Гадаадад хоёр тэрбумаар хийдэг эмчилгээг Монголд 120 саяар хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Гадаадад хоёр тэрбумаар хийдэг эмчилгээг Монголд 120 саяар хийнэ

Гадаадад хоёр тэрбумаар хийдэг эмчилгээг Монголд 120 саяар хийнэ

“Энэ амьдралд эрүүл явах л хамгийн чухал юм байна” гэж Д.Батзаяа шүүрс алдав. Тэр одоо 23 настай. Дурлаж, хайрлаж, сурч, хөдөлмөрлөж, дүүлэн нисэх үедээ цусны хорт хавдартай гэсэн онош сонссон түүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдаж явсан үе бий.  Харин тэрбээр одоо цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай давж, эрүүл саруул болох өдрөө хоног тоолон хүлээж байна.

Монголд түүний адил цусны хорт хавдраар шаналж яваа хүүхэд, залуус цөөнгүй.  Гадагшаа явж эмчлүүлэх мөнгөгүй л бол Монголдоо эмчлэх боломжгүй байсан цаг ард үлджээ. Учир нь Монголд анх удаа цусны үүдэл эсийг донороос шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар амжилттай хийлээ.

Д.Батзаяа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын байнгын хяналтад байгаа гэнэ. Түүний 14 настай төрсөн дүү нь үүдэл эсийн донор болжээ. Дүү нь үүдэл эс шилжүүлснээс хойш гурав хоног эмнэлэгт хэвтээд гарсан бол Д.Батзаяа 41 хоног хэвтэж эмчлүүлсэн аж.

ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ДАРХЛААНЫ ЭС УЧРААС ЗААВАЛ ДОНОРЫН ЭС САЙН ТОХИРСОН БАЙХ ЁСТОЙ

Цэргээс халагдаж ирээд удаагүй байхад бие нь өвдөж эхэлжээ. Тиймээс аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгснөөр анх 2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд цусны хорт хавдартай болохоо мэдсэн байна.  "Бие маань өнөөдөр алтан гартай эмч нарын ачаар овоо тэнхэрч байна. Үнэндээ өнгөрсөн хугацаанд надад гараа атгах ч тэнхэл байгаагүй. Цаашдаа эрүүл саруул болоод ихийг хийх хүсэл мөрөөдөл байна" гэж Д.Батзаяа ярив.

Цусны цочмог хавдраар оношлогдож, ердөө хоёр долоо хоногийн хугацаанд тухайн хүний бие эрс мууддаг. Маш хүнд өвчин. Ийм хүмүүст зайлшгүй донороос үүдэл эс шилжүүлж суулгах шаардлагатай.

Учир нь өөрийнх нь үүдэл эс бас өвчилсөн байдаг гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар тайлбарлав.

Цусны үүдэл эс нь цусны эсүүдийг үүсгэж буй хамгийн анхдагч эс аж. Хүн төрөхдөө тодорхой тооны үүдэл эстэй төрдөг. Амьдралын явцад тэдгээр эс нь цөөрч, өөрчлөгддөг бас хадгалагдаж үлддэг болохыг эмч тайлбарлалаа.

Хүний чөмгөний ясан дахь цусны үүдэл эсийг захын цус руу эмийн аргаар гаргаж ирнэ. Дараа нь эс шүүдэг аппаратаар шүүн авч, өвчтөндөө шилжүүлдэг. Гол нь донорын тохироо маш сайн таарсан байх ёстой аж.

Д.Батзаяагийн шинжилгээний сорьцыг БНСУ-руу илгээхэд 98 хувь хүртэл хувийн донорын эс давамгайлж, эмчилгээ амжилттай болсон гэх хариуг сонсчээ.

Элэг, бөөр гэх мэт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд нарийн тохироо шаардлагагүй. Гэхдээ цусны үүдэл эс өөрөө дархлааны эс учраас заавал донорын эс сайн тохирсон байх ёстойг эмч нар онцлов. Тэгэхээр хавдар болсон цусны эсүүдийг хими эмчилгээгээр устгасны дараа өөрийн болон донорын эрүүл үүдэл эсийг тухайн хүнд нь сэлбэдэг гэсэн үг. Ямар өвчний үед өөрийн үүдэл эсийг, ямар үед нь донорын үүдэл эсийг сэлбэх вэ гэдэг заалттай байдаг аж.

ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН ХООЛЫГ НЬ ХҮРТЭЛ АРИУТГАСАН ОРЧИНД ХИЙЖ, ТАСАГ РУУ ОРУУЛДАГ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхарт Үүдэл эс шилжүүлэн суулгах тасаг байрлана. Энэ тасаг бусад өвчтөний тасгаас онцлог.

Тус тасагт орвол тусгай вакумжуулсан, ариутгасан орчин угтав. Учир нь, цусны хорт хавдартай эмчлүүлэгч маш хүчтэй химийн эмчилгээ хийж, дархлаагүй болсон байдаг учраас гадаад орчны халдвараас урьдчилан сэргийлэх нь маш чухал.

Эмчлүүлэгчийн өрөө нь тусгай вакум орчинд байрлах бөгөөд хоолыг нь хүртэл ариутгасан орчинд хийж, тасаг руу оруулдаг байна.

Тус тасагт олон хүн зэрэг хэвтэн эмчлүүлэх боломжгүй гэнэ. Нэг өвчтөнд эмчилгээг маш сайн хийх шаардлагатай аж.  Тасаг 33 настай Б.Мөнгөнчимэг үүдэл эс шүүх аппаратад орсон байлаа. Тэрбээр  "Миний зүүн гар даагдахгүй өвддөг байсан. Тэгээд 2021 оны арванхоёрдугаар сард эмнэлэгт шинжилгээ өгөхөд цусны хорт хавдар оноштойгоо мэдсэн. Анх оношоо сонсоод их хүндээр хүлээж авч байсан. Одоо өвчин зовиур маань харьцангуй багассан"гэв. Үүдэл эс шүүх аппаратад 4-5 цаг орж байж тухайн эмчлүүлэгчийн үүдэл эсийг шүүж авдаг байна.

УЛСДАА 120-130 САЯ ТӨГРӨГӨӨР ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ, ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВРАХ БОЛОМЖТОЙ

Энэ төрлийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд 300 сая төгрөгөөс хоёр тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Тиймээс өртөг өндөртэй эмчилгээг улсдаа хямд өртгөөр буюу 120-130 сая төгрөгөөр хийж буй нь олон хүний амийг аврах боломжтой болж байна.

Уг эмчилгээг нэвтрүүлснээр манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг нэгээр цөөрсөн гэсэн үг болохыг эмч хэллээ.

Хүний биед цус очдоггүй эд, эс гэж байхгүй. Гэтэл цусны хавдар бүх биеэр эргэлдэж байгаа нь маш хоруу чанартай. Аль ч эрхтэнд очиж, ямар ч шинж тэмдэг илэрч болдог. Гэнэт цус алдах, дархлаагүй болж янз бүрийн халдварт өвчин тусах, цус багадаж, ямар ч тамир тэнхээгүй болдог гэх мэт шинж тэмдэг илэрдэг өвчин.

Сүүлийн үед цусны хавдар их оношлогдох болжээ. Улсын хэмжээнд жилдээ 50-60 цусны цочмог хавдартай шинэ тохиолдол, архаг хавдартай 150-160 хүн оношлогдож байна.

Нэг үеийг бодоход энэ хавдрын оношилгоо, эмчилгээ сайжирсан учраас өвчтөний амьдралыг уртасгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдсэн гэдгийг эмч нар хэлж байв.

Бидний идэж, ууж буй хоол хүнс, агаарын бохирдол, цацраг туяа зэрэг цусны хавдраар өвчлөхөд нөлөөлдөг.

"ЦУСНЫ ХАВДАР ОНОШ СОНССОН ХҮМҮҮС ЦААЗЫН ЯЛ СОНССОНТОЙ АДИЛ БАЙСАН"

Эрүүл мэндийн яамны бодлогоор Азидаа үүдэл эс шилжүүлэх суулгах эмчилгээгээр тэргүүлдэг БНСУ-ын католикийн “Гэгээн мария” эмнэлэг рүү давхардсан тоогоор 60 гаруй эмчийг сургасан байна. Эмч нараас гадна лаборатори, мэдээгүйжүүлэг, инженер техникийн эмч, ЭХЭМҮТ, Цусны төвийн эмч зэрэг 34 хүний бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлжээ.

Т.Баярмаа сувилагч 2015 оноос хойш чөмөг шилжүүлэх мэс заслын  чиглэлээр ажиллаж байгаа аж. Гэр бүлийнхэн нь эрүүл мэндийн салбарт ажилладаг учраас сэтгэл зүрхээ дагаж энэ мэргэжлээ сонгосон тухайгаа ярьж байлаа.

Тэрбээр"Энэ тасагт ариун өрөөнд ганц эмчлүүлэгчид сувилахуйн тусламж үзүүлдгээрээ онцлог. Ер нь сувилагч хүнээс маш их нарийн мэдрэмж шаардсан ажил гэж хайрлаж явдаг" гэв.

Энэ багийн гишүүн, Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга С.Мядагсүрэн 2009 оноос хойш цусны эмчээр ажиллаж буй. Тэрбээр "Нэн шинэ салбар учраас цусны эмч мэргэжлийг сонгосон. Үрэвсэлт өвчнүүдийг эдгээсний дараагаар үр дүнг нь ярьдаг бол хорт хавдар өвчний үед амь насыг нь уртасгах эмчилгээг хийдэг гэдгээрээ онцлог. Ер нь цусны архаг хавдар 40-өөс дээш насныханд, цочмог хавдраар ихэвчлэн залуу хүмүүс оношлогддог" талаар ярьсан юм.

УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал:

-Дээх нь үед цусны хавдар онош сонссон хүмүүс эмчилгээгүй, цаазын ял сонссонтой адил байсан. Анагаах ухаан хөгжиж ирэхийн хэрээр эмчилгээний шинэ аргууд нэвтэрч, үр дүн нь сайжирч байна. Маш өндөр тунгийн хими эмчилгээ хийж хүний эсийг байхгүй болгоод эргэн сэргээхдээ эрүүл эсийг нь сэргээнэ гэсэн үг.

Сүүлийн үед цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Бид 2011 оноос энэ төслөө хэрэгжүүлж, 2013 оны эхээр анхны үүдэл эс шилжүүлэн суулгах нэгжийг байгуулсан юм.

Тэгээд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах лабораторийн аппаратуудыг нь авч, эмчилгээгээ эхэлсэн байдаг. Бид 2014 оны хоёрдугаар сард анхны тохиолдолд эмчилгээгээ хийж байсан. Тэрнээс хойш өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны архаг хавдартай 27 хүнд хийсэн. Бас цусны хурц явцтай нэг хүнд энэ эмчилгээг хийсэн. Энэ эмчилгээг хийхэд цаг хугацаа их шаарддаг бөгөөд багадаа 2-3 сарын хугацаанд үргэлжилдэг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж