Монголчуудын дунд нэг хэсэг суварга, хөшөө босгох “моод” дэлгэрч, сум, орон нутаг болгон л болсон болоогүй суварга барьцгаасан. Аливаа юм хэмжээнээсээ халихаар утгаа алддагийн то жишээ л дээ. Суварга барьснаараа Монгол хөгждөг бол хөгжихөөрөө нэг болсон. Харин сүүлийн үед орон нутаг, тэр дундаа суманд сургууль байгуулах санаачлагыг хувийн хэвшлүүд гаргаж, үлгэрлэж эхэлсэн нь сайшаалтай.
Хэдхэн хоногийн өмнө (2022.09.16) “Монголын алт” (МАК) компани нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн жишиг сургууль барьж, нээлтээ хийсэн нь олны анхаарлыг татав.
Энэ сургууль Монголын 330 сум дотор анхны олон улсын стандартад нийцсэн, хамгийн том сургууль болж байгаагаараа онцлог. Орон нутагт төдийгүй Улаанбаатарт одоо ч сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүртээмжийн асуудал хүндрэл дагуулдаг. Зарим сургууль, цэцэрлэгийн барилга 70-аас дээш жилийн насжилттай, хэзээ мөдгүй нурах дөхсөн төдийгүй ангидаа тавь, жаруулаа суух нь хэвийн үзэгдэл. Нэн ялангуяа нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага, нэг ангийн стандартаасаа аль хэдийнэ "хальчихсан".
“Монголын алт” /МАК/ компанийн нийт 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан дөрвөн давхар сургууль нь 30 гаруй анги танхим, лаборатори, номын сан, спорт ба урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат болон биеийн тамирын талбай, гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болжээ.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хот, хөдөөгийн ихэнх сургууль, цэцэрлэгүүд 1960-1990 оны хооронд баригдсан учраас сургууль, цэцэрлэгийн цэвэр ус, ариун цэврийн байгууламжгүй байдаг гэх судалгаа бий.
Дулаан, тохилог дотуур байргүйгээс хөдөөний багачууд өвлийн хүйтэнд модон жорлонд гадуур хувцастай, хувцасгүй гүйн бие засч, даарч бээрэх нь энүүхэнд.
Гэтэл баяр наадмын үзүүр, түрүүний бөхчүүдийг нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч байгууллагууд хэдэн арван саяар нь тэтгэдэг жишиг тогтоод удаж буй. Улсын баяр наадамд түрүүлсэн бөхийг гавьяа цол, шинэхэн байр, том том жийп машинаар байлдаг.
Энэ жилийн наадамд түрүүлсэн О.Хангай аварга цолныхоо найрыг Ховд нутгийнхантайгаа өргөн дэлгэр тэмдэглэж, цолны мялаалга наадамд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлав.
Үүгээр ч зогсохгүй нутгийн зон олон аваргын мялаалга наадамд түрүүлсэн начин, заанаа нүнжигтэй байлсныг цахим хуудсаараа дамжуулан гайхуулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 500 толгой хонь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Батзориг заан болон барилгын компаниудтайгаа нийлж долоон өрөө байр, Ховд аймаг 200 сая төгрөг, нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Ланд-300” автомашин, “Эм Жи Өү” компани Хүнд даацын автомашин, Буянт сум 12 сая төгрөгөөр байлсан сурагтай.
Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг, дотуур байр барих боломжтой. Гэвч тэдэнд Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад тэгж "цацах" мөнгө, зориулах сэтгэл алга. Хөлстэй морь, бөх байллаа гээд тэр нь Монголын хөгжил биш. Үнэндээ суварга барих биш сургууль барих нь олон хүүхдэд буян, Монголын хөгжилд дэмж болох бус уу.