Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан орон нутгаас нийслэлд амьдрахаар ирж буй залуусын тоо эрс нэмэгдэж, түрээсийн орон сууцны эрэлд гардаг. Тэр тусмаа хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотойгоор оюутан залуус, нялх хүүхэдтэй, өвчний шалтгаантай, мөн захиалга өгсөн байр нь ороогүй залуу гэр бүлүүд ихэвчлэн байр түрээслэдэг. Үүнийг далимдуулж залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэн байна.
Залилагч нар үл хөдлөхийн хуурамч гэрчилгээ харуулан, хэд хэдэн хүнтэй түрээсийн давхар гэрээ хийх, цахим сүлжээнд зар байршуулах замаар иргэдийг хууран мэхэлж, хохироосоор. Өөрөөр хэлбэл, байр түрээслэх зар дээрээ зах зээлийн үнээс 200-300 мянган төгрөгөөр хямд нөхцөл санал болгож, иргэдийг хуурдаг байна. Тэд "Яаралтай урьдчилгаагаа шилжүүлэхгүй бол өөр нэгэнд түрээслэнэ" хэмээн итгүүлж, эсвэл "Мөнгө зээлүүлээд, хүүндээ сууж болно" гэх зэргээр залилдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг газар авсныг цагдаагийн байгуулагаас анхааруулж буй юм.
Улсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын байдлаар залилах төрлийн гэмт хэрэг 6800 гаруй бүртгэгдсэн байна. Энэ нь нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт. Тэр тусмаа орон сууцны түрээсийн залилан харьцангуй их нэмэгджээ. Энэ нь орон сууц түрээслэх хамгийн эрэлт бүхий үе буюу оюутан сурагчдын орон сууц хайх үетэй давхцдагтай холбоотой гэнэ.
Олон улсад энэ төрлийн залилангийн гэмт хэргийн олон талт хэлбэр бий бөгөөд сүүлийн жилүүдэд манайд улсад эрчимтэй нэмэгдэж байна. Хамгийн хачирхалтай нь энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирол барагдуулах явц бусад төрлийн гэмт гэмт хэргээс харьцангуй удаан, мөн шийдэгдэхгүй байх тохиолдол их аж. Үүнийгээ дагаад түрээсийн байрны найдвартай, цогц үйлчилгээ үзүүлдэг олон хувийн хэвшил бий болжээ.
Иргэд ихэнх тохиолдолд ажил сургуультай ойр байрлах хамгийн боломжийн үнэтэй байр хайдаг. Гэсэн ч аль аль шаардлагыг хангасан байж жуучлагч компаниар дамжуулан түрээслэхийг оролддог ч нэг сарын хөлсийг нь авдаг гэнэ. Иймд иргэд олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлд тулгуурлан байр түрээсэлж байгаа нь нууц биш.
Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж буй, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаалах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, барьцаа өгүүлэх зэрэг багтжээ.
Хамгийн сүүлийн хэргээс дурьдвал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх зар нийтэлж, бусдыг залилсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж буй юм байна. Тодруулбал, 19 настай, эмэгтэй А болон 23 настай, эрэгтэй Т нар 2022 оны зургадугаар сараас хойш цахим орчинд байр түрээслүүлэх худал зар нийтэлж, одоогоор 17 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь тогтоогдоод байгаа аж.
Иймд иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-ноос сайтар лавлаж, тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийх хэрэгтэйг сануулж байна.
Холбоотой мэдээ