АН даргагүй, МАН генсекгүй

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

АН даргагүй, МАН генсекгүй

АН даргагүй, МАН генсекгүй

Парламентад суудалтай АН, МАН-ын хувьд нэг нь даргагүй, нөгөө нь генсекгүй байгаа. Гэтэл сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдчихсэн байдаг. Эрх баригч МАН-ын хувьд “давхар дээл” дээрээ эрх ашиг нь нэгдсэн тул өнгөн дээрээ эв нэгдэлтэй харагдаж байна. Гэхдээ бүх юм харагдаж буй шигээ биш, хоолонд орж чадаагүй хорссон, гомдсон хүмүүс МАН-д цөөнгүй байгаа нь лав.

Тэгвэл хорин оны сонгуулиас хойш хоёр толгойтой болсон Ардчилсан нам энэ янзаараа ирэх 2024 оны сонгуульд ахиад өвдөг шороодох шинжтэй. Сөрөг хүчин дотроо хэрүүл, зодоонтой байх нь эрх баригчдад ашигтай. Хэрүүл, зодоонтой намд хэн төрийн жолоо атгуулах вэ дээ. Иймээс МАН хүсээгүй цагт АН-ынхан эвлэрэхгүй гэхэд бодит үнэнээс хол зөрсөн дүгнэлт болохгүй байх.

Авчиг “Баяраа өөрөө ширээн дээрээс ойчсон” гэгчээр энэ бүх хэрүүл талцалд АН өөрөө буруутай. Үнэндээ, Ардчилсан нам дарга, удирдлагаа тодруулах нь бүү хэл тамга тэмдгийнх нь хэрүүл ч эцэслэгдээгүй хэвээр.

Д.АМАРБАЯСГАЛАНГ “ДАВХАР ДЭЭЛ” НӨМРӨХ ҮҮ?

Өмнө нь Л.Оюун-Эрдэнийн танхим давхар дээлтэй сайд дөрөв байсан бол өдгөө дан дээлтэй нь цөөхөн болсон. Дан дээлтэй сайдуудынх нь нэг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр одоогоор намын генсекийн ажлаа давхар хийж байгаа. Түүний орон хүн очих уу, очихгүй юу, очвол хэн байх вэ гэдэг улс төрийн хүрээнийхний сонирхлыг багагүй татаж байна. Эрх барьж буй намын генсек бол том эрх мэдэлтэй. Энэ эрх мэдлийг атгах гэж зүүдэлж яваа хүн бий ч байх. Д.Амарбаясгалангийн хувьд дөрвөн даргын нүүр үзсэн. МАН-ын дараалсан ялалтууд түүнтэй ч холбогдох нь гарцаагүй. Гэхдээ намын дүрмийн дагуу тэр тамгаа хэн нэгэнд шилжүүлэх, ядахнаа түр үүрэг гүйцэтгэгч томилох ёстой. Гэтэл одоогоор нам гүм байгаа нь Д.Амарбаясгалан давхар дээлээ тайлах дургүй байгаагийн илэрхийлэл.

АН-ЫГ “АВРАХ” ХҮН БАЙНА УУ?

Сонгууль болоход жил гаруй л хугацаа үлдэж байна. Сөрөг хүчний хувьд сонгуулийн бие халаалтдаа хэдийнэ орох цаг байтал Ардчилсан намыг хэн сонгуульд удирдаж орох нь ойлгомжгүй, тодорхойгүй хэвээр. Тус намын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүгийн хэвлэлд өгсөн тайлбараас харвал лав шинэ даргын сунгаа явагдахгүй аж. Өмнө нь бүх гишүүдийн дунд сунгаа явуулж, намын даргаа тодруулдаг байсан. Сунгаагаар М.Тулгат намын даргаар сонгогдсон ч Улсын дээд шүүх бүртгээгүй. Сүүлдээ С.Эрдэнэ хүсэлтээ буцаагаад татчихсан бий. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр даргаа тодруулах процесс өөрчлөгдсөн бололтой. О.Баасанхүү “Ардчилсан нам дүрмээ Улсын дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлсэн. Шинэ дүрмээр даргын сунгаа хийхгүй” гэж. Тэгэхээр өмнөх шигээ ҮБХ-ноосоо намын даргаа сонгох бололтой.

Өнгөрсөн долоо хоногт АН-ынхан мөн л тамгаа булаацалдаж, бяцхан “дажин” болсон. Энэ үеэр С.Эрдэнэ “АН-д нэг тамга байгаа. Тэр намыг үндэслээд үүрийн тэмдэг хийдэг. Хүчин төгөлдөр тамгыг үндэслэн гарсан тэмдэг хүчин төгөлдөр байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол, захирамжийг авч гарч ирлээ. Ц.Туваан тэргүүтэй нөхдийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэр гаргасан. Олонхын санал авсан хүнд дамжуулж өгөөрэй гэж тухайн хүнд үүрэг болохоос биш Ц.Туваанд тамга өгөөгүй” гэсэн тайлбар хийсэн бий.

Ийнхүү парламентад суудалтай хоёр том намын хувьд МАН генсекгүй, АН даргагүй байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж