Нийслэл Улаанбаатар хотын нэрийг солих тухай яриа үе үе дэгдэж, олон нийтийг талцуулдаг. Гэтэл сүүлийн үед иргэд Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх талаар олон нийтийн сүлжээнд бичих болсон. Энэ талаар мэргэжлийн судлаачтай холбогдож тодрууллаа. Улаанбаатар хотын музейн ажилтан, судлаач Г.Очбаяр "Эрх зүйн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх боломжтой" гэсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд Улаанбаатар хотын нэр дурдагдсан байдаг. Тийм учраас хэрвээ хотын нэрийг өөрчлөх бол эрх зүйн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн үг. Анх 1924 онд арваннэгдүгээр сарын 26-нд Монголын Үндсэн хуулийг баталсан. Ингэхдээ улсын Анхдугаар их хурлын төлөөлөгчид улсын нийслэл Улаанбаатар гэдэг нэр өгсөн байдаг. Хүмүүс энэ нэрийг орос хүн өгсөн гэж буруу яриад байна. Тухайн цаг үеийн хурлын тэмдэглэлийг уншихаар монгол хүн "Баатар" гэдэг нэр өгөх санал гаргаж, Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов "Улаан" гэдэг үг нэмж, Улаанбаатар нэрийг санал болгож, Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Ерөнхий нарийн бичгийн дарга н.Жадамба нар санал хураалт явуулж, бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн 1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхэд бас Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх асуудал сөхөгдсөн. Тухайн үед түүхч М.Санжжав үг хэлж, болиулж байсан юм билээ. Ер нь Улаанбаатар нэрийг коммунист нэр гээд өөрчлөх гэж үе үе оролддог" гэж ярьсан юм.
Нийслэл хотын шавыг 1639 онд тавьж, 381 жилийн түүхэндээ таван удаа нэрийг нь сольжээ. Тодруулбал, анх 1639-1651 онд Өргөө, 1651-1706 онд Номын хүрээ, 1706-1911 онд Их Хүрээ, 1912-1924 онд Нийслэл хүрээ нэртэй байсан бөгөөд 1924 оноос Улаанбаатар хот хэмээн нэрлэх болсон. Энэ бол өнөөгийн Улаанбаатар хотын түүх. Харин монголчуудын нийслэлийн түүх гэвэл эзэнт гүрний нийслэл Хархорум хот.
Анх 1924 онд Улаанбаатар нэртэй болж, харъяат иргэн гэдгийг 1925 оноос ялган тоолж эхэлжээ. Тэр үед хотын хүн ам нийт 61 мянга, түүнээс Монгол 14911, лам 20000, Хятад 23919, Төвд 318, Орос 1772, бусад 20 гаруй гадаад улсын 156 иргэн байжээ. Энэ үеэс хотжилт, үйлдвэржилт, түүнийг даган орчин үежих явц жинхэнэ утгаараа өрнөж, Монголын хөгжил шинэ эрин үетэй залгасан байна.
Холбоотой мэдээ