Эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.18-нд нийтлэгдсэн

Эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна

Эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна

Үргүйдэл нь сүүлийн жилүүдэд зургаан хос тутмын нэгд тохиолддог өвчин болжээ. Гэтэл үргүйдлийг ихэвчлэн эмэгтэйчүүдийн асуудал мэт ойлгож , эрэгтэйчүүдийн үргүйдлийг тэр бүр анзаардаггүй. Үүний талаар Анагаах ухааны магистр, “Алтан жор” андрологи клиник лабораторийн эрхлэгч С.Арнабекээс тодрууллаа.


-Сүүлийн жилүүдэд үргүйдлийн талаар их ярих боллоо. Энэ дундаа эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан юунд байна вэ?

-Хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчин, гормон, фитнесийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн үед манай улсад эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Монгол улсад бэлгийн замын зонхилон тохиолдож байгаа өвчлөл нь "Chlamydia trachomatis" гэх халдвар. Судалгаанд оролцсон иргэдийн  27 хувийг уг өвчин эзэлж байна. Халдвар авсны дараа жирийн шинжилгээ өгөхөд халдвартай үгүй нь илрэхгүй. Үүнийг эсрэг биеийн урвал, PCR буюу молекул биологийн шинжилгээний аргуудаар илрүүлэх боломжтой. Энэ нь далд байдаг учраас тархах магадлал  өндөр. Уг өвчнийг авснаа хүмүүсийн 80 хувь нь мэддэггүй тул цаашлаад эрэгтэйчүүдийн даавар, төмсөг, түрүү булчирхайг үрэвсүүлээд үргүйдэлд хүргэж байгаа юм.

-Үргүйдлээр ямар судалгаа хийсэн бэ?

-Үргүйдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор 2017-2019 оны хооронд үргүйдлийн судалгааг хийсэн юм. Судалгаанд нөхөн үржихүйн насны 1914 хүнд үргүйдлийн түвшин, бэлгийн замын халдварт өвчин ямар байгаа талаар судаллаа. Судалгааг эмнэлэгт суурилсан, агшингийн судалгааны загварыг ашиглан хийв. Уг судалгааг хийхдээ үрийн шингэн болон цусны шинжилгээнд тулгуурлан авсан. Үүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2012 оны стандартын дагуу шинэчилсэн бөгөөд түүнд байгаа үрэвсэл, бактери зэргийг шинжилдэг.  Нийт судалгаанд оролцсон 1914 хүний 60,4 хувь нь эрүүл байгаа бол 39,6 хувь нь өөрчлөлттэй буюу хэвийн бус гарсан. Судалгааг хийж байх явцад төмсгийн сүрьеэ гэх маш ховор тохиолдол гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувь нь ямар нэг байдлаар үр тогтоох чадвар нь суларсан байна гэсэн үг.

-Бэлгийн замын өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатай байна вэ?

Эхлээд бага ангид байхад нь хүүхдэд хувийн ариун цэврээ хэрхэн сахих талаар заах хэрэгтэй. Харин ахлах ангид нь бэлгийн боловсролыг олгох шаардлагатай байна. Ингэснээр өвчлөл буурах магадлал их болно.

Б. Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж