Артерийн даралтаа хянаснаар аюулаас өөрийгөө сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Артерийн даралтаа хянаснаар аюулаас өөрийгөө сэргийлнэ

Артерийн даралтаа хянаснаар аюулаас өөрийгөө сэргийлнэ

Халдварт бус өвчин хүн амын нас баралтын том шалтгаан болж буй нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг нэг юм.  Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт дурдсанаар, хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж, үүний дотор гурван хүний нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчин, дөрвөн хүний нэг нь хавдар, таван хүний нэг нь гэмтэл хордлого, гаднын шалтгааны улмаас амиа алдаж байна. Гэхдээ үүнээс өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалах боломж бий.

Тэр дундаа сүүлийн таван сард эрт илрүүлэгт хамрагдах иргэд цусны даралт ихэсч байгаагаа мэдэх, зүрхний эмчийн зөвлөгөө авах нь эрс өсчээ. Энэ нь нэг талаар монголчууд эрүүл мэнддээ анхаардаг болж буйн илрэл. Гэвч хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа болоод иргэд өвчин нь хүндэрсэн, эсвэл цусны даралт ихсэх өвчнөөр өвдсөн хойноо оношлуулж, эмийн болон бусад эмчилгээнд орох тохиолдол цөөнгүй.

Улсын хэмжээнд зүрх судасны төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг цорын ганц эмнэлэг бол П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг. Тус эмнэлэг өдөр бүр тогтмол 45-60, сард дунджаар 1500 гаруй хүнд амбулаторийн болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг аж. Ингээд тус эмнэлгээс хийсэн сурвалжлагаа хүргэе.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдах иргэд эмчээс зөвлөгөө мэдээлэл авч, насны бүлэгт хамаарах багцын шинжилгээ өгөхөөр цаг товлоно. Өглөө эрт, амбулаторийн үзлэгийн дугаар олгох хэсэгт, Сонгинохайрхан дүүргийн иргэн Баярхүү эрт илрүүлэгт хамрагдахаар угтах ажилтнаас мэдээлэл авч байлаа. Түүний хувьд Covid-19-өөр хоёр удаа өвдсөнөөс хойш даралт нь хэлбэлздэг болжээ. Тиймээс зүрхний эмчээс зөвлөгөө авах, зарим нэг шинжилгээ өгөх хүсэлтэй яваагаа хэлэв.

Эмнэлгийн зөвлөх ажилтан түүнд 18-36 насны эрт илрүүлгийн багц санал болголоо. Энэ багцад биохими, цус, шээсний ерөнхий шинжилгээ, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ, хепатитийн B, C, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, эмчийн үзлэг, асуумж, эрсдэлийн үнэлгээ, зөвлөмж, дүгнэлт зэрэг шатлалын дагуу эрт илрүүлгийн бүхий л тусламж багтжээ. Бусад иргэд ч насны дөрвөн бүлгийн дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэг болон харъяа дүүргийн эмнэлэгт ийнхүү эрт илрүүлэгт хамрагдах боломжтой. Өнгөрсөн таван сарын хугацаанд УГТЭ-т 4000 гаруй хүн тус үзлэгт хамрагджээ.

Статистик мэдээллээс харвал 5-9 дүгээр сард эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүмүүсийн 40 хүртэлх хувь цусны даралт ихсэлттэй, 10 гаруй хувьд цусны даралт ихсэх өвчин шинээр оношлогдсон байна.

ЗАЛУУЧУУД ЗОВУУРИА ҮЛ ОЙШООЖ БАЙГАА НЬ ӨВЧЛӨЛ ХҮНДРЭХ ЭРСДЭЛ БОЛДОГ

Цусны даралт ихсэх өвчин өвөрмөц зовиургүй ч харамсалтай нь иргэдийн дунд жил ирэх бүр залуужиж байгаа учраас 18, 20 настай гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах нь чухал аж. Залуучууд зовууриа үл ойшоосноос болж дараагийн шатлалд хамаарах, хүндрэх эрсдэлтэй болохыг нарийн мэргэжлийн эмч анхаарууллаа.

УГТЭ-ийн Зүрх судасны тасгийн их эмч Д.ЕРКЕЖАН зөвлөхдөө 

-Цусны даралт нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал. Монголчуудын хувьд насанд хүрэгчдийн 40 хувь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа байдаг. Хэрэв цусны даралт ихсэх өвчнөө эмчилж, хянахгүй орхивол зүрхний алдагдал, бөөрний өвчлөл улмаар дутагдалд орох, зүрхний шигдээс, тархины харвалтаар өвдөж хөдөлмөрийн чадвар алдах, амь нас эрсдэх аюултай.

Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин залуужиж байгаа нь иргэдийн хайнга байдлаас их шалтгаалж байна. Залуучууд ихэвчлэн биед нь ямар нэгэн зовиур илэрсэн ч үл тоож байгаа нь халдварт бус өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог. Тухайлбал, толгой өвдөх, шилэн хүзүү хөших, нүдний өмнүүр цагаан зураас татах, оч гялалзах, гуйвж дайвах зэрэг шинж тэмдэг, зовиур ажиглагдаад байгаа мөртлөө толгойн эм уугаад, тоохгүй орхидог.

Үүнээс гадна даралт ихэсдэг 130, 140-өөс огт буудаггүй. Үүндээ дасчихсан, энэ бол хэвийн гэх хандлагатай хүн мөн их бий. Гэхдээ эдгээр зовиурын алийг нь ч үл тоож болохгүй.

Иргэд эрүүл мэндийн боловсрол тааруу, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авдаггүйгээс анхаарал, хайхрамж муу байна. Тиймээс эрт илрүүлэг сүүлийн жилүүдэд, тэр дундаа цар тахлын нөхцөл байдлаас хамаарч ач холбогдол өндөр байгаа юм.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн тухайд залуужихын хэрээр шалтгааныг Covid-19-өөр өвдсөн, мөн вакцинтай шууд холбож ярьж байна.

Даралт ихсэлт залуужиж байгаа гол асуудал бол амьдралын буруу хэв маяг, стресс, хорт зуршил зэрэг юм. Иймд иргэд өөрсдөө эрүүл мэндийн боловсролдоо анхаарч, өдөр тутмын амьдралын хэв маягаа зөв болгосноор даралт ихсэх өвчнөөс сэргийлж чадна" гэлээ.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ТОХИОЛДЛУУДАД ТАРХИНЫ ХАРВАЛТ, ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

УГТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэг хэлэхдээ “Монголын хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд 1990 оноос хойш зүрх судасны шалтгаант эмгэгүүд тогтмол тэргүүлж, өвчлөлийн гуравдугаарт буюу нийт өвчлөлийн 11.1 хувь, нас баралтын 31.2 хувийг эзэлж байна. Уг өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины харвалтын тохиолдлын тоо ч буурахгүй байгаа юм.

2021 онд 10 мянган хүнд хамаарах зүрх судасны өвчлөл 936 болж ихэссэн нь сүүлийн арван жилийн дунджаас 128-аар илүү байна. Дэлхийн түвшинд ч Монгол Улс зүрх судасны өвчлөлийн нас баралтаар хол тэргүүлж буй гурван улсын нэг болсоор байгаа нь харамсалтай" гэв.

Сүүлийн жилүүдэд артерийн даралт ихсэлтийн улмаас тархинд цус харвах, зүрхний шигдээсээр өвчлөх тохиолдлын тоо улам нэмэгдсэн. Мөн артерийн даралт ихсэлттэй олон жил эм ууж байгаа болон даралт ихсэлтээ мэдэхгүй, мэдсэн ч эмчийн хяналтад орж зөвлөгөө авдаггүй, өөрөөр хэлбэл хяналтгүйгээс цус эрхтэн тогтолцооны архаг өвчтэй болсон, зүрх, бөөрний дутагдалд орсон үедээ оношлогдох нь цөөнгүй аж. Иймээс эрт илрүүлгээр илэрсэн цусны даралт ихсэх өвчтэй шинэ тохиолдлуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн эрсдэлийн үнэлгээ хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж, цаашид хяналтад авах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаагаа С.Наранцэцэг эмч хэллээ.

Гадаадын улс оронд хүмүүс улсын эмнэлэгт үзүүлэхдээ ихэвчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Харин Монгол Улсад өвдсөн, биеийн байдал хүндэрсэн иргэд л улсын эмнэлгээр үйлчлүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ жилийн хувьд улсын хэмжээнд эрт илрүүлгээр дамжуулан ийнхүү иргэдийн эрүүл мэндэд анхаарч байгаад хүмүүс сайшаалтай хандаж байлаа.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ЧУХАЛ

Цусны даралт ихсэлт хүндэрч, тархины харвалт, зүрхний шигдээс болох эрсдэлээс хамгаалах гол хүчин зүйл бол урьдчилан сэргийлэлт. Бид халдварт бус өвчнөөр өвдөж, хүндрэхгүйн тулд юуг анхаарах вэ?

Мэргэжлийн эмч нарын өгч байгаа мэдээллээр, анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр төрлийн даралт ихсэлт байдаг. Анхдагч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүй байдаг бөгөөд олон төрлийн эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг. Хоёрдогч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаантай, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Үүнд:

  • Буруу хооллолт
  • Хөдөлгөөний дутагдал, таргалалт
  • Амьдралын буруу хэв маяг
  • Архи, тамхины хэрэглээ
  • Стресс гэх мэт багтана.

Хэрэв даралт ихсэх өвчин оношлогдсон бол өвчтөнд амьдралын зөв хэв маяг, шаардлагатай бол даралт бууруулах эмийг эмч зөвлөдөг байна.

Гол нь даралт бууруулах эмийг насан туршдаа өдөр бүр, тогтмол цагт хэрэглэх нь үр дүнтэй аж.

Эм нь таараагүй тохиолдолд эмчид хандан эмээ сольж, өөрт тохирох эмийг сонгон хэрэглэх нь зүйтэйг ч эмч нар хэлж байлаа. Цусны даралтыг хянахын тулд эрүүл хооллож, давс бага хэрэглэж, жимс ногооноос шим тэжээлээ авч, кофе, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах ёстойг мөн эмч нар зөвлөлөө.

Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж