Очир эрдэнийн зах зээлийн нууцлаг хэлэлцээр

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Очир эрдэнийн зах зээлийн нууцлаг хэлэлцээр

Очир эрдэнийн зах зээлийн нууцлаг хэлэлцээр

Эрдэнийн чулуу дундаа хамгийн тансаг, гоёмсог нь алмааз буюу очир эрдэнэ. Энэхүү үнэт чулуу эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлгэдэхийн зэрэгцээ уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хүч өгдөг гэдэг. Орос, Украины дайны уршгаар тус тансаг эрдэнийн зах зээл ч донсолж эхэлжээ.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээний улмаас очир эрдэнийн зах зээл хоёр хуваагдаж, нууцлаг хэлэлцээр хийгдсээр байгаа  тухай мэдээллийг онцолж байна.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, улс орнууд Оросын очир эрдэнэ олборлогч “Алроса” компанийн эсрэг хориг арга хэмжээ авсны хойш дэлхийн үнэт чулууны зах зээл тодорхой хэмжээгээр хумигдах болжээ. Өнөөдрийн байдлаар зах зээл дээр жижиг, хямд үнэтэй очир эрдэнэ хомс байгаа бөгөөд “Tiffany & Co”, "Signet Jewelers" зэрэг үнэт эдлэлийн томоохон компаниуд алдагдалд орж эхэлсэн байна.

Үнэт чулууны зах зээлд оролцогчид Оросын компанитай хамтран ажиллахаас татгалзаж, “Алроса”-гийн өрсөлдөгч болох “De Beers”-тэй түншлэх болжээ. Гэвч агентлагийн эх сурвалжууд “De Beers”-д борлуулах түүхий эд бага үлдсэнийг тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ Бельги, Энэтхэгийн компаниуд “Алроса”-гаас очир эрдэнэ таатай нөхцлөөр, нууцаар худалдаж авсаар байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Гэвч энэ талаар Оросын компани ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа тул түүнийг батлах боломжгүй аж. Энэтхэгийн компаниуд болон ОХУ-ын хооронд хийгдсэн гүйлгээ нь Оросын үнэт чулуу барууны зах зээл дээр гарч байх магадлалтайг харуулж буй юм байна. Тус агентлаг Оросын түүхий эд арван худалдан авагчийн сүлжээгээр дамжиж байна гэж мэдэгджээ.

ОХУ-аас гарсан Америкийн компаниуд Туркээр дамжуулан Оросын талтай нууцаар худалдаа хийхийг оролдож байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байв.

Өдгөө ч АНУ-ын компаниуд Оросын нефть химийн бүтээгдэхүүн, эрдэс түлш, үнэт металл, чулуу, түүнчлэн үр тариа, төмөр, ган, бордоо, архи зэрэг бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг илүүтэй сонирхсон хэвээр байгаа аж.

Сар бүр хэдэн зуун сая ам.доллараар үнэлэгдэн зарагддаг Оросын очир эрдэнийг нууцаар борлуулж буй нь Мумбай дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, улмаар Нью-Йоркийн Тавдугаар өргөн чөлөөн дэх тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд хүртэл үргэлжилсэн дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж буй талаар “Japan times” мэдээлжээ.

ОХУ Украинд довтолсонтой холбоотойгоор уул уурхайн акул "Алроса" АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөний дараа тус салбарын олон хүн Оросын үнэт чулууны наймаанаас татгалзсан байна. Гэвч Энэтхэг, Бельгийн цөөн хэдэн худалдан авагчид ашигтай нөхцлөөр их хэмжээний худалдан авалт хийж, өөрт хэрэгтэй очир эрдэнээ сонгох боломжтой хэвээр байгаа аж.

Очир эрдэнийн ертөнцөд хэлэлцээр нууцлаг бөгөөд чимээгүйхэн явагдаж буй талаар “Japan times” мөн онцлов.

Сануулахад, АНУ-ын Сангийн яам энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын очир эрдэнэ үйлдвэрлэгч “Alrosa” компанид хориг тавьснаар дэлхийн хэмжээнд очир эрдэнийн нийлүүлэлт 30 хувиар буурах төлөвтэй болсон талаар "Bloomberg" онцолж байв. Хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын компаниудыг “Alrosa”-гаас худалдан авалт хийж, хамтран ажиллахыг хориглосон билээ.

Үүнээс өмнө “Tiffany & Co” болон “Signet Jewelers” компаниуд ОХУ-д олборлосон очир эрдэнэ худалдан авахгүй гэж мэдээлсний зэрэгцээ Их Британи, Европын Холбоо тус компанид хориг тавьсан.

ОХУ-ын очир эрдэнийн экспорт 2021 онд 4.5 тэрбум ам.долларт хүрчээ. Тус улсын уул уурхай, эрчим хүчний бус экспортын эхний аравт очир эрдэнийн экспорт ордог.

“Alrosa” компани ОХУ-ын очир эрдэнийн үйлдвэрлэлийн 90 хувь, дэлхийн хэрэглээний 28 хувийг хангадаг байна.

2022 оны дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн том хөх очир эрдэнэ Хонконг дахь “Sotheby’s” дуудлага худалдааны төвд дуудлага худалдаагаар 450 сая хонконг.доллар буюу 57.5 сая ам.долларын үнэ хүрч зарагдсан билээ.

Энэхүү ховор очир эрдэнийг Өмнөд Африкийн “Cullinan” уурхайгаас 2021 онд олборлосон бөгөөд өнгөт очир эрдэнийн хамгийн өндөр зэрэглэлд багтжээ. “Sotheby’s”-ийн мэдээлснээр, Америкийн Гемологийн хүрээлэн үүнийг “тансаг тод хөх” очир эрдэнийн ангилалд оруулсан нь хөх очир эрдэнийн нэгээс хэтрэхгүй хувийг эзэлдэг өнгө аж.

“The De Beers Cullinan Blue” нэртэй энэхүү чулууны эцсийн үнэ 57 471 960 ам.долларт хүрснээр хамгийн үнэтэй хөх очир эрдэнэд тооцогддог “Oppenheimer Blue” чулууныхаас (2016 онд 57 541 779 ам.доллараар худалдаалагдсан) 70 мянга хүрэхгүй ам.доллараар дутжээ.

МОНГОЛООС МАШ ЖИЖИГ, ЦӨӨН ТООНЫ ОЧИР ЭРДЭНЭ ОЛДЖЭЭ

Шинжлэх ухааны акамдемиас мэдээлснээр, Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгаагаар маш жижиг, цөөн тооны очир эрдэнэ олджээ. Үүнээс гадна Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн очир эрдэнийн илэрц олдсон аж. Монголын нутагт мэдэгдээд буй солирын дөрвөн тогтоог судалж, очир эрдэнэ байгааг илрүүлжээ.

Доктор Д.Доржнамжаа Монголд очир эрдэнэ байгааг ажиглан, солирын цохилтоос гурван газар очир эрдэнийн илэрц буйг тогтоожээ. Энэ талаар дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэдээлж байв.

Тэрбээр “Өмнө нь очир эрдэнэ олдсон газруудаас дээж авч, гадаад руу явуулж судлуулж байсан. Маш жижиг ширхэгтэй байсан. Гэхдээ энэ нь газрын өнгөн хөрснөөс авсан дээж.

Гүн рүү авсан зураг арай өөр, очир эрдэнийн илэрц томоор гарч ирэх магадлал өндөр. Хэрэв их хэмжээгээр олдвол, энэ нь дэлхийн хэмжээний нээлт болж, эдийн засгийн ач холбогдолтой үйл явдал болно” гэж хэлсэн билээ.

Дэлхийд очир эрдэнийг анх 4000 гаруй жилийн тэртээ Энэтхэгийн Голкондо мужийн голын эргээс олж нээсэн түүхтэй аж. Жинхэнэ очир эрдэнэ рентгенээр харагддаггүй гэдэг. Дэлхий дээр олддог очир эрдэнүүдийн дийлэнх нь 1-3 тэрбум настай бөгөөд 80 хувь нь гоёл чимэглэлийн зүйл хийхэд тохиромжгүй байдаг байна.

Эх сурвалж: BLOOMBERG, JAPAN TIMES, INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж