Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Азийн "усны дайн"

Азийн "усны дайн"

АНУ-ын Техасын их сургууль болон Хятадын Цинхуа их сургуулийн эрдэмтдийн баг саяхан хуурай газрын усны нөөцийн талаарх нэгэн чухал судалгааг нийтлэв. Уг судалгаагаар Хятадын Чинхай-Төвдийн өндөрлөг дэх хуурай газрын усны нөөц 2060 он гэхэд мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгааг тогтоожээ. Судалгаанд зориулж Амударья, Инд, Ганга-Брахмапутра, Салвин-Меконг, Янцзы, Шар мөрний сав газрын системд дүн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр “Азийн усан цамхаг”, “Дэлхийн дээвэр” гэж нэрлэгддэг Чинхай-Төвдийн өндөрлөг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны алдагдалд өртөх эрсдэл хамгийн өндөр байгааг тогтоожээ.

Чинхай-Төвдийн өндөрлөгийн мөсөн гол хайлж, уулнаас урссан ус нь Хятадын гол мөрөнд нийлдэг. Улмаар Азийн орнуудын гол мөрнүүд рүү нийлдэг тул уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл тивийн усны аюулгүй байдлыг улам хурцатгаж байна. Ази тивд тулгарч буй усны асуудал нь зарим талаараа усны менежмент муутай холбоотой ч өөр бас бус асуудал бий. Үүнд хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, өсөн нэмэгдэж буй усны эрэлт, усны нөөцтэй холбоотой геополитикийн хурцадмал байдал зэрэг орно. Усны аюулгүй байдлын асуудлаас зайлсхийхийн тулд Азийн орнууд менежментээ сайжруулах ёстой гэж үзэж байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Уур амьсгалын өөрчлөлт нь хуурай газрын усны нөөцөд ихээхэн нөлөөлөх болсон. “Nature” сэтгүүлд мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр уулс болох Гималайн нурууны өлгий, Төвдийн тэгш өндөрлөгийн зарим хэсэгт жил бүр 15.8 гигатон хэмжээтэй ус алдагддаг. Энэ байдлаараа 2050 он гэхэд 230 гигатон цэвэр усны алдагдал амасч магадгүй гэж тус нийтлэлд дурджээ. Памирын нуруунаас эх авч, Афганистан болон Төв Азийн орнуудыг усаар хангадаг Амударья мөрний сав газрын усан хангамж 119 хувиар буурахыг судалгаагаар тогтоосон байна. Мөн адил Чинхай-Төвдийн өндөрлөгөөс эх авч, Энэтхэг, Пакистаны хойд хэсгийг усаар хангадаг Индусын сав газарт усан хангамж 79 хувиар буурах төлөвтэй байгаа аж.

Дэлхий даяар цэвэр усны эрэлт огцом нэмэгдэхийн хэрээр нийлүүлэлт улам бүр тодорхойгүй болж байна. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь буюу тэрбум гаруй хүн ундны усны хомсдолтой байна гэсэн тооцоо бий. Үүнээс гадна 2.2 тэрбум хүний ундны ус аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна.

НҮБ-аас мэдээлснээр, 2025 он гэхэд дэлхийн улс орнуудын тал хувь нь усны хомсдолтой тулгарах нь. Тодруулбал, 1.8 тэрбум хүн усны үнэмлэхүй хомсдолтой бүс нутагт амьдрах ба дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны хямралд өртөх магадлалтай аж. 2050 он гэхэд 4.8-5.7 тэрбум хүн жилдээ дор хаяж нэг сарын хугацааг усны хомсдолтой өнгөрөөнө гэж НҮБ тооцоолж байна.

Устай холбоотой асуудал Ази тивд онцгой хүнд байна. Азид дэлхийн хүн амын 50 гаруй хувь амьдардаг ба бусад тивтэй харьцуулахад нэг хүнд ногдох усны хэмжээ харьцангуй бага юм. Тодруулбал, нэг хүнд 3920 шоо метр цэвэр ус ногддог.

Чинхай-Төвдийн тэгш өндөрлөг нь усны арвин нөөцтэй хэдий ч ашиглалт багатай юм. Азийн гол мөрний сав газрыг дүүргэдэг 10 голын эх үүсвэр нь тус өндөрлөг бүс нутаг юм. Дэлхийн хүн амын 20 орчим хувийн усан хангамж Чинхай-Төвдийн өндөрлөгөөс эх авдаг гол мөрөнд түшиглэдэг. Тус бүс нутагт 1961-2017 оны хооронд агаарын хэм арван жил тутамд 0.32 хэмээр нэмэгджээ. Цаг уурын өөрчлөлтөөс гадна гүний ус их хэмжээгээр хомсдсонтой Чинхай-Төвдийн өндөрлөгийн усны нөөцийн асуудал холбогдоно. Мөн бүс нутгийн мөстлөгийн хэмжээ мэдэгдэхүйц багасч байгаа нь хуурай газрын усны нөөцийг улам бууруулжээ.

Үүний зэрэгцээ хүн амын өсөлт томоохон сорилт болж байна. Дэлхийн хүн амын өсөлтийн бараг гуравны хоёр нь Ази тивд хамаарна. 2050 он гэхэд Азийн хүн ам 5.26 тэрбум болж өсөх төлөвтэй байна. Тэр дундаа хөдөөгийн бус, хотын хүн ам илүүтэй өсөх хандлагатай байна. Хотжилт ба хүн амын хурдацтай өсөлт усны эрэлтийг ихэсгэж буй юм.

УСНЫ ГЕОПОЛИТИК

Усны аюулгүй байдлын асуудлыг улам хүндрүүлж буй шалтгаан нь Хятад улс хил дамнасан голын бие даасан бодлогогүй байгаатай холбоотой. Хятад улс хөршүүдтэйгээ ус хуваалцах тухай олон улсын хил дамнасан усны гэрээнд гарын үсэг зураагүй нь усны хүртээмж, хяналттай холбоотой зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Зарим хөрш орон эдгээр гэрээнд гарын үсэг зураагүй байна.

Хятадын усны сорилтыг шийдвэрлэх гол арга барил нь инженерчлэлд төвлөрсөн байдгийг усан цахилгаан станцын далан зэрэг мега дэд бүтцийн бүтээн байгуулалт харуулж байна. Усан цахилгаан станцын далан нь голын урсгалд нөлөөлж, усны хангамжид асар их нөлөө үзүүлдэг.

Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өөрийн нутаг дэвсгэр доторх болон доод урсгалын гол мөрөн дээр олон усан цахилгаан станц барьжээ. Гэвч Брахмапутра, Меконг, Салвин зэрэг олон улсын хил дамнасан голуудын эхэнд далан босгох үйл ажиллагаа явуулж буй нь голын доод хэсгийн бүс нутгийн экологи, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж байна. Энэ нь аль хэдийнэ хямралд ороод буй усны салбарыг улам хүнд байдалд оруулж буй юм.

Усан цахилгаан станцын далан нэмэгдэж байгаа нь Хятад болон бусад орон хоорондын хурцадмал байдлыг улам бүр нэмэгдүүлсэн. Учир нь Хятад улс далан ашиглан хөршүүдээ хангалттай усан хангамжгүй орхих, эсвэл аливаа маргаан, мөргөлдөөн гарсан тохиолдолд урсгалын цоргыг хааж болзошгүй аюул нүүрлэх болжээ. Үүний хариу арга хэмжээ болгож, Энэтхэг улс зүүн зүгийн алслагдсан мужид өөрийн гэсэн 10 гигаваттын усан цахилгаан станцын далан барихаар хэлэлцэж байна.

Үүний зэрэгцээ голын доод бүсийн сав газарт янз бүрийн төслийн саналууд орж ирэх болсон нь түгшүүр төрүүлж буй юм. Тухайлбал, экологийн хувьд эмзэгшсэн Чинхай-Төвдийн өндөрлөгөөс жил бүр 60 тэрбум шоо метр усыг Шинжаан болон Хятадын баруун хойд хэсгийн хуурайшилттай бүс рүү шилжүүлэх төсөл яригдаж байна. Урсгалын доод бүс нутаг болох Энэтхэг, Вьетнамын хувьд энэ санал нь усны хомсдол, бүсийн өрсөлдөөн зэрэг эрсдэл үүсгэх юм.

"Дэлхийн эдийн засгийн форум"-аас 2015 онд гаргасан эрсдэлийн тайланд усны хямрал дэлхийн эрсдэлүүдийн нэгдүгээрт жагсчээ. Ийм нөхцөлд усны менежментийн арга барилыг сайжруулах нь усны хэрэгцээ, чанарыг сайжруулахад нөлөөлнө. Мөн байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлж, ухаалаг тоолуур гэх мэт технологи нэвтрүүлэх шаардлагатай гэж “The Diplomat” онцоллоо.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж