Хэрэглэгчдэд 2000 төрлийн бүтээгдэхүүн хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдэд 2000 төрлийн бүтээгдэхүүн хүргэж байна

Хэрэглэгчдэд 2000 төрлийн бүтээгдэхүүн хүргэж байна

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээ өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр (2022.09.19) албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд есдүгээр сарын 25-ныг хүртэл болно. Уг өдөрлөг 17 дахь жилдээ болж байна.

Орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой цогц арга хэмжээ болж байна. Үүнээс гадна шинэ ургацын ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулж байгаа аж.

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгийн 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн үеэр “Өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт ажиллах хүчний 50 орчим хувь хөдөлмөрлөж, ДНБ-ий 32.3 хувийг үйлдвэрлэж байна. Энэ том салбарын өмнө тулгамдсан зорилтыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөрөнгө оруулалт татах, тогтолцооны хувьд эрс шинэчлэл хийх зорилгоор 2022 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ийг зарлаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, энэхүү тогтоолыг ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өргөн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид шинэ технологи, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн, үйлдвэр, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл бий болгоход төрийн бодлого, дэмжлэгийг салбарын сайдын хувьд бүрдүүлж ажиллах бөгөөд жирийн олон тариаланчид энэ боломж тэр бүр олдохгүй байна. Би олон тоо хэлмээргүй байна. Яагаад гэвэл тэр их ургацыг яам тариагүй, тариаланчид ард иргэд та бүхэн тарьсан юм.

Намрын намарт хэдхэн өдөр Улаанбаатар хот болон суурин газрууд айлуудын хөргөгч, ногоороод өнгөрөх биш, жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүд байх ёстой юм. Энэ бол ард түмнээ эрүүл чанартай, тогтвортой үнэтэй хүнсээр хангах төрийн өмнөөс үүрэг хүлээсэн ХХААХҮЯ-ны бодлого зорилго юм. Бүр цаашлаад монгол газрын эрүүл хөрсөнд ургасан шимт хүнс дэлхийн зах зээл дээр гарах цаг ч мөрөөдөл биш, удахгүй биелэх зорилт гэж салбарын сайдын хувьд бодлогоо тодорхойлж ажиллах болно” гэлээ.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж