Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

Улстөрждөггүй сэдэв ба бүхнийг мэддэг тэмцэгчид!

Хавар болохоор сэтгэцийн өвчин нь хөдөлдөг гэдэг шиг улс орны бүтээн байгуулалт, аливаа хэлэлцээр, ер нь бүх л юмыг эсэргүүцэгч, шүүмжлэгчдийн бүхэл бүтэн “арми”-тай болоод удаж буй, монголчууд. Энэ армийн эсэргүүцэл олон янз. Нэг хэсэг нь талбай дээр гарч, жагсаал тэмцэл хийдэг бол нэг хэсэг нь зөвхөн сошиал орчинд олныг төөрөгдүүлсэн, турхирсан үйлдэл гаргана. Бас нөгөө хэсэг нь хуурамч эх орончдын дүр эсгэдэг, бүр Төрийн ордонд зүсээ хувирган суудаг гэвэл буруудамгүй. Эсэргүүцэгчид, тэмцэгчид их олон дүрд хувирч чаддаг нь гайхалтай.

Нэг хэсэг зөвхөн Оюутолгой гэсэн “мангас”-тай байсан тэмцэгчид маань одоо гадаад бодлого, бүтээн байгуулалт, хоёр хөршийг үзэн ядагчид гээд өнгө, зүсээ хувиргасаар, үг үйлдэл нь шинэчлэгдсэн ч нөгөө л эсэргүүцэгч, эх орончдын арми хэвээрээ. Үг хэлэх эрх чөлөө нь бий цагт тэмцэгч, эх оронч бүрийг буруутгаж болохгүй ч гадаад бодлого, улс орны эдийн засагтай холбоотой сэдвүүдийг л орхиж сурмаар байна, бид. Яг л тэмцэгч, хуурамч эх орончдын гавьяагаар бид олон боломжийг алдсан. Үүний хамгийн тод жишээ нь төмөр зам. Нарийн царигтай төмөр зам баривал танктай хятадууд орж ирээд, биднийг эзэлчихнэ гэсэн ганцхан үгийн гайгаар бид өнөөдөр ч нүүрсээ машинаар зөөсөөр, цаг алдсаар. Харин бидний алдагдсан боломжийн үнэ цэнэ хэд бол, тоолохоос ч эмээх.

Цар тахлын дараах эдийн засаг, гадаад айлчлалууд сэргэж, сүүлийн хэдэн сар зочид ихтэй байна, монголчууд. Гадаад, дотоодын айлчлалууд сэргэх хэрээр эдийн засагт том өөрчлөлтүүд авчрах учиртай. Хоёр том хөршийн дунд орших Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг, гуравдагч хөршийн бодлого баримталдаг улс. Тиймдээ ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралд оролцоод “Бид ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална”, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж “Бид Эгийн голын усан цахилгаан станцаа барина” хэмээн ам бардам хэлж, алтан дунджаа барьж байгаагаа илэрхийлээд ирэв. Энэ мэт үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг төрийн гурван өндөрлөг нь, парламент шийдчихдэг ч монголчууд бүгдээрээ сошиалаараа хэлэлцэж, хэмлэдэг зангаараа дуугуй өнгөрсөнгүй, гадаад бодлогын асуудалд.

Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр, энэ улсыг дэлхийн тавцанд тоглогч болоход нөлөөлсөн Оюутолгой төсөл үзэглэсэн цагаасаа эхлэн эсэргүүцэгчдийн, улстөрчдийн, шүүмжлэгчдийн бай болсоор ирсэн. Угтаа бол энэ төсөл уул уурхайгаараа орлого олдог Монгол Улсад хамгийн том эрх ашиг, эдийн засгийн боломжууд авчирсан төсөл. Төсөл сайн, муу гэхээс илүү ашиг хонжоо хайсан улстөрчид, уул уурхайг эсэргүүцэгч гээд зоологчид олонтой сэдэв байлаа. Одоо Оюутолгой төсөлтэй холбоотой хэлцэл, хэлэлцээр, тохиролцоо нэг талдаа гарч, өнөөдөр энэ сэдэв моданаас гарсан.

Сүүлийн 10 жилийн турш Оюутолгой гэдэг ганцхан “мангас”-тай байсан монголчууд өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станц, хоёр хөршийн бодлого, гадаад бодлого гээд олон нийтийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан гээд олон эрх ашигтай “мангас”-уудтай болжээ. Засгийн газар толгойлж байгаа Ерөнхий сайд бүр нэг том төсөл эхлүүлэх амбицтай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаад “Эгийн голын усан цахилгаан станц”-ын ажлыг эхлүүлэх зорилготой. Тиймээс ч тэр гаднын хөрөнгө оруулалт татаж, Ховдын Засаг даргаар “өөрийн” хүнээ томилуулсан гээд бэлтгэлээ ерөнхийд нь базааж буй.  Тэгвэл бас л усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэгчдийн арми, эх орноо хамгаалагчид гарч ирээд, сэлмээ ирлээд эхэлжээ. Энэ удаад тэдний гол дүр нь малчид. Хэрэв усан цахилгаан станц баривал газар нутаг, тэнд амьдарч буй малчид бэлчээргүй, уух уусгүй болоод дуусах гэнэ. Угтаа бол усан цахилгаан станцын төсөл нь ОХУ-аас эрчим хүчээр хараат баруун аймгуудыг эрчим хүчээр хангах чухал төсөл.

Бид ийм л эх оронч бус, улс орны эрх ашгаа боддоггүй зөвхөн хувийн ашиг хонжоо хайсан хуурамч эх орончид олонтой болжээ. Цаашид ч эх орончийн дүрээр хонины арьс нөмөрсөн чоныг олон харах биз ээ. Эцсийн дүндээ хоёр хөршийн дунд оршиж буй жижигхэн улсын том эрх ашгийн төлөө учрыг тунгааж, нэгийг бодох цаг болжээ, бид. Дэлхий хувьсан өөрчлөгдөж, цаг минутаар хөгжиж байгаатай адил хуурамч эх орончид, дүр эсгэсэн тэмцэгчдийн үнэн төрхийг уншдаг, мэддэг болсон шүү, монголчууд. Монголын нийгэмд шийдэх ёстой, ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой асуудал байгаа нь үнэн ч шийдэх арга зам нь өөрсдийгөө эх оронч гэсэн хуурамч дүр эсгэгчид, сайн дураараа тэмцэгчдийн бодлогогүй улайрал бүүр ч хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж