Хятадын удирдагч Ши Жиньпин өнгөрсөн Лхагва гаригт Казахстаны Нурсултан хотод албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр пап лам Францис дэлхийн шашны удирдагчдын их хуралд оролцохоор мөн тус хотноо ирээд байжээ. Пап лам БНХАУ-ын даргатай уулзахад бэлэн байна гэж тухайн үед мэдэгдсэн. Гэвч Хятад улс татгалзжээ.
Тодруулбал, пап ламыг дагалдан яваа сэтгүүлчид Мягмар гаригт түүнээс Ши Жиньпинтэй уулзах уу гэж асуусан. Пап лам “Надад энэ талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл алга” гэж илэн далангүй хариулсан байна. “Хятад руу явахад бэлэн үү?” гэсэн асуултад пап лам “Би хэзээд бэлэн байна” гэжээ.
Хятадын тал энэхүү саналыг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн боловч Ши Жиньпин даргын хуваарьт сул цаг байхгүй гэж хэлжээ. Хэдий богинохон ч энэ хоёр хүний уулзалт түүхэн байх байсныг “SCMP” цахим хуудас онцлов. Пап лам Францис түүхэн таагүй харилцааг зөөлрүүлэхийг хичээсэн боловч талаар болсон бололтой. Тэрбээр долдугаар сард өгсөн ярилцлагадаа Хятад дахь католик шашны хамба лам нарыг томилох тухай маргаантай хэлэлцээрийг дахин сэргээнэ гэж найдаж буйгаа хэлж байв.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ