Монгол Улс энэ оны эхний найман сард нийт 153 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум буюу 32.7 хувиар, экспорт 2.2 тэрбум буюу 38.7 хувиар, импорт 1.1 тэрбум буюу 38.7 хувиар тус тус өсжээ.
Мөн 2022 оны наймдугаар сард экспорт өмнөх сараас 135 сая ам.доллараар, импорт 22.4 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Зураг 1. Экспорт, гол түнш улсаар /жил бүрийн эхний найман сарын байдлаар/
БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 53 хувийг чулуун нүүрс, 30.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлж байна.
Экспорт 2022 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрс ба алтны экспорт өссөн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, нүүрсний экспорт 2.6 тэрбум, алтны экспорт 253 сая ам.доллараар тус тус өссөн байна. Мөн экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийн хилийн дундаж үнэ энэ оны наймдугаар сард өмнөх сараас буурсан байна. Тухайлбал, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 44.8 ам.доллараар, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 239.7 ам.доллараар тус тус буурчээ.
Холбоотой мэдээ