ЗХУ-ын үеэс алдар хүндтэй байсан, Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхрийг "гадаадын тагнуулч"-ийн бүртгэлд оруулсан. Тодруулбал, дайныг шүүмжилсэн дуучин, хөтлөгч Максим Галкиныг Украины нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаа явуулж, санхүүжилт авсан гэх үндэслэлээр тус улсын Хууль зүйн яам өнгөрсөн Бямба гаригт ийн шийджээ.
Алдарт дуучин Алла Пугачева инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртэйгээ адилхан "гадаад тагнуулч"-ийн жагсаалтад орох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.
Алла Пугачева ба түүний нөхөр Максим Галкин нар гуравдугаар сарын эхээр есөн настай ихрүүдийнхээ хамт Израиль руу явжээ. Өдгөө 46 настай Галкин дайн эхэлсэн анхны өдөр л инстаграм хуудастаа эсэргүүцсэн мэдэгдэл хийж байв. “Би яг одоо юу мэдэрч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Ийм зүйл яаж байж болдог юм бэ? Дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дайнд үгүй гэж хэлье” гэж бичиж байв.
ОХУ-ын хуульд улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй байгууллага, хувь хүмүүсийг гадаадаас санхүүждэг төлөөлөгч гэж зарлахыг зөвшөөрдөг. Ийн нэрлэх нь хүчтэй гутаан доромжлох утга агуулах ба засгийн газрын хяналт дор байгааг илэрхийлнэ.
Алла Пугачева өдгөө 73 настай. Тэрбээр 1970-аад оноос эхлэн одоог хүртэл Оросын алдартай дуучин хэвээр байгаа юм.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ