Дэлхийн хэмжээний холимог тулааны тэмцээнийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр энэ оны арваннэгдүгээр сарын 26-нд "Мөсөн өргөө" (Степпе Арена)-д зохион байгуулах гэж байна. Тус шоуны төслийн танилцуулга арга хэмжээ энэ сарын 16-нд боллоо.
Монголын шилдэг 40 тамирчныг хотоос зайдуу байрлуулан, реалити шоу хэлбэрээр тулааныг зохион байгуулжээ. Тэмцээний нэвтрүүлгийг Ням гариг бүр "Монгол ТВ" телевизээр 19:30 цагт хүргэх юм. Уг тэмцээний ялагч холимог тулааны “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулж, Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцох гэж байна. Үзэгчдэд зориулсан финалын шатны тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болох юм.
"МОНГОЛ ТАМИРЧДАА ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ГАРГАХ ЗОРИЛГОТОЙ ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛСЭН"
“Road to ОNE Mongolia” төслийн удирдагч Д.ЗОЛБОО:
-Монгол Улс “Road To ONE” тулааны тэмцээн зохион байгуулсан хэд дэх улс болсон бэ?
-“One Сhampionship” дэлхийн 150 оронд шууд дамжуулагддаг, хамгийн хурдацтайгаар өсч буй, дэлхийд нэртэй шилдэг тулааны холбоо юм. Харин “Road to ONE” бол Азийн улсуудын шинэ талент буюу тулааны урлагийн шинэ залуучуудыг гаргаж ирэх зорилготой томоохон тэмцээн. Цар хүрээний хувьд “Road To ONE” тэмцээнээр дамжин гарч ирсэн тамирчид тухайн улсынхаа нэр хүндийн илэрхийлэл болж, “One Championship” холбоотой гэрээ хийснээр дэлхийд данстай тамирчид болдог. Өмнө нь гурван тивийн улс орнуудад 16 удаа амжилттай зохион байгуулагдсан. Манай улс Төв Азидаа хамгийн анх зохион байгуулсан улс болж байгаагаараа онцлогтой. “Степпелинк Холдинг” ХХК-ийн хувьд хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл хийж эхэлсэн. Олон удаа уулзалт хийж, холбогдох шаардлагуудыг хангасны эцэст 2022 оныг ийнхүү албан ёсны эрхтэй тулааны тэмцээнээр эхлүүлэхээр болж байна.
-Уг төслийн талаар танилцуулахгүй юу?
-“Road to ОNE Mongolia” гэх төсөл маань “One championship” буюу дэлхийн хэмжээний, Азийн хамгийн том холимог тулааны холбооны албан ёсны эрхтэй, Монголд анх удаа зохион байгуулагдаж буй төсөл юм. Бид төслийн лицензийг Төв Азийн улсуудтай өрсөлдөж, 2021 онд авсан. Эхний улирлын тэмцээнийг реалити шоу хэлбэрээр хийгээд, есдүгээр сарын 18-наас “Монгол ТВ” телевизээр гаргаж эхлэх гэж байна. Тэмцээний ялагч холимог тулааны “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийнэ.
-“Road to ОNE Mongolia” төсөл хэрэгжиж эхэлсэн нь ямар давуу талтай вэ?
-“One Championship” Монгол Улсад орж ирснээр Монголын тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөж, энэ төрлийн спорт манай улсад хөгжих гүүр болж байгаа юм. Монголдоо дэлхийн жишигт хүрсэн холимог тулааны холбоо оруулж ирж, өөрийн улсын тамирчдаа дэлхийн дэвжээнд гаргах зорилготой төслөө эхлүүлсэн.
-Шилдэг 40 тамирчныг ямар шалгуураар сонгон авсан бэ?
-Сонгон шалгаруулалтаар нийт 40 тамирчин сонгосон. Ингэхдээ 61, 66 гэсэн хоёр жин дээр сонгож, өрсөлдүүлэхээр бэлтгэсэн. Мөн тулааны урлагаар тодорхой хэмжээнд хичээллэсэн, сонирхогчдын тэмцээнд оролцож байсан болон олон улсад тодорхой хэмжээний амжилт гаргасан тамирчдаар багаа бүрдүүлсэн. Тамирчид маань Монголдоо мэргэжлийн гэж хэлж болохоор тамирчид.
-“Road to ОNE Mongolia” төсөлд түрүүлсэн тамирчинд ямар боломжууд нээгдэх вэ?
-Хамгийн түрүүнд “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулна. Тухайн тамирчин өөрөө цааш явах ирээдүй байвал маш олон боломж нээгдэнэ.
-“Road to ОNE Mongolia” төсөл манай улсад дахин хэрэгжих үү?
-Эхний төсөл арваннэгдүгээр сарын 26-нд дуусна. Ирэх жилээс дахин зохион байгуулагдана. Бид Төв Азийн эрхийг авсан. Тус төсөл нь АНУ, Тайланд, Европын орнуудад албан ёсны эрхтэйгээр хэрэгжиж байсан ч Азидаа төдийгүй нийт төслийн хүрээнд манай улсад ММА болон телевизийн реалити шоу хэлбэрээр анх хэрэгжиж байна.
ХОЛИМОГ ТУЛААН ОЛОН ЯНЗЫН ТУЛААНЫ ТӨРЛҮҮДИЙГ НЭГТГЭДЭГ
"Road to ОNE Mongolia" шоуны Улаан багийн ерөнхий дасгалжуулагч, МУГТ Б.ДАМЛАНПҮРЭВ:
-Монголд анх удаа энэ төрлийн төсөл хэрэгжүүлж буй гол зорилго юунд байна вэ?
-Бид энэ төслөөрөө Монголоосоо шилдэг тамирчныг сонгон шалгаруулж, дэлхийн хэмжээнд гаргаж, өрсөлдүүлэх зорилготой байна. Эхний ээлжид 40 тамирчин сонгон авч, улаан болон цэнхэр гэсэн хоёр багт хувааж, хооронд нь тулалдуулна. Эндээс шилдэг нэг тамирчин ялж, дэлхийд Монголоо төлөөлж тулалдана.
–Тулааны бусад төрлөөс юугаараа ялгаатай вэ?
-Холимог тулааны гол зорилго нь олон янзын тулааны төрлүүдийг нэгтгэдгээрээ онцлог. Мөн холимог тулааны спортоор хичээллэж, амжилт гаргахын тулд асар өндөр бэлтгэл, хөдөлмөр шаарддаг. Тулааны төрлийн спортын олон арга техникийг бүгдийг эзэмшсэн байх шаардлага тулгардаг.
Шоуны багийн ахлагч, Холимог тулааны улсын аварга О.ПҮРЭВ:
-Таны хувьд дэлхийн хэмжээний олон тулаанд амжилттай оролцсон. Холимог тулааны спортыг Монголдоо зохион байгуулахын ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Монголд холимог тулааны тэмцээн өргөн хэмжээний өндөр түвшинд болж байгаад маш их баярлаж байна. Бид тулаанч ард түмний үр сад учир энэ төрлөөр дэлхийд гарах бүрэн боломж бий. Дэлхийн хамгийн том тулааны холбоотой гэрээ байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Мөн энэ бол маш том боломж. Уг спортоор хичээллэгч залуусын тоо өсч, тэмцээн уралдаан олноор зохиогдож, спонсор ивээн тэтгэгч нарын сонирхол ихсэх байх. Мөн Монголоо дэлхийд гаргах маш том гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
-Шоуны ялагч “One Championship”-тэй хэдэн жилийн гэрээ хийх вэ?
-Ялагч маань “One Championship” холбоотой 100 мянган ам.долларын, нэг жилийн хугацаатай гэрээ хийнэ. Мөн гэрээгээ цааш сунгах зарчмаар явна.
-Гадаадын мэргэжлийн шүүгч нар тэмцээнийг шүүх үү?
-Тэмцээнийг “One Championship”-ээс тусгай шүүгч ирж шүүнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлэх явцад “One Championship”-ийн мэргэжлийн зөвлөхүүд заавар, зөвлөгөө өгч ажиллана.
"Степпелинк Холдинг" ХХК нь “One Championship” холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан, анх удаа тус холбооны реалити шоуг зохион байгуулах Төв Азийн эрхийг албан ёсоор авсан. Ингэснээр 2023 онд Төв Азийг хамарсан тулааны шоуг "Степпелинк Холдинг" ХХК зохион байгуулах юм.
Б.УНДРАМ
Холбоотой мэдээ