ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын төр, засгийн тэргүүнүүд, тэр ч бүү хэл Хатан хаан II Элизабеттай уулзахдаа ч хэдэн минутаас хэдэн цагаар хоцордог. Тухайлбал, тэрбээр 2003 онд хатан хаантай уулзахдаа 14 минут хоцорсон бол 2013 онд Ромын пап Францистай анх удаа уулзахдаа 50 минут хүлээлгэж байв. Оросын талыг баримтлагч гэгддэг, Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг Кремльд хүлээн авч уулзахдаа бүхэл бүтэн дөрвөн цаг хүлээлгэжээ.
Үүгээр ч зогсохгүй Путин 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керриг Москвад айлчлах үеэр нь хүлээн авч уулзахдаа гурван цаг хоцорсоноос болж тэрбээр Улаан талбайгаар нэлээд удаан алхсан удаатай. Европын орны удирдлагууд ч Путиныг хэдэн цагаар хүлээдэг тухай мэдээлдэг. Гэвч хэн ч Путиныг хүлээхээсээ залхаж, уулзалтыг орхиж явсан удаагүй. Энэ нь Путиныг хүндэлж буйн илрэл бөгөөд түүний олон улсын улс төрд эзлэх байр суурь, нэр хүндийг илтгэж буй хэрэг. Мөн энэ бол экс тагнуулчийн сэтгэлзүйн "тоглолт" хийх бодлогын нэг хэсэг юм.
Гэвч Украинд дайн эхлүүлснээс хойш Путины нэр хүнд олон улсад унаж, нөхцөл байдал өөрчлөгджээ. Үүний тод илрэл нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Путиныг хүлээлгэж "зүрхэлсэн" байна. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Киргизстан улсын Ерөнхийлөгч өнгөрсөн Пүрэв гаригт Узбекистаны Самарканд хотод Путинтэй уулзахдаа 45 секунд хоцорчээ. Тэрбээр өөрийн улсад ч биш, хөрш оронд зохиогдсон олон улсын хурлын үеэр ганцаарчилж уулзахдаа Путиныг хүлээлгэсэн нь яагаад ч энгийн хэрэг биш. Путин гол санаагаа тэмдэглэсэн картаа барин, Садыр Жапаровыг хүлээн эвгүй байдалтай зогсож байгаа нь дүрс бичлэгт бичигдэн үлджээ. Энэхүү 45 секунд Путины нэр хүнд дэлхийн улс төрд хэрхэн унасныг гэрчилсэн гэж ажиглагчид дүгнэж байна.
Үүнээс гадна бүс нутаг дахь хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаа нь Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа Путины үгээ цэгнэсэн мэдэгдлээс тодорхой ажиглагджээ. Энэ нь ирэх аравдугаар сард эрх мэдлээ бэхжүүлж, бүрэн эрхээ сунгахаар зэхэж буй Ши Жиньпиний хувьд Covid-19 цар тахлаас хойш анх удаа хийсэн гадаад айлчлал байсан. ШХАБ-ын хурал Азийн хүчирхэг хүмүүсийн цугларалт гэж нэрлэгдсэн ч эртний "Торгоны зам"-ын цөлөрхөг Самарканд хотод хэн нь бүс нутагтаа илүү нэр хүндтэй байгааг илэрхийлжээ.
В.Путин "ОХУ-аас Украинд хийж буй дайнд Хятадын санаа зовниж буй асуудлуудыг ойлгож байна" гэж Ши Жиньпинд хэлсэн. Энэ нь Украины зөрчилд Москва, Бээжин тодорхой хэмжээнд өөр байр суурьтай байгааг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Мөн тэрбээр Бээжингийн "тэнцвэртэй байр суурь"-ийг сайшаасан. Гэтэл Ши Жиньпин яриандаа Украины нэрийг ганц ч удаа дурдаагүй бөгөөд "Хятад улс их гүрнүүдийн хариуцлагыг харуулж, "эмх замбараагүй ертөнцөд тогтвортой байдал, эерэг энерги бий болгохын тулд Оростой хамтран ажиллахад бэлэн" гэж хэлсэн.
Үүнээс гадна Оросын түрэмгийллийг шууд буруушаахаас зайлсхийж байсан Энэтхэгийн тал ч зоригтойгоор үгээ хэлсэн. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын төрийн тэргүүнд хандан "Одоо дайн хийх цаг биш" гэж онцлоод, ардчилал, дипломат хэлэлцээний ач холбогдлын тухай ярьсан байна. Хариуд нь Путин "Үүнийг аль болох хурдан дуусгахын тулд Кремль чадах бүхнээ хийнэ" гэж хэлжээ.
Ийнхүү бүс нутгийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж, ОХУ тулааны талбарт ухарсан нь Путины нөлөө буурч буйг илэрхийлж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Тэгвэл өөртөө гай дуудсан энэ нөхцөл байдлаас Путиныг хэн аврах вэ? Москватай удаан хугацаанд хамтрагчийн харилцаатай явж ирсэн Хятад улс энэ нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх үү?
ХЯТАД УЛС ОРОСЫН САЙН НӨХӨР МӨН ҮҮ?
Гадаад бодлогын судалгааны институт (FPR)-ийн шинжээч Максимилиан Хесс "Евразийн эх газарт хүчний тэнцвэр хаашаа эргэж байгааг тодорхой харуулсан үйл явдал боллоо" гэж ШХАБ-ын уулзалтыг дүгнэжээ. Вашингтонд төвтэй Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ахлах шинжээч Александр Габуев тайлбарлахдаа, Орос-Хятадын харилцаа тэнцвэрээ алдаж, Бээжин давамгайлах болсныг онцолсон. Тэрбээр "ОХУ Хятадыг түшиглэх болсон. Гэвч тэдний харилцаа хэтэрхий тэгш бус байна. Хятад илт хүчтэй хамтрагч болсон байна" гэж мэдэгджээ. Александр Габуев "Өөрөөр хэлбэл, Хятад нь Оросын эгог тааламжтай үгсээрээ чадварлагаар удирдаж байна. Мэдээж "нөхөрсөг" орнуудаа нэг нэгээр нь алдаж буй ОХУ-ын хувьд Путин даруу төлөв байхаас өөр замгүй" гэж тайлбарлажээ.
Олон улсын харилцааны шинжээч Бобо Ло "Путин дэлхийн дэг журмыг өөрчлөхөөр "цуст дайн" эхлүүлсэн зорилго Хятадад ч хамаатай. Тиймээс тэд нэгэндээ сайн хандах нь аргагүй. Өмнө нь Бээжинд болсон өвлийн олимпийн наадамд зориулан гаргасан ОХУ, Хятадын хамтарсан мэдэгдэлд хоёр талын харилцаанд хамтын ажиллагааны "хориотой бүс", эсвэл "хязгаар" байхгүйг онцолж байв. Гэтэл Орос, Хятадын харилцаа үргэлж найрсаг явж ирээгүйг санах хэрэгтэй. Бараг 25 жилийн турш хоёр орон "хүйтэн дайн"-ы өрсөлдөгчид байсан бөгөөд 1960-аад оны үеийн хилийн маргаан, Афганистан, Вьетнамын түрэмгийллээс үүдэн зөрчилдсөн түүх ч бий. Үнэндээ Орос, Хятадын харилцаа тухтай байдал, үзэл сурталд тулгуурласан бөгөөд ам.долларын эсрэг хамтарсан тэмцэл, худалдааны харилцан ашгийг хардаг. Ямартай ч Хятадад аж үйлдвэрүүдээ ажиллуулах түлш хэрэгтэй. Харин ОХУ-д эдийн засгаа босгохын тулд бэлэн мөнгө, технологи хэрэгтэй. Мөн хоёуланд нь найз хэрэгтэй" гэж тодорхойлжээ.
Москва, Бээжингийн худалдааны харилцаа өргөжиж байгаа мэт боловч ОХУ Хятадын нийт худалдааны эргэлтийн багахан хувийг эзэлсэн хэвээр байна. Хоёр орны худалдааны эргэлт энэ оны эхний найман сард 31 хувиар өсч, 117.2 тэрбум ам.долларт хүрсэн. Гэтэл Хятадын нийт худалдааны эргэлтийн 2.8 хувийг ОХУ эзэлжээ.
"Capital Economics" байгууллагын эдийн засагч Уилльям Жаксоны тайлбарласнаар, "Хятад улсын эдийн засаг олон улсын эдийн засагтай илүү холбогдсон, илүү өргөн эдийн засаг. Тиймээс ОХУ Хятадаас илүү хараат болохоос өөр аргагүй. Гэтэл Бээжингийн хувьд баруун бол Оросоос хамаагүй том зах зээл. Тиймээс ОХУ-аас болж барууны хоригт орохоос Бээжин болгоомжилно" гэв.
ХИЙН ХООЛОЙНУУД
ОХУ-ын хувьд газрын тос, байгалийн хийн экспортын орлого нь улсын төсвийн гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг. Гэвч Европын холбоо болон бусад орнуудад хий нийлүүлэх боломжгүй болсноор Путин бодлогоо Дорно зүгт чиглүүлэхэд хүрсэн аж. Дайны эхний 100 хоногт нефть, байгалийн хийн үнэ огцом нэмэгдсэнээр ОХУ 1 тэрбум ам.долларын ашиг олсон. Гэвч барууны хориг ОХУ-ын орлогын эх үүсвэрүүдийг боомилж, бэлэн мөнгөний урсгалыг тасалдуулж эхэлснээр ОХУ буланд шахагджээ. Улмаар ОХУ "нөхөрсөг" орнууд гэгдэх Хятад, Энэтхэг Турк улсад газрын тосоо хямдруулсан үнээр худалдахад хүрсэн. ОХУ-ын байгалийн хий, газрын тосны орлого 2021 оны зургадугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрч, 13 хувиар буурчээ.
ОХУ "Сибирийн хүч-2" хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барьж, Хятад руу нийлүүлэхээр төлөвлөж буй. Уг хоолойг барьснаар жилд 50 тэрбум куб.метр байгалийн хий ОХУ-аас Хятад руу урсана. Энэ нь ОХУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 33 хувьтай тэнцэх юм. "Сибирийн хүч-2" хийн хоолой Герман руу татахаар төлөвлөсөн "Умардын урсгал-2" хийн хоолойг орлоно. "Сибирийн хүч-1" хийн хоолой 2006 онд ашиглалтад орсноос хойш ОХУ Хятад руу байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулсан. Уг гэрээг залгамжлах "Сибирийн хүч-2" хоолойг 2024 оноос барьж эхлэхээр төлөвлөж байна.
Габуев "ОХУ-ын хувьд байгалийн хийгээ зарах том зах зээл Хятадаас өөр байхгүй. Тиймээс уг хоолойг барих нь хамгийн хялбар арга бөгөөд хоёр оронд харилцан ашигтай. Хятадын хувьд хамгийн хямдаар байгалийн хий авах боломж бүрдэнэ. Гол асуудал нь Монгол бол уг төсөлд найдвартай хамтарч биш" гэж мэдэгджээ.
"Умардын урсгал-1" хоолойгоор хийн нийлүүлэлт ойрын хугацаанд эргэн сэргэх найдлага бага байна. Гэсэн ч ОХУ Европ руу байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоохгүй гэж ажиглагчид дүгнэжээ. Хар тэнгисийн доогуур татсан Туркийн урсгал хоолойгоор Турк, Серби, Унгар руу хий нийлүүлсээр байх нь үнэ өндөр үед Оросын төрийн өмчит "Газпром" компанид ашигтай хэвээр байна.
ОХУ ЦААШДАА ИРАН ШИГ БОЛНО
Барууны алдартай түргэн хоолны сүлжээ "McDonald’s" Оросоос гарсан ч өөр нэртэйгээр (Вкусно и точка) амт нь хэвээр үлдсэн тухай Москвад суурьшсан шинжээчид хэлж байна. Энэ бол Украинд дайн эхлүүлснийг эсэргүүцэн, ОХУ-аас гарсан барууны брэндүүдийг орлон, дотоодын фирмүүд байгуулагдаж буй жишээ. Хэдийгээр барууны брэндүүд, Москвад хаалгаа хаасан ч баячууд Истамбул руу нисч "Zara", "H&M" зэрэг брэндүүдийг худалдан авах болжээ. Дайн эхэлснээс хойш ОХУ-аас олон хүн гадагшаа "дүрвэсэн" бөгөөд дотоодод бараа, бүтээгдэхүүний үнэ хөөрөгджээ.
Хэдийгээр ОХУ эдийн засгийн тодорхой тоон мэдээлэл нийтлэхээ больсон ч "Capital Economics"-ийн шинжээчдийн тооцоолсноор, нөхцөл байдал таамагласнаас харьцангуй сайн байгаа аж. "Дотоодын бондын зах зээлд эргэн төвлөрөх болсноор рублийн ханш чангарахад нөлөөлсөн. Энэ нь алсдаа инфляци буурна гэсэн үг. Улмаар ОХУ-ын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 7.5 хувиар бууруулсан. Нөгөө талд эрчим хүчний ханш өссөөр байгаа учир ОХУ илүү бат байр суурьтай байна. Гэхдээ гадаад бондууд дефолт болох эрсдэл санаа зовоосон асуудал юм. ОХУ юаниар зээл авах нь нэмэгдсэн ба Хятадын мөнгөн тэмдэгт ам.долларын зах зээлээс давах хандлагатай байна.
Барууны хориг ОХУ-ын эдийн засагт шууд нөлөөлж эхлэхэд багагүй хугацаа шаардлагатай аж. Хоригийн нөлөө жилийн дараагаас л ОХУ-д мэдэгдэж эхлэх гэнэ. ОХУ хоригоос болж ослын дэр, тормозны түгжээний эсрэг систем зэрэг аюулгүй байдлын эд ангигүй автомашин үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг хичээж байна. Оросын нэгэн шинжээч "Та зөвхөн дэлгүүр орохын тулд "Формула-1″-ийн нисэгч болно" гэж хошигножээ.
Шинжээчид "Олон улс технологийн салбарт хагас дамжуулагч үйлдвэрлэх гол өрсөлдөөнд орсон боловч ОХУ үүнээс 10-15 жилээр хоцрогдсон. Тиймээс тэд Хятадыг тус технологийг эзэмших хүртэл хүлээх шаардлагатай болж байна. Орчин үеийн чипний технологиос өмнөх 1990-ээд оны технологитой автомашин, цахилгаан хэрэгсэл гээд төсөөлөөд үз дээ? ОХУ цаашдаа яг Иран шиг болно" гэж дүгнэж байна. Тэд "Алсдаа ОХУ-ын Ерөнхийлөгч бусад орны удирдагчдыг ирж туслахыг илүү удаан хүлээх болно" гэв.
Холбоотой мэдээ