Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шүүж, түүнийг гэм буруутайд тооцон, 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзаж буй талаар түүний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
"Ч.МӨНХБАЯРЫГ ХҮЧЭЭР ЯЛЛАХ ГЭЖ УЛАЙРАН ДАЙРЧ БАЙНА"
Өмгөөлөгч Г.БААСАН:
-Давж заалдах шатны шүүгчид Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шийдэхээс татгалзаж байна. Яагаад прокурорын татгалзлыг хүлээж авахгүй удаашруулаад байгаа юм бэ. Үүний цаана юу нуугдаад байгааг бид харах хэрэгтэй байна. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр хоригдоод долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гадаадын тагнуулаас их хэмжээний мөнгө авсан гэж ор үндэслэлгүй гүтгэсэн. Гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоогүй. Тодруулаагүй зүйл олон бий. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Тавдугаар сард давж заалдах шатны шүүх болсон. Шүүх хурлын магадлалдаа маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү шилжүүлж, Мөнхбаярыг хилсээр шийтгэгэсэн.
Нотлох баримт эргэлзээтэй байхад гэм буруутай гэдэг үндэслэлээр шийтгэж, 10 жил өгсөн. Давж заалдах шатны шүүхэд хэрэг ирсэн. Тиймээс бид шүүгчээс татгалзсан. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой цуг шүүхээр орохгүй гээд татгалзсан юм. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээн авахгүй гэлээ. 11 шүүгч дотор урьд нь Ч. Мөнхбаярыг тавдугаар сарын 19-нд анхан шатны шүүх рүү ялла гэсэн үүрэг өгсөн хоёр хүний гарын үсэг байна. Тиймээс бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаад байна. Хамгийн гол нь хүчээр энэ хүнийг яллах гэж улайран дайрч байна.
Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа бид хандсан. Тус газраас Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн байна гээд Авлигатай тэмцэх газраас шалгуулж байна. Хариуцлага тооцуулах гээд шалгуулж буй прокуророор хүн яллуулж болохгүй. Сэтгүүлч хүний асуудал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй. Хууль зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комисст шаардлага хүргүүлсэн. Ч.Мөнхбаяр бас өөрөө татгалзсаныг материалуудад тусгаагүй, дураараа авирлаж байна. Иймд бид УИХ-ын 76 гишүүнд Ч.Мөнхбаярын хэргийн баримтыг өгч, 16, 17 гишүүнээс хариу авсан.
"АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭРГЭЛЗЭЭТЭЙ НОТЛОХ БАРИМТЫГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ШУУД НОТЛОХ БАРИМТААР ТООЦСОН НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ"
Өмгөөлөгч А.БАТДОРЖ:
-Нийслэлийн давж заалдах шатны шүүх Ч.Мөнхбаяр гэдэг хүнд хилсээр 10 жил хорих ял өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Яагаад гэхээр тус шүүх гурван шүүгчтэй хуралдаан зохион явуулж байсан. Гэтэл энэ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр бүх үндэслэл гаргасан нотлох баримтыг эргэлзээтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн эргэлзээтэй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шууд нотлох баримтаар тооцсон явдал нь учир дутагдалтай.
Тэгсэн хэрнээ яагаад нотлох баримтаар тооцож буй үндэслэлээ тайлбарлаагүй. Тус асуудлыг гаргасан гурван шүүгчийг бид сахилгын хороонд нь өгнө. Хоёр шүүх хүнийг хилсээр шууд яллах гээд байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Илт нотлох баримт байсаар байхад түүнийг ойшоож харахгүй байна. Бид хавтас хэргээс уншихад, тэр хүнийг яллагдагчаар татах, цагдан хорих үзлэг нэгжлэг хийсэн зэрэг бүх үйл явц нь хууль бус байна. Баривчлагдаад 7-8 хоногийн дараа баримтыг хуурамчаар үйлдсэн. Гэтэл шүүгч үүнийг харсаар байж дуугарахгүй байна.
Холбоотой мэдээ