Улаанбаатарын авто худалдааны төвүүдийн нэг нь “Да Хүрээ” зах. Хүйтэн сэрүүний улиралд автомашин авах хүний тоо багасдаг ч хөл хөдөлгөөн барагтаа тасардаггүй тус төв амралтын нам гүм байх болжээ. Худалдаачид нөхцөл байдалтайгаа хэдийнэ дасан зохицож, зогсоолд байршуулсан автомашинаа арчиж, цэвэрлэн цаг өнгөрөөнө.
Хаа нэг зорьж ирэх худалдан авагчид автомашин сонирхох ч бэлэн мөнгөөр авах нь цөөхөн. Сүүлийн үед арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага зээлээ хааснаас болж машины худалдаа зогссон болохыг ченжүүд хэлж байлаа.
“Да Хүрээ” авто зах 1500 машины зогсоолтой. Худалдаачид Солонгос машин оруулж ирэх нь багасч, гол төлөв Япон машин оруулж ирж байгаа аж. Учир нь солонгос машин хямд ч чанар муутай тул иргэд япон машин авч унахыг хүсдэг. Наадмын үеийг бодоход автомашины үнэ тогтворжиж буй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээлийн хязгаар тогтоосны улмаас худалдан авалт муудаж, шинэ автомашины таталт ч багасчээ.
НЭГ КОНТЕЙНЕР ТЭЭВРИЙН ҮНЭ 17 САЯ ТӨГРӨГӨӨС БУУРААГҮЙ
Тус захад 5-10 жил автомашины худалдаа эрхэлж буй ченжүүдээс мэдээлэл авахад “Банкууд зээл хаасан, эдийн засаг хүндрэлтэй байгаа учир автомашины татан авалт муудсан. Хоёр сард нэг удаа татан авалт хийж байна. Тээврийн гацаа арилсан ч нэг автомашинтай чингэлэгийн зардал 6500-7200 ам.доллараас огт буураагүй. Багадаа 16 сая төгрөгийг чингэлэгт өгч байна.
Хүмүүс ченжүүд өндөр үнэ нэмж зардаг гэдэг. Гэхдээ бид тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, бусад төлбөрөө төлөөд, нэг автомашинаас 2-3 сая төгрөгийн ашиг олдог.
Сард дээд тал нь таван машин зарж байна. Уг нь зээл хэвийн олговол сардаа 10 автомашин зарах боломжтой” гэлээ. Эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын хямралаас шалтгаалж автомашин гэлтгүй бүхий л салбарт "бэлэн мөнгөний" эргэлт тэг зогсчээ. Инфляци, үнийн өсөлт, импортын татан авалтаас шалтгаалж асуудлууд учирч буйг ченжүүд хэлж байсан юм. Иргэдийн эрэлт нь буураагүй автомашин бол бензин бага иддэг, үнэ боломжийн гэх Приус 20, 30 аж. Үнийн хувьд 18-28 сая төгрөгийн хооронд зарагдаж байна.
Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр автомашин авах иргэд урьдчилгаа 20-30 хувь буюу 5-8 сая төгрөг төлж, гурван жилийн хугацаанд хуваан төлөх боломжтой.
ББСБ-УУД УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖИЛ ХИЙДЭГ ХҮНД АВТОМАШИНЫ ЗЭЭЛ ОЛГОХОО ЗОГСООЖЭЭ
Банк бус санхүүгийн байгууллагынхан тодорхой хэмжээнд зээл гаргаж байна. Гэхдээ тэд улирлын чанартай ажил хийдэг хүмүүст зээл олгохоо больжээ. Тухайлбал, барилгын салбарт ажилладаг хүнд банк бус санхүүгийн байгууллага орлого нотлохгүй зээл олгохоо сүүлийн сард хязгаарласан байна.
Шалгуур үзүүлэлт хангаж, худалдагч, худалдан авагч хоорондоо тохиролцсон ч эдийн засаг хүнд байгаа энэ үед зээлийг урьдынх шиг гаргах нь эрсдэлтэй болохыг зарим ББСБ-ынхан хэлсэн юм.
Тиймээс урьдчилгаа 20-30 хувийн төлөлт хийж, 24-36 сарын хугацаатайгаар автомашин авах иргэд улирлын чанартай ажил хийдэг тохиолдолд зээл олгохгүй байгаа аж. Ченжүүдийг амьжиргаагаа залгуулахад тусалж байсан гол нэгж ийнхүү хязгаарлалт тогтоосон нь зах зээлийг хумьж буйг ч худалдаачид хэлж байв. Учир нь автомашин сонирхож байгаа иргэд давхар цалин, орон сууцны зээлтэй байгаа учраас ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авах нь бий. Төлөлт болоод хугацааны хувьд харьцангуй дажгүй учраас хүмүүс сонгодог байна. Гэвч арилжааны банкаас зээл авах боломжгүй иргэдэд энэ боломж мөн хаалттай болжээ.
ДОЛЛАРЫН ХАНШ ӨСВӨЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ
Автомашины худалдаа эрхэлж буй хүмүүст өнөөгийн нөхцөл байдал амаргүй тусч байгаа ч үнээ нэмэхгүй байх нь чухал. Тиймээс эдийн засаг хямралтай байгаа энэ үед худалдаагаа тогтвортой байлгахын тулд зээл олголт хэвийн болохыг хүлээж байгаагаа худалдаачид хэлсэн юм. Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 60 төгрөгөөр өссөн. Цаашид ирэх саруудад ам.долларын ханш улам өсөхийг эдийн засагчид анхааруулж буй.
Хэрэв ам.долларын ханш өссөөр байвал худалдаа эрхлэгчид хагас жилд л нэг удаа татан авалт хийх аж. Ингэснээр эдийн засагт ч сөрөг нөлөөтэй. Мөн автомашины худалдан авалт буурснаас гадна сэлбэгийн борлуулалт ч эрс багассан байна. Тиймээс худалдаачид тээврийн үнэ хөлсийг бууруулахад анхаарч, зээл олголтыг хэвийн болгоход анхаарахыг холбогдох албаныхнаас хүсэв.
УБТЗ ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЭВИЙН ЯВУУЛАХАД АНХААРЧ БАЙНА
"УБТЗЗ" ХНН-ийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-УБТЗ нийт 84 өртөө зөрлөгтэйгөөс 39 өртөөнд ачаа ачиж, буулгаж байна. Найман өртөө чингэлгийн тээвэрт нээлттэй байдаг. Хятадын Тяньжин боомтод манай олон тооны чингэлэг энэ оны 1-2 дугаар сард гацсан. Би 10 мянган чингэлэг татан авсан. Бид Засгийн газар, ЗХТХ, ГХЯ-ны дэмжлэгээр татан авах хэрээр шинэ чингэлгүүд ирсээр байна. Хятадын төмөр зам, ГХЯ энэ ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо тус боомтод 1400 орчим чингэлэг байгаа нь хэвийн тоо юм.
2018-2022 онд чингэлэг тээвэр ихээхэн өссөн. 2019 онд 67 мянган чингэлэг байсан бол энэ оны эхний наймдугаар сард 68 мянга болсон. Үүнд импортын ачааны өсөлт голлон нөлөөлж байна.
Энэ оны эхний найман сард хоногт хоёр галт тэрэг буюу 100 чингэлэг оруулж ирсэн. Зургадугаар сард хамгийн их ачаалалтай байсан. Цаашид цар тахлын тархалт буурвал нөхцөл байдал ч хэвийн болно.
Холбоотой мэдээ