Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж байна.
Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд 2019 онд Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форумыг зохион байгуулсан. Хоёр талын төлөөллүүд өнөөдөр (2022.09.19) уулзаж, цар тахлын улмаас завсарлаад байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлогынхоо талаар ярилцаж, зөвлөлджээ.
Энэ үеэр Монгол-Солонгос сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг зохион байгуулах хугацааг ойрын хугацаанд төлөвлөж, БНСУ-д зохион байгуулахаар болсон байна. Хоёр байгууллагын төлөөлөгчдийн харилцан туршлага солилцох ажлыг илүү манлайлал хэлбэрт шилжүүлэхээр тохиролцжээ.
МСНЭ-ээс сэтгүүлчдээ БНСУ-д богино болон урт хугацааны сургалтад хамруулах тал дээр эхний шатны яриа хэлэлцээ байгуулж, энэ хүрээнд хоёр талаас санаачлагатай ажиллаж, ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарахаар болсон байна.
Б.ЖАРГАЛ