“Нанмадол” хар салхи өчигдөр Японы баруун өмнөд хэсгийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулжээ. Хар салхины улмаас 43 хүн бэртэж гэмтэн, 300 мянга орчим айл өрх тог цахилгаангүй болж, зам тээвэрт их хэмжээний саатал учирсан байна. Өнөөдөр (2022.09.19) нисэх хуваарьтай байсан 700 гаруй нислэг цуцлагдаж, түргэн галт тэрэгний үйлчилгээг ч түр хугацаагаар зогсоожээ.
Орон нутгийн эрх баригчид Кюүшю, Чугоку, Шикоку бүс нутгийн олон сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргав. Тодруулбал, баруун Японы есөн сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх юм байна.
Чугоку муж орчимд салхины хурд өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар 15 км/цаг байсан. Салхины хурд дээд тал нь 108 км/цаг хүрсэн гэж “NHK” мэдээлжээ. Эхимэ мужийн Иката хотод өнгөрсөн шөнө салхины хурд 145 км/цаг хүрсэн байна. Мияазаки мужийн Мисато хотод Пүрэв гаригаас хойш бараг 1000 мм хур тунадас оржээ. Энэ нь есдүгээр сарын дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм.
Хар салхи Кюүшюд хүрснийхээ дараа чиглэлээ өөрчилж, зүүн тийш нүүх төлөвтэй болсон. Ингэснээр Хоншю гол арлыг чиглэж, Японы хойд хэсгийн олон бүс нутагт нөлөөлж болзошгүй. Цаг агаарын урьдчилсан мэдээллээс харахад, Мягмар гаригийн өглөө хүртэл хур тунадасны хэмжээ 400 мм хүрэх магадлалтай байна.
Япон улсын гамшгийн аюулаас сэргийлэх хамгийн дээд түвшний анхааруулга буюу тавдугаар зэргийн аюулын дохиог Кагошима, Миязаки, Ойта, Кумамото, Ямагучи мужийн 530 мянга орчим хүнд өгөв. Харин нүүлгэн шилжүүлэхээр болсон есөн сая хүний оршин суудаг бүс нутагт дөрөвдүгээр зэргийн аюулын дохио өгчээ.
Эх сурвалж: NHK WORLD JAPAN