэлтэй амралтын өдрүүдэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг  эсэргүүцэгчид ээлжит эвлүүлгээ тараав.  Эрдэнэбүрэн, Эгийн голын станцын төслийн ажилд ямар нэгэн хэмжээгээр ахиц гарах болгонд эсэргүүцнэ. Ингэхдээ хэсэгхэн хүмүүсийн эрх ашгийг ярихаас биш монголчуудын том эрх ашгийг хэрхэв ч хөндөхгүй. Тэгэх тоолонд өөрсдийн бус харийн эрх ашгийг хамгаалахыг нь яана.

Ингэж төмөр зам, эрчим хүчний мега төслийг хойд хөршийг баримтлагчид гацаадаг. Төмөр зам, цахилгаан станцын асуудал яригдах болгонд малчид, хойд хөршийнхөн эсэргүүцдэг. Түүний гайгаар бид өмнөд хөрш рүүгээ нүүрс зөөх төмөр замаа өргөн царигаар барьж, хил дээр дахин сэлгэн ачих болчоод байна. Мега төсөл, хөтөлбөрүүд гацсаны гайгаар Монгол бусдаас шатахуун, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, валютын хамааралтай амьдарч байна. Хоёр хөрш маань хилээ хэдхэн хоног хугацаанд хаахад л манайд бараа, бүтээгдэхүүний үнийн савлагаа үүснэ. Ийнхүү хараат бус байдал биднийг бусдаас улам бүр хамааралтай болгосон төдийгүй хойд хөршийн газрын тосны үйлдвэр урсгал засвар хийхэд л Монголд тэг зогсолт хийх хэмжээнд хүрдэг бол урд хөршийн хил дээр жилийн өмнө гацсан бараагаа одоог хүртэл авч дуусаагүй л байна. Валютын нөөц хомсдсоноос хязгаар тогтоочихлоо.

…Гаднын улс орнуудад “Өнгөт хувьсгал” гэж нэрлэгдсэн үйл явдал л Монголд өрнөөд байх шиг. Ийм хувьсгалд бэлтгэхэд юуны өмнө засаглалд хүчтэй нөлөөлөх мэдээллийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлэх зорилгоор “эсэргүүцлийн” ажиллагаа зохион байгуулах чадвартай жагсагчид, тусгай бүлгүүдийг байгуулж, сургадаг технологитой. Ингэхдээ наад захын мэдлэг, туршлага эзэмшээгүй давхаргынхан, гаднын нөлөөллийн объект болж байдаг залуучуудыг нийгэм, улс төрийн цочролын гол хөдөлгөгч хүч болгон ашигладаг ажээ. Танил зураг харагдахгүй байна уу?!

Бид өөрсдөө ч мэдэлгүй “Оросын маамуу” болчихлоо. Үүнийг нь Оросоос Монголд суугаа Элчин ч соргогоор ашиглан, биднийг элэглэж, талцуулж сууна. Оросын байр суурийг хамгаалж, түүнийг нь үгүйсгэсэн хүн бүхэн рүү нулимдаг бүхэл бүтэн бүлэг этгээд бий болчихлоо. Үсээ хусч, зүсээ хувилгасан, гадны гар хөл болсон "утсан хүүхэлдэйнүүд" ч эрээ цээрээ алдлаа. Хэдий болтол бороо орох тоолонд Оросын маамууг дуудах вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж