Бундестагийн төлөөлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Бундестагийн төлөөлөгчтэй уулзав

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсад зочилж байгаа ХБНГУ-ын Бундестагийн Батлан хамгаалах бодлогын байнгын хорооны орлогч дарга доктор Карл А.Ламерсийг өнөөдөр хүлээн авч уулзав.

      Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт амжилттай хөгжиж байгаа. Герман улс нь Монгол орны ардчилал, шинэчлэлийн үйл явцыг анхнаас нь дэмжиж өнгөрсөн 20 жилийн хугацаанд 300-гаад сая еврогийн зээл, буцалтгүй тусламж үзүүлж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр дундаа сонгуулийн тогтолцоо, ардчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон удаагийн сургалт семинар зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч буйд сэтгэл өндөр байдгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ.

    Түүнчлэн УИХ, Бундестагийн хоорондын хамтын ажиллагаа улам өргөжиж, парламентын гишүүдийн уулзалт, харилцан айлчлал тогтмолжиж буйн нэг илрэл нь Бундестагийн Батлан хамгаалахын байнгын хорооны орлогч даргын энэ удаагийн айлчлал юм гэдгийг онцлов. Батлан хамгаалахын асуудал нь хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр эзэлдэг, Монголын цэрэг дайчид Афганистанд энхийг сахиулах сэргээн босгох ажиллагаанд Германы цэргийн командын удирдлага дор үүргээ амжилттай гүйцэтгэж буйг УИХ-ын дарга онцлоод өөрийн орны цэргийн мэргэжилтнүүдийг Герман улсад бэлтгэх, дадлагажуулах саналтай байгаагаа илэрхийлллээ.

    Ноён Карл А. Ламерс хэлэхдээ, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг, хоёр их хөрштэйгээ гадаад бодлогын хувьд найрсаг тэнцвэртэй харилцаатай, ардчиллыг хөгжүүлж буй Монгол орныг германчууд сайн мэддэггүй ч байж магадгүй. Гэлээ ч Монгол бол 20 жил ардчилал, зах зээлийн замаар хөгжиж бүс нутагтаа үлгэр жишээ болж буй орон. Ашигт малтмалаар баян Монгол орон, техник технологийн баялаг туршлагатай Герман улс, Европын орнуудын хооронд хамтран ажиллах ихээхэн боломж бий. Иймээс би Бундестагийн гишүүний хувьд Монгол орныг өөрийн оронд төдийгүй Европт таниулж сурталчлахын төлөө хичээх болно гэлээ.

     Тэрбээр хоёр орон аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр бие биеэ бүрэн ойлгож харилцдаг талаар УИХ-ын даргатай санал нэгтэй буйгаа онцлоод хэрвээ Монгол Улс сонирхлоо илэрхийлбэл НАТО-гийн парламентын гишүүдийн төвшинд батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар санал солилцож хамтран ажиллах боломжтойг дурьдав. Дэлхийн 28 улс НАТО-гийн парламентын гишүүн орны бүрэлдэхүүнд багтдаг юм байна.

    УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд Монгол орны талаар таатай бодол  сэтгэгдэлтэй явдагт нь ноён Карл А. Ламерст талархал илэрхийлээд Монгол Улс ХБНГУ-тай харилцах харилцаагаа стратегийн түншлэлийн төвшинд хүргэх таатай боломж ирээдүй бий гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

    Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж