"Зарим нойрны эм донтолт үүсгэх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

"Зарим нойрны эм донтолт үүсгэх эрсдэлтэй"

"Зарим нойрны эм донтолт үүсгэх эрсдэлтэй"

“Bettermind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч М.Мандахаас нойргүйдэл өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тодруулаа.

-Бараг хүн бүр нойргүйдлийн асуудалтай болжээ. Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Нойргүйдэл үүсэх гурван үндсэн шалтгаан байдаг. Нойргүйдлийн талаар ярихаас өмнө хэвийн нойр гэж юу болох талаар ойголттой байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд шөнөдөө 6-8 цаг унтаад, өглөө амарсан сэрвэл хэвийн нойртой байна гэж үздэг. Тиймээс нойргүйдэл нь ихэнх тохиолдолд стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, ядаргаа зэрэг шалтгаанаар үүсэх тохиолдол ихэнх хувийг эзэлдэг. Хоёр дахь шалтгаан нь архаг нойргүйдэл буюу нойргүйдлийн эмгэг юм. Энэ нь тухайн хүн анхнаасаа нойрондоо муу буюу шөнөдөө 3-4 цаг унтаад ч ядардаггүй хүмүүс байдаг. Ер нь нойрны хэрэгцээ багатай хүмүүс. Ихэвчлэн 10-20 жил бага цагаар унтсан хүмүүс байдаг. Гурав дахь шалтгаан нь биеийн өвчин эмгэгээс шалтгаалсан нойргүйдэл байна. Хамгийн бага тохиолддог нь архаг нойргүйдэл буюу биеэ даасан эмгэг, өвчин ордог.

-Нойргүйдэл ямар ч шалтгаангүйгээр үүсэх боломжтой юу?

-Энэ нь нойргүйдлийн архаг эмгэгийг хэлж байгаа юм. Үүнд органик бус нойргүйдэх эмгэг гэсэн онош тавигддаг. Энэ онош нь сэтгэлийн ямар нэгэн зовуурь болон биеийн өвчнөөс шалтгаалдаггүй.

-Өөрийгөө нойргүйдэлтэйг хэрхэн мэдэх вэ?

-6-8 цаг унтахдаа сэрэхгүй, зүүд зүүдлэхгүй, нойрондоо ханасан байвал хэвийн нойртой байна гэсэн үг. Нойргүйдэл гэдэг нь ерөнхийдөө бага цаг унтах, унтаж байгаа ч шөнө тасралтгүй зүүдлэх, орчны дуу чимээг сонсдог буюу унтах, сэрүүн байх хоёрын дунд байх юм. Мөн унтаж сэрэхэд унтсан юм шиг мэдрэмж төрөхгүй, булчин шөрмөс зангирах гэх мэт шинж тэмдэг илэрвэл нойргүйдэлтэй гэж өөрийгөө тодорхойлж болно.

-Нойргүйдэлд насны хязгаар бий юу?

-Нярай хүүхдээс өндөр настан хүртэл нойргүйдэлд өртөх магадлалтай. Насны хувьд ямар шалтгаантай нойргүйдэлд өртөж байна вэ гэдгээрээ ялгаатай байна. Тиймээс нойргүйдэл ямар ч хүнд тохиолдож болно.

-Нойргүйдэл нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?

-Хүн хэвийн физилиогоороо өглөө сэрэхэд амарсан, өдөрт хийх ажлуудаа хийх эрч хүчтэйгээр өдрийг өнгөрүүлдэг. Тиймээс өдрийн турш бие болон сэтгэлдээ авсан ачаалал шөнийн цагаар багасч, нойрсох үед тархи, сэтгэл, бие амарч байдаг. Нойр нь бидний цэнэглэгч тул өмнөх өдөр нь бид нойроо авдаг. Товчхондоо нойроо сайн аваагүйгээс болж стресст өртөмтгий болно. Ингэхдээ уурладаггүй байсан зүйлдээ бухимддаг болох, гомдхооргүй зүйлдээ амархан гомддог болох зэргээр эмзэг, мэдрэмтгий болдог. Үүний улмаас мэдрэлийн архаг ядаргаанд өртөх магадлалтай. Хүмүүсийн дунд хэд хоног унтахгүй байхаар солиордог гэсэн яриа байдаг. Гэвч нойргүйдэл бүхэн солиорох эмгэг үүсгэдэггүй.

-Нойргүйдэлд хүрсэн хүмүүс нойргүйдлийн эм ихэнхдээ уудаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүмүүс ямар нэгэн эмч дээр очоод нойргүйдлийн шалтгааныг тодруулалгүйгээр шууд нойрны эм ууж эхэлдэг. Зарим нойрны эм донтолд үүсгэх эрсдэлтэй байдаг.

-Нойргүйдлийг хэрхэн эм бэлдмэл хэрэглэхгүйгээр эмчлэх вэ? Хэр их хугацаа шаардагдах вэ?

-Нойргүйдэл нь бусад өвчин эмгэгтэй адил хөнгөн, архаг, дунд гэсэн зэрэгтэй байдаг. Нойрны хямрал байгаа бол сэтгэл засалч, сэтгэцийн эмчид хандсан нь зөв. Сэтгэцийн эмчид үзүүслнээр энэ нь зүгээр стрессийн гаралтай юу, архаг хэлбэрийн нойргүйдэл эсэх дээр шалтгааныг тогтоодог. Ингээд шалтгааны хамт нойргүйдлийг илрүүлдэг.

-Хэзээ эмчид хандах ёстой вэ?

-Нойргүйдлийн шинж тэмдэг илэрч л байвал удаан хүлээлгүйгээр эмчид үзүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нойр ханамжгүй байвал сэтгэл засалч, сэтгэцийн эмч дээр очих нь зөв. Харин хүмүүс нойргүйдэл гэхээр мэдрэлийн эмчид үзүүлдэг. Гэтэл нойргүйдэл гэх оношийг сэтгэцийн эмч тавьдаг онош юм. Хүмүүсийн дунд буруу ойлголт байдаг. Солиорчихсон хүмүүс буюу хүнд шатны хүмүүс сэтгэцийн эмчид үзүүлдэг гэж боддог. Гэвч стресс, сэтгэл санааны хямрал, нойрны болон түр зуурын зүйлүүдийг бүгдийг нь үздэг хүмүүс сэтгэцийн эмч нар юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж