УИХ-ын ээлжит бус чуулганаар УИХ-ын байнгын хороодын дарга нарыг сонгосон. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгосон юм. Тэрбээр өчигдөр /2022.09.19/ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд АТГ-д ажилласан байна. Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа бэрхшээлийг танилцуулжээ.
Хариуд нь Л.Мөнхбаатар гишүүн авлига, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх, авлигын хор хөнөөлийг сурталчлан таниулах ажлыг хүүхэд ахуй цагаас нь ойлгуулах, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах нь авлигатай тэмцэхэд үр дүнтэйг онцолж, “Транспарэнси интернэшнл” авлигын эсрэг олон улсын иргэний нийгмийн эвслээс гаргадаг Авлигын төсөөллийн индексээр манай улс тодорхой ахиц гаргахгүй байгаа шалтгаан, нөхцөлийн талаар ярилцсан байна.
Үүнээс гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, УИХ-д өргөн бариад байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэх асуудлаар санал солилцжээ.
Эргэн сануулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг өмнө нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт хашиж байсан бол ээлжит бус чуулганаар МАН-ын Удирдах зөвлөлөөс "шинэ" гишүүдийг байнгын хорооны даргаар томилсон юм. Тиймээс шинэхэн байнгын хороодын дарга нар УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө ажилтайгаа танилцаад байна.
Л.Мөнхбаатар гишүүний хувьд 2016 оноос парламентад сонгогдсон ч чуулганы танхим, байнгын хороодод тэр бүр үг хэлдэггүй, олон нийтэд танигдаагүй гишүүдийн нэг юм.
Холбоотой мэдээ