“Иргэд цахилгааны хэт хэрэглээгээ хязгаарлавал өвлийг асуудалгүй давна”

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

“Иргэд цахилгааны хэт хэрэглээгээ хязгаарлавал өвлийг асуудалгүй давна”

“Иргэд цахилгааны хэт хэрэглээгээ хязгаарлавал өвлийг асуудалгүй давна”

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани /УБЦТС/-ийн Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах инженер П.Амартайвантай цахилгаан, эрчим хүчний хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Covid-19-өөс шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахилгааны төлбөрийн алданги тооцохгүй байх, айл өрхийн цахилгааны төлбөрийг төр даах зохицуулалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэн энэ үед өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ямар шатанд явж байна вэ?

-"УБЦТС" ТӨХК-ийн хувьд 450 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж ажилладаг. Бидний хувьд хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тогтмол хангах хүрээнд гуравдугаар сарын 1-нээс эхлэн төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж эхэлсэн. Ирэх аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ямар нэгэн байдлаар таслахгүйгээр, 24 цаг хангах бүхий л бэлтгэл ажил, төлөвлөгөөт засварууд дуусна.

Бүх шугам сүлжээний урсгал засварын ажлууд өнөөдрийн байдлаар 100 хувь дууссан. Одоо хөрөнгө оруулалт, төлөвлөгөөний цөөн хэдэн ажлууд үлдэж, хийгдээд явж байна.

Эдгээр ажлууд ирэх долоо хоногт дуусах төлөвлөгөөтэй байна.

-Төлөвлөгөөт урсгал засваруудын хувьд төсөв санхүү хүрэлцээтэй байж чаддаг уу?

-Эрчим хүчний шугам сүлжээний засвар шинэчлэлт, тоноглолтын ажлыг батлагдсан төсвөөр бүрэн хийх ямар ч бололцоо байхгүй. Шинэчлэх, дахин солих зэрэг тоноглолыг аль болох хугацаат засварт оруулдаг. Урсгал засварын хувьд мэдээж батлагдсан төлөвлөгөөт мөнгөний хэмжээнд ажлуудаа бүрэн хийгээд явж байyа.

Манай шугам тоноглол хуучралт ихтэй. 30-40 хувь нь үндсэн элэгдлийн өртөггүй болсон хуучин тоноглолтой.

Элэгдлийн өртөггүй болно гэдэг тоноглолын ажлууд хоцрогдолтой, засвар шинэчлэлт хийхэд хүндрэлтэй гэсэн үг.

-Тоног төхөөрөмжийн элэгдлээс гадна хэрэглэгчдийн ачаалал хэт нэмэгдсэн гэлээ. Энэ тохиолдолд гарч буй алдангийг нөхөн төлөх зохицуулалттай юу?

-Сүүлийн 2-3 жилд цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсч байна. Урьд жилүүдэд хэрэглэгч гэртээ өвөлждөг байсан бол 2020-2021 онд зуслангийн чиглэлд гарч өвөлжих нь ихэссэн. Мөн Засгийн газраас гаргасан үнэ тарифын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрийн дагуу халаагуурын хэрэглээ нэмэгдсэн. Энэ нь нэг талаар тоноглолын ачааллыг нэмж, хэт ачаалал нь хуучрал үүсэхэд мөн нөлөөлж байна.

Тиймээс энэ жил эдгээр нөхцөл байдлыг харгалзаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр аль болох тасалдуулахгүй байхад анхаарч байна.

Мөн өвөл гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аваарийн нөөцүүдээ бэлдэж, гарч болох эрсдэлүүдийг богино хугацаанд засах ажлыг ерөнхийд нь зохион байгуулж байна. Нөөц бүрдүүлэлтэд сэлбэг, нөөцийн бүрдүүлэлт хамаарна. Ямар нэгэн саатал гарлаа гэхэд тухайн цэгт түргэн шуурхай засвар хийхэд нөөц бүрдүүлэлт бол хамгийн чухал.

-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн аль бүсийн хэрэглэгчдийн ачаалал их нэмэгдсэн бэ?

-Зуслангийн чиглэлүүд болох Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Зүүн салааны чиглэл, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд хэсгийн айл өрх, Яармаг орчмын хэрэглэгчдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ялангуяа Хан-Уул дүүргийн Яармагийн бүсэд шинэ суурьшил бий болж байгаатай холбоотой ачаалал жил ирэх бүрд өсч байна. Дээрээс нь Баянзүрх дүүргийн Гачууртын бүсэд хэрэглээ маш өндөр байна.

Тэгэхлээр ачааллыг сааруулахын тулд шугамын хөндлөн огтлол хийх, хэрэглэгчдийг хуваах, ачааллыг шилжүүлэх ажлыг хийж байна.

Ачааллыг сааруулах хүрээнд 2022 онд зуслангийн чиглэлийн хэт ачааллыг Дарь-Эхээс Сэлбэ станц руу шилжүүлсэн. Мөн хотын төвийн үндсэн хэрэглээг хангадаг Туул дэд станц, Налайх дэд станц зэргийн ачааллыг Дүнжингарав станц руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчинд ямар нэгэн саатал учрахгүй байх аюулгүй байдал хангагдана.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ энэ жил хэрэглэгчдийг цахилгаанаар тасалдуулахгүйн тулд шаардлагатай нөөцийг Оросоос бүрэн авах боломжтой гэсэн. Энэ үнэн бол хэрэглэгчдийг цахилгаанаар хангахад өвөл ямар ч асуудал үүсэхгүй гэж ойлгож болох уу?

-Энэ бол үндсэн системийн хэмжээний хэрэглээг ярьж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хэрэглээг дотоодын эх үүсвэрүүд бүрэн хангах боломжгүй. Тиймээс шаардлагатай чадлын дутагдлыг Оросын системээс авдаг. Үүнийг бид 340 мКв хүртэл хүчин чадлаар авна. Хэрэв үүнээс ихийг авбал хязгаарлах зохицуулалт хийгдэнэ гэсэн үг. Тэгэхлээр хэрэглэгчийн зах замбараагүй байдлаас үүдсэн нөхцөл байдал гарах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй ч "УБЦТС" ТӨХК-ийн хувьд ямартай ч хэрэглэгчдийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

-Ачаалал нэмэгдэхээс гадна эсрэгээрээ нийслэлийн хэмжээнд тог цахилгаангүй хэчнээн өрх байгаа вэ? Ирэх жилүүдэд эдгээр өрхийг эрчим хүчээр хангах боломжтой юу?

-2021 оны байдлаар цахилгаангүй нийт 12 мянган айл өрх байна гэх статистик бий. Бид Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарч тухайн бүсүүдийн ажлын зураг, холбогдох судалгаа мэдээлэл гаргасан.

Энэ жил нийт 25 тэрбум төгрөгөөр есөн мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг улсын төсөвт оруулж батлуулсан.

Гэхдээ ажлын гүйцэтгэл ямар шатанд байгааг ЭХЯ-наас авах боломжтой. Үлдсэн гурван мянган айл өрхийн тухайд ирэх оны төсөвт суулгах тал дээр "УБЦТС" ТӨХК-иас холбогдох газруудад саналаа хүргүүлсэн.

-Хэрэглэгчдийн хувьд юуг анхаарах вэ?

-2020, 2021 онд цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотой хэрэглэгчийн замбараагүй хэрэглээ бий болсон. Энэ нь шугам техникийг муутгах, нэг хэрэглэгчээс хамаарч бусад хэрэглэгч тоггүй болох эрсдэл үүсч байсан. Тэгэхээр иргэд хэрэглээндээ хязгаартай хандаж чадвал өвлийг давахад цахилгаан эрчим хүчний хувьд ямар ч асуудалгүй.

 

 

 

Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж