Өнөөгийн дэлхий ертөнц тодорхой бус саарал үе рүү шилжиж, Орос-Украины дайнтай холбоотойгоор олон улсын харилцаанд шинэ хүйтэн дайны үе эхлээд байна. Жижигхэн Монголын гадаад бодлогод шинэ шалгуур гарч ирж, гуравдагч хөршийн бодлого томоохон сорилтод орж эхэллээ. Олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг хүчтэй шаардаж, барууны эсрэг хамгийн том блок үүсгэж буй Орос-Хятадын дунд орших Монгол Улсад алх дөшний хооронд “зодуулах” хэцүүхэн хувь заяа эргэн ирэв.
Мэдээж, мөнхийн хоёр хөрштэйгөө муудалцах нь сайныг авчрахгүй. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг дэмжих нь барууныг өмөөрч, хоёр хөрштэйгээ муудалцана гэсэн үг биш. Харин хоёр хөршийнхөө асар их нөлөө дунд байдаг жижигхэн улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, улс төрийн дэмжлэг хүлээх замаар өөрийн үндэсний ашиг сонирхлыг хангах бодлого гэвэл илүү зөв болно. Жишээ нь, Монголын нутагт хийн хоолойн нөөц агуулахууд байгуулах замаар өвлийг давах, үнийн өсөлтийг барих, барууны өндөр технологи бүхий хийн аж үйлдвэрлэлийг давхар хөгжүүлэхийг оросуудаар хүлээн зөвшөөрүүлж чадахын тулд бидэнд гуравдагч хөршийн бодлого хэрэгтэй. Түүнээс манай нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх хийнээсээ жаахан хөнгөлөлттэй үнээр өгөөч гээд өөрсдийн бодлого, стандартгүй сууж байвал шатахууны шантаажид байдаг шигээ л арчаагүй хэвээр үлдэх юм.
Гуравдагч хөршийн бодлогоо хэвээр хадгалж байгааг харуулахад улс төрийн харилцаа бидэнд хамгийн чухал. Зөвхөн ШХАБ-ын уулзалтад оролцдоггүй, НҮБ-ын хурал дээр Украины талаар түдгэлзсэн унтаа байр суурьтай биш гэдгээ харуулахын тулд Үндсэн хуульд тусгасан ижил ардчилсан үнэт зүйлстэй орнуудтайгаа байнгын дипломат харилцаагаа идэвхитэй байлгах ёстой. Энэ утгаараа Ерөнхий сайдын Их Британид хийж буй айлчлал онцгой ач холбогдолтой байна.
Хатан хаан Элизабет II Монголын орчин цагийн түүхэнд онцгой гавьяатай эрхэм байлаа. Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд д-юрэ хүлээн зөвшөөрөгдсөний дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон юм. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа жил буюу 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахыг бусад орнуудад уриалсан байдаг. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хатан хаан өөрийн биеэр хүлээн авч, хамт дуурь хүртэл үзэж байсан нь том хүндлэл байсан юм. Иймд гуравдагч хөршийн бодлогыг Англигүй, хатан хаангүй төсөөлөх боломжгүй юм.
Ерөнхий сайд Англид айлчилж ирээд, дараа нь Япон явж, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгад оролцоно. Энэ үеэрээ Японы Ерөнхий сайдтай ч бас уулзалт хийх юм байна. Японы Ерөнхий сайдаар ажилласан энэ эрхэм Монголд мөн л хамгийн олон айлчилсан онцгой хүн юм. Япон Улсын Ерөнхий сайдын хувиар гурван удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд 1000 инженер, Монгол-Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хувьд анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байлаа. Бид япончуудаас авч л байсан болохоос өгч байсангүй. "Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэж үг бий. Тиймээс Монгол Улс очиж хүндэтгэл үзүүлэх ёстой.
Үнэндээ хоёр том хөршийн дунд орших жижигхэн орны удирдагч дэлхийгээр явж. Тиймээс барууны хөрөнгө оруулалтаар орж ирэх валют төгрөгийн үнэгүйдлийг арилгаж, шинэ технологи нь манай үндэстний бүтээмжийг нэмэгдүүлсэнээр иргэдийн орлого өсөх учраас Ерөнхий сайд дэлхийгээр явж л байх ёстой юм аа.
Холбоотой мэдээ